Монгол ээжийн хүүхдээ эрүүл өсгөх 12 арга

Фэйсбүүк групт байсан нэгэн ээжийн постыг уншаад өөрийн бяцхан зөвлөмжийг хавсаргахаар шийдэв. Би бол 5 хүүхэдтэй энгийн нэгэн ээж. Энхрий үрс эрүүл чийрэг, өрх гэр бүр аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч явдаг учраас бага ч гэсэн өөрийн хуримтлуулсан туршлагыг аль болох олон хүнд түгээхсэн гэж хүсдэг. Шинэхэн ээж, эзэгтэй нарт маань хэрэг болж мэднэ. Та нар маань авах гээхийн ухаанаар хандаарай.

1. Ээж өөрөө үргэлж суралцаж байх
Юуны түрүүнд өрх гэрийн эзэгтэй, өөдөсхөн үрийн ээж болсон хүний хувьд охид эмэгтэйчүүд маань эрүүл зөв хоололт, эрүүл мэндийн боловсролоо өөрийн боломж бололцоогоор нэмэгдүүлж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэр бүлийн тань эрүүл мэнд эзэгтэй таны гарт гэдэг үгийг бид мартаж болохгүй. Бид дэлгүүрээс ямар бүтээгдэхүүн сонгох вэ, тухайн бүтээгдэхүүнийг юутай хольж хэрхэн боловсруулах вэ? Яавал эрүүл мэнддээ хор хөнөөл учруулахгүй байх вэ зэрэг олон чиглэлээр уншиж судлаж байхад илүүдэхгүй. Элдэв зөвлөгөөтэй сэтгүүл, вэбсайтаас гадна мэргэжлийн байгууллагуудын ном товхимол, вэбсайтууд олон байдаг. Тэнд яг таны танин мэдэхүй, эрүүл мэндийн боловсролд зориулсан мэдээллүүд байгаа. ЭЭЖ зөв сонголт хийж сурвал гэр бүлд тэр хандлага үргэлжлэх болно.

2. Зөв бүтээгдэхүүн сонгож хэрэглэх
Үүнд хоол хүнснээс гадна ахуйн ариун цэврийн болон ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн сонголт ч хамаарна. Миний хувьд бага насны хүүхэдтэй болсноос хойш ахуйн цэвэрлэгээний бодисонд болгоомжтой хандаж, ихэнх бүтээгдэхүүнээс татгалздаг болсон. Мебель өнгөлөгч, цэвэр усаар зайлах шаардлагагүй бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч гэх мэт бодисууд нь агаарт ууршиж, бяцхан үрс маань тэдгээрээр амьсгалж энэ нь амьсгалын замын болон арьсны элдэв харшлын үндэс болж байгааг судлаачид анхааруулсаар байгаа.

3. Байгалийн гаралтай амтлагч сонгох
Шинэхэн эзэгтэй болоод өөрийн гал тогоонд элдэв шинэ жор турших, олон төрлийн амтыг туршиж үзэх маш сонирхолтой. Гэхдээ нэг зүйлийг анхааралдаа авахад илүүдэхгүй байх. Энэ бол ХООЛ АМТЛАГЧ. DASHIDA, VIGORA, үсү, ROLLTON, MAGGI, үхэр тахианы шөл гэх мэт амтлагчууд нь глютаминат натри буюу амт үнэрийг нэмэгдүүлэгч химийн бодисын найрлага мөн нэмэлт Е…орцуудтай байдаг. Эдгээр амтлагчийг бага орцоор амттай хоол хийж ашиг олох зорилгоор л ашиглагддаг. Айл гэрийн өдөр тутмын хэрэглээнд байж огт болохгүй зүйл. Хоол амтлагч гэдэг нь бидний мэддэг давс, перец, лаврын навчаас эхлээд цагаан гаа, орегано, базилик, таван халуун, гич гэх мэтээр асар олон төрөл байдаг. Эдгээр амтлагч нь ямарч нэмэлт хольцгүйгээр дангаар нь хатаасан хэлбэртэйгээс гадна натурал хэлбэрээрээ ч зөндөө байдаг. Хоол амтлахаас гадна уламжлалт анагаах ухаанд бол зарим төрлийн эм тангийн найрлаганд ч ордог. Иймээс бид эдгээр амтлагчны талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, зүй зохистойгоор хэрэглэж заншвал амттай хоол идэхээс гадна эрүүл мэндийн давхар ач холбогдолтой шүү.

4. Багаас нь болох болохгүйг заах
Ээж болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл чийрэг өсөн торниосой гэж хүсдэг. Үүний тулд бид хүүхдээ бага гэж гололгүй багаас нь болох, болохгүйн заагийг тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Хүүхдүүд маш сайн ойлгодог юм шүү. Ингэж чадсанаар хүүхэд багаасаа эрүүл зөв дадал хэвшилтэй, зөв сонголт хийх ухамсартай болж өсдөг. Бид “за яахав, нялх юм. За яахав ганц удаа” гээд л хүүхэддээ элдэв буруу зуршлыг суулгаад байдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа “энэ бүр дийлдэхээ байлаа. Яахаараа ийм болчихдог байна” гэж шагширцгаадаг. Хүүхэд яг л цэвэрхэн хуудас шиг байгаа. Бид л тэнд анхны мөрийг нь гаргаж байгаа шүү дээ. Хүүхдийн хүмүүжил, болох болохгүйн заагийг мэдэж эхлэх нь хүүхэд нэмэлт хоолонд орох үеэс эхэлдэг гэж би ойлгодог. Учир нь хүүхэд тогтсон цагт, тогтсон ширээ сандалд сууж хоол идэж хэвшсэнээр хүүхдийн далд ухамсарт бага багаар “дэг журам” гэдэг зүйл сууж эхэлдэг. Хаа хамаагүй мөлхөөд л, араас нь дагаад л явбал “за ер нь бүх юм миний хүслээр юм байна” гэсэн далд мсж хүүхдийн тархинд бичигддэг юм шиг санагддаг. Энэ нь хүүхэд 6 сар хүрэх үе. Үүнээс хойш мэдээж хүүхэд хорвоотой илүү идэвхтэй танилцаж, илүү олон “хэрэг тарьж” эхэлдэг. Тэр үеэс эхлэн болохгүй бол болохгүй, болно бол болно гэдэг заагийг мэдрүүлж байх хэрэгтэй.

5. Эцэг эхийн сахилга бат чухал
Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн сахилга бас маш чухал нөлөөтэй. Үүнд нэгэнт хүүхдэд өгч болохгүй зүйлс бол хүүхдийн гар хүрэхээргүй газарт хурааж хэвш.Тоглодог тоглоомных нь хажууд чухал хэрэгтэй зүйлээ тавьчихаад хүүхэд сонирхохоор нь “хүүе хаая” гээд хүүхдийг тэвдүүлээд байж болохгүй шүү дээ. Мөн өөрийн гэсэн орон зайг нь бүрдүүлж, энд чиний хүссэн бүхэн байгаа гэдгийг ойлгуулж, харин гэрийн тэр хэсэгт ээж аавд нь хэрэгтэй, миний хүүхэд хараахан хэрэглэх болоогүй зүйлс байгаа гэдэг заагийг ойлгуулчихвал хэн хэндээ амар байна.

6. Хоол уу хор уу гэдгийг ойлгуулах
Хийжүүлсэн ундаа, чипс, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг багаас нь л “энэ бол хүнс биш, эрүүл мэндэд муу” гэж ойлгуул. Дэргэд нь аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өөрийн биеэр үлгэрлэх нь олон дахин хэлхээс маш үр дүнтэй. Сахарын хэрэглээний сөрөг нөлөө хүүхдийн шүд хорхойтсоноор бидэнд анзаарагддаг. Шүдний эрүүл мэнд маш чухал “шүд эрүүл бол бие эрүүл” гэж бид мэддэг шүү дээ. Тэгвэл бас нэг сөрөг нөлөө байдаг.

Цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр хүүхэд тогтворгүй, ааштай, түрэмгий, хэт хөдөлгөөнтэй болдог нь судалгаагаар батлагдсан.

Тав орчим наснаас нь эхлэн сахарын хэрэглээ, элдэв чихэр, ундаанд байдаг амт, үнэр орлуулагч хүнсний нэмэлтүүдийн талаар, тэдгээр нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй. Яагаад байнгын хэрэглээ болгож болохгүй вэ гэдгийг маш сайн тайлбарлаж хэлээрэй. Хүүхдүүд маш сайн ойлгодог бөгөөд цаашид дэлгүүрээс амттан сонгохдоо таны хэлснийг мартахгүй дагана.

7. Цагаан идээ өргөн хэрэглэх
Та хүүхдээ цагаар хоолло. Хоолны бус цагаар жимс, сүү, ааруул, ээзгий, тараг, аарц гэх мэт эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнүүдийг сонгон “хөнгөн зууш” болгоорой. Цагаар хооллоод, хоолоороо хангалттай шим тэжээл авч чадсан хүүхэд элдэв хөнгөн юм нэхэх нь ч бага байдаг. Зарим ээжүүд маань “би идэж чаддаггүй юм” гэх шалтгаанаар гэртээ цагаан идээ авдаггүй. Тэгвэл та өөрөө идэхгүй ч гэсэн хүүхдийнхээ хэрэглээнд тааруулаад бага хэмжээгээр гэртээ аваад хүүхдийнхээ гар хүрэх газар нь тавиад үзээрэй. Хүүхэд чинь маш сайн идэх болно. Ааруул, ээзгий гэх мэтийг хүлхэж, мэрж, чадахыгаа хазаж, зажилж идэх нь хүүхдийн эрүүний хөгжлийг дэмжиж өгдөг. Ингэснээр таны хүүхдийн сүүн шүд солигдох үед шүд нь жигд сайхан ургах болно.

8. Монгол арга
Сүү багатай ээжүүд маань хүүхдээ өлдсөн үед нь сүүл хөхүүлж байвал хоосон резин соск хөхүүлснээс хэд дахин илүү өгөөжтэй шүү. Мөн нэмэлт хоолонд орход нь тараг өгч эхэлбэл сайн. Сүүл хөхөж өссөн хүүхдийн дархлаа сайн байдаг. Мөн хожим шүд хорхойтох нь ч бага байдаг шүү.

9. Цагаан хорны тухайд
Хүүхдийг нэг ой хүртэл нь давс, чихэр огт амсуулах хэрэггүй. Томчууд бидэнд огт амтгүй мэт санагдана мэдээж. Гэтэл тэд маань угаасаа л элдэв хурц амт мэдэхгүй шүү дээ. Нэг ой хүртэл хүүхдэд давстай хоол өгөх нь бөөрний ачааллыг нэмэгдүүлдэг. Чихрийн сөрөг нөлөөний талаар бол та нар маань надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хүүхдийг 3 ой хүртэл нь болж өгвөл чихэр, шоколад, жүүсний амтыг бүү үзүүл. Гурван наснаас хойш бол “амттаны өдөр” тэй болбол зүгээр. Гэхдээ дэлгүүрт байгаа эрээн цаастай бүхэн амттай, биед хэрэгтэй байдаггүй юм гэдгийг хэлж тайлбарлаж байгаарай. Зарим нэг баталгаагүй хүнсийг бол шууд өөрт нь харуулж байгаад хаячих. Тэгвэл дахиж авъя гэхгүй.

10. Нүүрс усаар баялаг өглөөний хоол
Өглөөний хоол нүүрс усаар баялаг байх хэрэгтэй. Тэр утгаараа та өглөөний цайнд хүүхэддээ будаа, үр тарианы каш, гурилан бүтээгдэхүүн идүүлээрэй. Өдрийн бусад цагт бол гурилан бүтээгдэхүүн хэрэггүй. Ялангуяа цагаан гурилан бүтээгдэхүүн, печень гэх мэт нь сахарын орц ихтэй, цавуулаг чанар өндөртэй зэрэг мөн л эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Мөн ходоодыг хий дүүргэж хүүхдийн хоолны дуршлыг багасгаснаар хүүхэд хангалттай шим тэжээл авч чадахгүй.

11. Мөнгөний тухай ойлгуулах нь
Хүүхдээ 7 нас хүрэх үеэс гэрийн хоол хүнс цуглуулахдаа дагуулж яв. Ингэхдээ бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаар зааж өг. Бас өрхийн санхүү төсвийг хэрхэн хувааж зарцуулдаг талаараа цухас ярилцаж, харагдсан болгоноо аваад байвал ямар сөрөг үр дагавар гарах талаар ярилцаж бай. Хүүхэдээ багад болж өгвөл битгий дэлгүүрт дагуулж ор. Бүр орох шаардлагатай бол орхоосоо өмнө ярилц “ээж нь дэлгүүрт орж ийм зүйл авах хэрэгтэй. Үүнийг аваад л болоо шүү” гээд эсвэл “дэлгүүрт ороод 2улаа яг тийм л юм авна шүү. ээжид нь илүү мөнгө байхгүй байна” гэх мэтээр. Тэгвэл хүүхэд их хөөрхөн ухаалаг шүү.

12. Хүүхдэд чихэр бэлэглэх зөв үү?
Хүмүүс хийжүүлсэн ундаа биш юм чинь гээд элдэв жүүс, цай авч өгөх нь элбэг байдаг. Гэтэл тэд нар нь нөгөө л коланаасаа дутахгүй сахарын орцтой шүдний алуурууд байдаг. Бас натурал орц байхгүй нөгөө л амт, үнэр оруулагч химийн гаралтай бүтээгдэхүүн найруулсан ус байдаг нь харамсалтай. Миний хувьд хүүхдүүдийнхээ бэлгэнд ирсэн амттанг бүр бага байхаас нь “ээждээ өгөөрэй” гээд “хурааж аваад” сургачихсан. Том болсон хойно нь ганц нэгийг нь өөрт нь өгөөд бусдыг нь бүгдийг нь далд хийдэг. Тэгээд айл руу, аавынх нь ажил руу, тавгийн чихрэнд гэх мэтээр “устгадаг” smile эмотикон энэ магадгүй ХАРГИС санагдаж байж магад гэхдээ энэ бол үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, зүй зохистой, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх зорилготой юм шүү дээ. Манайхан шиг “хүүхэд хөөрхөн шүү, чихэр гоё шүү дээ” гээд хүүхдэд өөрийн гараар “хор” өгөөд байдаг улс ер нь цөөн байх.

access_time 2018-07-15 15:12

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt