Ийм нэгэн явдал

 

Хүний амьдрал хачин сонин үйл явдлаар дүүрэн байх юм даа. Хэдэн жилийн өмнө Европын нэг улсад ийм нэгэн явдал болжээ. Марк гэгч таксины жолооч залуу ажлаа хийгээд явж байтал юу юугүй төрөх дөхсөн, тогоон чинээ гэдэстэй залуу эмэгтэй зам дээр гараа өргөөд зогсож байх юм гэнэ. Марк өнөөх эмэгтэйг суулгатал төрөх рүү хүргэж өгөөч гэж арайхийн хэлжээ.

Замдаа дуншиж өвдөн орь дуу тавиад их л зовж шаналж байлаа. Мань эр сандран аль болох хурдан очихоор авхаалж самбаагаа дайчилж, түүний хажуугаар машин дотор минь төрчих вий, үгүй дээ л ус цас нь гарчих вий гэхээс яс нь хавтайж, хар хөлс нь цутгаж байлаа. Арайхийж нэг юм эмнэлэг дээр очоод зайлуул ганцааранг нь буулгалтай биш өнөөх эмэгтэйг түшин явсаар бүр оруулж өгчээ. Гэтэл эмнэлгийн нэг ажилтан түүнээс утас хаягаа өгөхийг шаардахад, Марк нөгөө эмэгтэйгээс болоод балмагдсан сэтгэл нь тайвширч амжаагүй байсан тул учрыг нь лавлаж асуусан ч үгүй, утас хаягаа тэмдэглүүлж гэнэ. Гэтэл энэ явдал мартагдаж байтал хэд хоногийн дараа жинхэнэ хэрэг манджээ.

Маркыг эзгүйд гэрлүү нь төрөх эмнэлгээс утасдаж эхнэртэй нь яриад хурдан ирж хүүхдээ ав, эх нь хүүхдээ орхиод явсан гэжээ. Нөгөө эмэгтэй төрөөд бие нь жаахан тэнхэрмэгц хүүхдээ ч авалгүй оргоод явчихсан юмсанж. Эмнэлгийн ажилтан Маркыг түүний нөхөр гэж бодоод утас хаягийг нь тэмдэглэж авсан ба мань эр түүнийг нь анзаарах ч сөхөөгүй хаягаа өгсөнийг нь дээр өгүүлсэн билээ. Угаасаа ч хартай, ааштай эхнэр нь түүнийг ирэхэд нь ёстой болгож тавьжээ. Учирлаж хэлээд ч нэмэргүй, уурлаж хашгираад түүнээс ч долоон дор юм болж салж сарних дээрээ тулаад хоёр хүүхэд нь өнчрөх асуудал босч ирэв.

Марк ч эхнэртээ ойлгуулах гэж янз янзаар оролдоод дийлэхгүй бүүр сүүлдээ яах аргагүй өнөөх нялх хүүхдийн эцэг нь мөн эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэж гэнэ. Гэтэл тун аймшигтай хариу гарчээ. Тэр бол түүний хүүхэд биш болоод зогсохгүй угаасаа Марк үр тогтоох чадваргүй болж таарчээ. Марк энэ шинжилгээний хариуд итгэсэнгүй. Учир нь тэр хоёрын хоёр хүүхэдтэй шүү дээ. Энэ учраа гарган хэлж, ямар нэгэн андуурал байгаад эргэлзээгүй тул хоёр хүүхдээ ч дагуулан очиж шинжлүүлжээ. Гэтэл Маркын үр тогтоох чадваргүй нь төрөлхийнх бөгөөд 100 хувийн магадлалтай, харин өнөөх хоёр хүүхэд нь өөр өөр эцэгтэй гэсэн лабороторийн дүгнэлт гарчээ. Энэ удаад эхнэрийнх нь хүссэн юм хүзүүгээр татаж тэр хоёр салж сарнисан нь мэдээж хэрэг билээ. Амьдралд хөгийн юм их байх юм даа.

access_time 2017-10-08 19:41

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt