23-ТАЙ БҮСГҮЙ АВЧ БОЛДОГГҮЙ ЯАЧИХСАН ШАГНАЛ ЮМ, ГАВЬЯАТ ГЭДЭГ ЧИНЬ…

23-хан настай балетчин бүсгүй Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртчихлээ гэж уулга алдаад байгаа “илүү хошуутан, их мэдэгчид”-д хандаж хэлэх үг байна аа:
Асгарсан авьяастай, мэргэжилдээ мэргэшсэн, чадварлаг залуусыг насаар нь гадуурхдаг үзэл зөвхөн Монголд л байдаг байх.

Монголын сонгодог урлагийнхан чимээгүйхэн бүтээж, даруухан дэвждэг улс юм шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан О.Анужинд энэ шагнал эртдэж байна гэдэгтэй би л хувьдаа санал нийлэхгүй. Тэр бол 13 наснаасаа урлагт хөл тавьсан, 21 насандаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртсэн бүсгүй. Уг уралдаанд дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон юм.

Энэ жил тэр амжилтаа ахиулж, хэдхэн хоногийн өмнө “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Энэ бол түүний асгаруулсан хөлс, гаргасан амжилтын ердөө л нэг хэсэг.

Харамсалтай нь, манай их мэдэгчид сонгодог урлаг үздэггүй, ойшоодоггүй, мэддэггүй, уран бүтээлчдийнх нь амжилтын талаар ч сонирхдоггүй. Тийм атлаа зохиолын цолтой хэдхэн дуу дуулж, ганц хоёр тоглолт хийчихээд, монголчуудынхаа 10\1-д ч танигдаж амжаагүй нөхдийн энгэрт хүртэл гялалзаж л байдаг Гавьяат цолыг энэ бүсгүйгээс харамлаад яанам бэ?
Монгол гайхамшиг болсон Г.Ариунбаатар Сонгодог урлагийн олимпод нэрээ дуурсгаж ирчихээд 21-хэн насандаа энэ цолыг энгэртээ гялалзуулж байсан юм. Харамсалтай нь, энэ талаар ард түмэн нь байтугай, сэтгүүлчид нь хүртэл тэр үед чимээгүй л өнгөрсөн.

Харин хэдэн жилийн дараа ярилцлага авч байхад тааралдсан манай нэлээд томоохон сэтгүүлчдийн нэг “Ямар гавьяа байгуулсан болоод ийм залуугаараа Гавьяат болчихсон залуу юм бэ?” гэж сэтгэл гонсойлгож, голыг минь зурж билээ. Энэ удаа ч бас зарим нөхөд тиймэрхүү л зүйл ярьж, бичицгээж байна. Дуугүй өнгөрч үнэхээр чадсангүй.

Монголдоо танигдаагүй ч дэлхийд танигдсан сонгодог урлагийнхан 21, 23, 25 насандаа ч биш бүр 20 хүрээгүй байхдаа Гавьяат, Ардын жүжигчин цол хүртэж, шагналаараа түмэнд танигддаг, үнэлэгддэг энэ эмгэнэлт нийгэмд “адлуулангаа” амжилтаа таниулж байхын ерөөл дэвшүүлье.
Монголын балетын үзэсгэлэнт Хун авхай танд халуун баяр хүргэж, улам өндөрт дүүлэн нисэх өлзийт ерөөл өргөе.

access_time 2018-07-11 12:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt