Барьсан тавьсан, хэзээ юу хэлснээ мартаад байна уу? Тэгвэл ой санамжаа ингэж сайжруулаарай!

1.Сайн унтаж амрах
Хүний нойр нь танин мэдэхүйн үйл ажиллагаа болон ой санамжтай шууд холбоотой байдаг бөгөөд унтаж байх үед тархи шинэ мэдээллийг ялган хадгалдаг ажээ. 2005 онд “Neuroscience” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар, сайн унтаж амрах үед бидний тархинд өөрчлөлт гардаг бөгөөд гүн нойрссоны дараа ой санамж мэдэгдэхүйц хэмжээгээр сайжирдаг болохыг онцолсон байна. Хүн унтах дэглэмээ сайжруулахын тулд өдөр бүр тогтсон цагт унтаж, босч байх хэрэгтэйгээс гадна орондоо орохоосоо өмнө таны нойрыг хулжааж орхидог “мелатонин” хэмээх бодисыг ялгаруулдаг хурц өнгийн дэлгэцээс хол байх хэрэгтэй юм.

2.Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь сурах болон ой санамжийн хэсгийг хариуцдаг тархины гипокампын багтаамжийг нэмэгдүүлдэг аж. 2011 онд АНУ-ын ШУА-иас явуулсан судалгаагаар аеробекээр хичээллэх нь насанд хүрэгчдийн ой тогтоолтыг сайжруулахад тун үр дүнтэй болохыг тогтоосон байна. Дасгал хөдөлгөөн хийснээр их хэмжээний хүчил төрөгч, уургаар баяжсан цус хүний тархинд очно. Үүнээс гадна ой санамжаа алдахад хүргэдэг чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог байна. Иймд та аливааг мартахгүй, сэргэг байхын тулд тогтмол дасгал хийж байгаарай.

3.Стресс бухимдалгүй амьдрах
Бухимдаж стрессдэх үед хүний биеэс кортизол даавар ялгардаг бөгөөд энэ нь тархины ой санамжийг бууруулдаг сөрөг талтай. Хэрэв та цаг үргэлж бухимдаад байх юм бол таны тархины хэмжээ аажимдаа агших төдийгүй тархины эдийг устгаж, гипокампыг гэмтээх болно. Тархины шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн 2008 оны нэгэн судалгаагаар нэгээс дээш сараар бухимдаж, стрессдэх нь тархины сурах болон ой санамжийн эдийг гэмтээдэг болохыг онцолсон байна.

4.Ой ухаан сайжруулах тоглоом тоглох
Танин мэдэхүйн чадвараа хэвээр хадгалж, сайжруулахын тулд өмнө нь хийж байгаагүй олон мэдээлэлтэй танилцаж, өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Таныг гайхшруулсан олон төрлийн мэдээллээр тархиа “хооллохгүй” бол таны оюуны чадвар доройтож эхэлнэ. Тархи хөгжүүлэх тоглоом тоглосноор таны мэдрэлийн хийн уулзварууд идэвхэждэг байна. Ийм учраас та өөртөө санаа тавьж үгийн сүлжээ бөглөж, сүдоку, рубикийн шоо болон цаасан эвлүүлдэг тоглоомоор тоглож заншаарай.

5.Бясалгал хийх
Олон зуун жил уламжлагдан ирсэн бясалгалын арга нь ой санамж, тархины үйл ажиллагаанд асар их эерэг нөлөөг үзүүлдэг байна. Бясалгалын ачаар хүн нэг л зүйлдээ төвлөрч, хэрэггүй зүйлсэд сатаарахгүй байж сурдаг бөгөөд тархины цусан хангамж ч сайжирна. Нэг бус судалгаагаар бясалгал нь Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин зэрэг тархины хүнд өвчнүүдээр өвчлөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогджээ. Чимээгүй, тав тухтай газар суугаад өдөрт 10-15 минут бясалгалаар хичээллэхийг тархи судлаачид зөвлөж байна.

6.Витамин D уух
Нарны витамин буюу витамин D нь бидний тархины хэвийн үйл ажиллагаа, ой санамжтай салшгүй холбоотой байдаг. Уг витаминаас өндөр тунгаар уух нь зөнөх өвчинд нэрвэгдэхгүй байх ухаалаг арга хэмээн судлаачид сүүлийн үед ихээхэн бичих болжээ. Энэ нь витамин D нь тархины мэдрэлийн эсийн өсөлтийг нэмэгдүүлдэгтэй холбоотой гэнэ. Өглөөний нарны гэрэлд ямар ч малгай, нарны шил, нарны тосгүйгээр 10-15 минут болох нь нарнаас D витамин авах шилдэг аргад тооцогддог.

7.Баяр хөөртэй байх
Инээдийг хамгийн сайн эм гэлцдэг билээ. Тэгвэл инээд нь бидний ой санамжид ч сайнаар нөлөөлж байдгийг та мэдэх үү? Инээх үед бидний биеэс эндорфин даавар ялгарч, тархинд дофамин хүрч очно. Ингэснээр биеийн ерөнхий дархлаа сайжрахаас гадна тархины долгионы үйл ажиллагаа ч өөрчлөгддөг ажээ. Хэрэв та өдөр тутамдаа төдийлөн их инээн баясаж, хөгжилтэй байж чаддаггүй бол зориуд хэрэг гарган инээдмийн кино, тоглолт, бичлэг зэргийг үзэж байгаарай. Танд баяр хөөр, инээд баясал бэлэглэдэг хүмүүстэй цуг байх нь ой санамжаа хэвээр хадгалах чухал алхам байх болно.

8.Улаан дарс уух
Улаан дарс нь хүний бие махбодид төдийгүй оюун ухаанд ч сайнаар нөлөөлдөг нь тогтоогдоод байгаа билээ. Улаан дарсанд агуулагддаг ресвератрол хэмээх хүчтэй антиоксидант нь тархины эсийг гэмтэхээс сэргийлж, ой санамжийг хэвийн байхад тусалдаг ажээ. Ресвератрол нь сурах үйл явц, ой санамж болон зан аашийг хариуцдаг тархины хэсэгт эерэг нөлөөг үзүүлдэг. Их хэмжээний согтууруулах ундааг хэрэглэх нь эсрэгээрээ тархины эсийг устгах аюултай байдаг учраас насанд хүрэгчид өдөрт 1 хундага дарсыг л урьдчилан сэргийлэх хэлбэрээр хэрэглэхэд тохиромжтой.

9.Тархинд сайн нөлөөтэй хүнсийг сонгон хэрэглэх
Таны идэж буй зүйл тархинд нөлөөлдөг гээд бод доо. Гэхдээ тодорхой төрлийн хоол хүнсний зүйлс нь бидний тархинд сайнаар нөлөөлж байдаг ажээ. Ялангуяа Омега-3 болон уургаар баялаг хоол хүнсүүд, жишээлбэл цэнгэг усны загас, самар, бууцай, брокколи байцаа болон төрөл бүрийн шошнууд нь тархины үйл ажиллагааг дэмжиж байдаг. Мөн түүнчлэн антиоксидантаар баялаг төрөл бүрийн жимс, хүнсний ногоог хоол хүнсэндээ өргөн хэрэглэснээр чөлөөт радикалаас тархиа хамгаалах боломжтой болох ба тархины эсийг шинээр бий болоход түлхэц болж өгнө.

10.Нэгэн зэрэг олон юм хийхгүй байх
Нэгэн зэрэг олон юм хийх нь цаг хэмнээд сайхан байдаг ч бидний тархинд сөрөг нөлөөг үзүүлдэг ажээ. Бидний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийхээр програмчлагдаагүй учраас хүнтэй ярингаа ном унших хэцүү байдаг. Иймд өөрийнхөө оюун ухааныг хамгаалах үүднээс нэг удаад нэг л зүйлийг чанартай сайн хийж байгаарай.

Нэмэлт зөвлөгөө
Найзуудтайгаа илүү их ярьж хөөрч байгаарай. Ингэснээр тархи өндөр түвшний хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулах боломжтой болно.
Өдөр бүр тархиа шинээр туршиж, сорьж үзэж байгаарай
Ой санамжаа хэвээр нь хадгалахын тулд тогтмол юм цээжилж байх
Шинэ мэдээллийг бичиж тэмдэглэх нь аливааг цээжлэх сайн арга болдог гэдгийг битгий мартаарай
Таны тархи, мэдрэлд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй учраас эмчтэй зөвлөлдөхгүйгээр ой санамж сайжруулах эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэж болохгүй шүү.

access_time 2018-06-15 18:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt