Тэр зургийг аваад цагдаа дээр очиж шалгуулвал энэ хүн одоогоос хоёр жилийн өмнө нас барсан шүү дээ гэжээ…

Тэрбээр гэртээ харих замдаа хэн нэгэн хүн дагаад байгааг мэджээ. Цэцэгмаа нөхөр сүүдэргүй учир араас нь хөөцөлддөг элдэв залуусын нэг юм байх гэж бодоод тоосонгүй. Харин тэдний хэн нь юм бол гэдгийг мэдэхээр хашаандаа ороод хаалгаа түгжээд цонхныхоо хөшгийг хагас хаан харвал өөрөөс нь нэлээд ахимаг насны хар пальтотой, бүрх малгайтай хүн хашааны завсраар шагайж байхыг олж үзэв.

Бүсгүй гайхаж хулгайч байж магадгүй гэж бодоод хаалга үүдээ сайн бөхлөөд унтжээ. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явтал нөгөө хүн хойноос нь дагасаар л байлаа. Ажил дээрээ сууж байгаад санаандгүй цонхоороо шагайвал туранхай, шар царайтай хүн түүнийг анхааралтай харж байлаа. Цэцэгмаа өөрийг нь дагаад байгаа хүний тухай найз бүсгүй Долгортоо хэлтэл тэр цонхоор харснаа “Дажгүй л залуу чамайг сонирхоод байгаа юм байна. Нэг гэм нь жаахан хөгшин юм” гэж аальгүйтэн хөхөрчээ. Цэцэгмаа сүүлдээ үл таних дагуул хүнээсээ ихэд айдаг болж найз нараасаа дагуулж гэртээ хонуулдаг болжээ.

Гэтэл түүнд нөгөө хүн цонхоор нь шагайгаад байгаа мэт санагдах болж айдас хүйдэс дунд амьдрах болов. Найз Долгор нь эл байдлыг нь ойлгоод өнөөх хүнийг хашааных нь завсраар харж зогсож байхад нь гүйж очоод “Хөөе та хэн бэ. Яагаад манай найзыг дагаад байгаа юм бэ” гэж хашгиран асуусан байна. Гэтэл хар пальтотой эр “Би танай найзын ааваас захиа авчирсан юм” гэжээ. Цэцэгмаагийн аав олон жилийн өмнө Налайхын уурхайд ослоор өөд болсон учир Долгор ихэд гайхаж “Энэ мэдрэл муутай хүн байна” гэж дүгнэжээ.

Тэгээд түүний ярьсан зүйлийг Цэцэгмаад ний нуугүй хэлжээ. Тэр хоёр талийгаачийн зургийн альбомыг үзэж суутал нөгөө хар пальтотой хүнтэй хамт авахуулсан зураг байхыг олж харжээ. Тэгээд тэр зургийг аваад цагдаа дээр очиж шалгуулвал энэ хүн одоогоос хоёр жилийн өмнө нас барсан шүү дээ гэсэн байна. Бүр гайхаж орхисон хоёр бүсгүй цагдаагийн газраас гарвал нөгөө хүн мөн л хараад зогсож байлаа. Тэр хоёр шууд л дэргэд нь очоод “Манай аав таниар ямар захиа явуулсан юм бэ” гэхэд хар пальтотой эр “Май” гзэд дөрөв нугалсан халтар цаас өгчээ. Тэр хүнээс нэг л нэгшмэл булшны үнэр ханхалж байх шиг санагдсан аж.

Цэцэгмаа, Долгор хоёр яаралтай гэртээ очиж нөгөө захиаг үзвэл “Аав нь уурхайн цооногт дарагдаад гурав хонож байна. Эндээс амьд гарах найдвар тун бага болжээ. Иймээс миний охин аавынхаа хийж бүтээж байсныг үргэлжлүүлж инженер болоорой. Энд харанхуй байгаа учраас үүнээс илүү бичиж болохгүй байна” гэсэн байв. Тэрхүү захиа нь аавынх нь бичигний хэв яахын аргагүй мөн байлаа. Харин нөгөөх хүн энэхүү захиаг хүргэж өгсөн өдрөөс хойш Цэцэгмаад дахин харагдаагүй бөгөөд энэхүү хачирхалтай захидал хар пальтотой хүний гарт ямар замаар орсон нь тодорхой бус үлджээ.

access_time 2017-10-05 18:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt