Амиа алдсан хүн орон гэргүй, ядуу байх нь тийм чухал уу, Н.Номтойбаяр сайд аа

 

Төрийн сайдын “зорчиж” явсан автомашинд мөргүүлж амиа алдсан залуугийн харамсалтай түүх олон нийтийг цочроож байна. Тухайн үед зорчигчийн, эсвэл жолоочийн суудалд сууж явсан эсэх нь тодорхойгүй байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Тэр хүн манай машиныг мөргөсөн.Согтуу байсан. Орон гэргүй, ядуу хүн юм билээ” гэхчилэн сэтгэл сэрдхийлгэм тайлбарыг Төрийн ордноос хийв. Сүүлийн үед Монгол төрийн ариун гал голомтод “Бандаашны хэрүүл”, “Хүний амины үнэтэй авто осол”-ын талаар МАН-ын залуу түшээд ээлжлэн мэдэгдэл хийдэг болов.

Булган аймгийн нутагт болсон тэрхүү ослын талаар Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдэлд “Хохирогч өөрөө ирж мөргөсөн” гэсэн утгатай зүйл ярьсан байв. Хожим тодорхой болсон мэдээллээр бол хохирогчийн унаж явсан мотоциклийг “Мерседес Бенц” G-500 маркийн автомашин араас нь мөргөсөн болох нь нотлогдох шиг. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр сайдын тайлбартай холбож ойлговол хохирогч ухарч давхисаар автомашиныг нь мөргөсөн бололтой юм. Гэхдээ мотоцикльд ухрах араа байдаггүй л санагдах юм. Ухарлаа гэхэд гэхэд амиа алдах хэмжээний гэмтэл автлаа хурдлах нь юу л бол. Тэгэхээр үхлийн цохилт хаанаас ирсэн нь ойлгомжтой болж байх шиг.

Үүнээс гадна ослын дараа ирсэн гэх яамны жолооч, Н.Номтойбаярын хувийнх нь жолооч нарын асуудлыг хууль хяналтынхан нарийвчлах шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ослын шалтгааныг тодруулах ажил ид үргэлжилж байгаа учраас асуудлыг энд хүрээд орхиё.

Юу юунаас илүүтэй Н.Номтойбаяр сайдын ёс зүйн асуудлыг энд хөндөж ярих ёстой. Ослын талаар мэдэгдэл хийхдээ талийгаачийн хувийн байдлын талаар буюу осолтой хамааралгүй зүйлсийг хэт их ярьсан. Согтуу байсан, орон гэргүй, ядуу, ах, дүүгүй өнчин ядуу гэх мессежийг олон нийтэд түлхүү өгөхийг зорьж байгаа нь түүний ярианаас анзаарагдаж байв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Хүний хөгжлийн асуудал”, “Иргэдийн нийгмийн хамгааллын асуудал” зэрэг хүнтэй холбоотой олон асуудлыг хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн архины хамааралтай байна уу, орон гэргүй ядуу байна уу, өнчин ядуу дорой байна уу гэдгийг эрхэлсэн сайд нь Н.Номтойбаяр шүү дээ. Гэтэл ослын талаархи үнэн бодит мэдээллээс иргэдийн анхаарлыг холдуулахын тулд зориуд хохирогчийн хувийн байдлын талаар хөндөж, ёс зүйгүй аашилсан нь төрийн хүний хувьд ч, хувь хүний хувьд ч бүдүүлэг хэрэг юм.

Хүний амь нас хохирсон осолд талийгаачийн орон, гэргүй ядуу хүн байх нь ямар хамаатайг Н.Номтобаяр сайд тайлбарлах хэрэгтэй. Эс бол ёс зүйгүй авирласныхаа төлөө олоний нийтээс төдийгүй талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж хариуцлагаа хүлээх ёстой. Мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх явцад зориуд саад учруулж иргэдийн сэтгэл санааг төөрөгдүүлж байгаагаа даруй зогсоох хэрэгтэй юм.

Эх сурвалж: Chuhal.mn

access_time 2017-10-08 16:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt