Д.Төмөртогоо: Өөрөө хүсдэг байсан зүйлээ хүүхдүүддээ үлдээгээд явжээ л гэж боддог

“Одонтой ээжүүд” группээс санаачлан эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан, зургаан хүүхэдтэй Д.Төмөртогоо гэх залууд өчигдөр (уржигдар) хоёр өрөө байр бэлэглэв гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Өглөөний шуурхай дээр эл залуутай ярилцлага хийх үүрэг аван, Д.Төмөртогоогийнд очлоо. Хааш, хаашаа хорь гаран метр болов уу гэлтэй жижиг хашаанд “Г” хэлбэрийн байшин барьжээ, байшиндаа тулган машины гарааш барьж, ойр орчныг нь цементэлсэн байх аж. Мөн хашаандаа хүүхдүүд тоглох шийд, элс зэргийг асгасан нь анхлан харсан хүний нүдээр гэрийн эзэд нь ажилсаг хүмүүс болов уу гэсэн бодол төрснийг нуух юун. Хорь гаруйхан хоногийн өмнө эхнэрээ төрөхийн хүндрэлээр алдаж, таван охин, нэг хүүтэйгээ үлдсэн энэ залуухан эцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Үнэндээ 10 гаран жил ханилсан ханиа, алдчихаад удаагүй байгаа хүнтэй ярилцахад юу асуухаа, яриагаа хаанаасаа эхлэхээ мэдэхгүй байсан юм. Тиймээс түүний өссөн төрсөн нутаг, бага насны тухай асуултаар эхэлсэн нь энэ билээ.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Доржпүрэвийн Төмөртогоо гэдэг. Би Хэнтий аймгийн Батширээт суманд 1984 онд төрсөн. Багануурт 10 жилийн сургууль төгссөн. Батлан хамгаалахын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Улаанбаатар их сургуульд гэр бүл судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

-Та хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Сургуулиа төгсөөд “Дэл­хийн зөн” ОУ-ын байгуул­лагад ажилд орсон. Том охин дөнгөж гарчихаад байсан болохоор хүүхдээ эрүүл агаарт өсгөх, амьдрах зардал бага гаргаж, мөнгө хураах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөрөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Эхнэр бид хоёр амьдралаа хов хоосноос эхэлж байсан. Би хүүхэд байхаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж өссөн. Эцэг эхээс дөрвүүлээ. Ээж 1990 оноос хойш бизнес хийсэн боловч амжилттай болоогүй. Санхүүгийн асуудалд орж, байр саваа бүх зүйлээ манайх алдсан. Түүнээс болоод ээж, аав хоёр 2000 онд салсан юм. Тэр цагаас хойш амьдралыг тодорхой хэмжээнд авч явж үзсэн. Эгч маань намайг сургууль төгсгөхийн төлөө өөрөө сургуулиа орхиж байсан. Би дүүгээ их сургууль төгсгөж байсан. Бид нэг нэгнийгээ чирээд л явсан болохоос төдийлөн боломжтой айлын хүүхэд байсангүй. Харин эхнэр маань оюутан байхад аав нь өөд болсон. Ээж нь тэтгэвэрт гарсан гэх мэтээрээ бид хоёрын амьдрал хоорондоо их адилхан байсан даа. Хэн хэнийх нь ар гэр санхүүгийн боломж муутай учраас хоёр биенээ дэмжээд, зоригжуулаад амьдрахаас өөр арга байсангүй. Хүүхэд олонтой болоод ирэхээр сургууль, соёлд зөөх нь ихсээд тогтсон ажлаасаа гарсан. Энэ олон хүүхдийн хажуугаар бүтэн цагийн ажил хийнэ гэдэг маш хэцүү. Хүүхдүүдээ өөрсдөө өсгөж, хүмүүжүүлдэг бид хоёр шиг хүмүүст нэг нь хүүхдүүдээ хараад, нөгөө нь сургууль соёлд зөөхөөс өөр арга байгаагүй. Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэхийн өдөртөө нааш цааш бараг долоон удаа явдаг. Хүүхдүүдээ зөөхийнхөө хажуугаар би цагийн ажил хийнэ. Тухайлбал, 10:00-11:00 цагийн хооронд “Гэр бүлийн радио”-д “Хос урлаг” гэдэг нэвтрүүлэг хөтөлдөг. Заримдаа хөдөөгүүр явж лекц уншина. Хүмүүст гэр бүлийн зөвлөгөө өгнө. Нэг санхүүгийн компанид хуулийн туслах хийнэ. Таньдаг хүмүүсийнхээ машиныг хашаандаа засч өгнө. Манай аав насаараа механикч хийсэн хүн байдаг учир “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр машин засахад бага сага суралцсан. Мөн оройн цагаар таксинд явна. “Зургаа дахь хүүхдээ гараад зургаан сар хүрэхээр би тогтсон ажилд оръё” гэж эхнэртэйгээ ярьж байсан юм. Манай эхнэр хүүхдүүдээ сургууль соёл руу нь зөөе гэж ярьж байсан. Ноднин хуульчийн шалгалтад бэлдээд орсон боловч тестийн шалгалтад тэнцээд, бодлогын шалгалтад сайн бэлдэж ороогүй улмаас нь унасан. Тэгээд энэ жил сайн бэлдэж байгаад дахиж оръё гэж ярилцаж байсан юм. Одоо шалгалтадаа сайн бэлдээд энэ жил дахин өгч хуульч болох гээд үзнэ.

-Олон нийтийн сүлжээ­нээс таны талаарх цухас мэдээллийг аваад ирж байгаа учраас буруу, зөрүү зүйл асуувал уучлаарай?
-Зүгээр дээ. Би жирийн л нэг өрхийн тэргүүн. Одоо үед бол харьцангуй залуугаараа зургаан хүүхэдтэй болсон хүмүүсийн тоонд орох байх. Эхнэр бид хоёрын амьдрал сайхан байсан. Бид хоёр бүх зүйлийг хамтдаа эхнээс нь босгосон. Манай эхнэр ч гэсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун байсан болов уу гэж боддог. Харамсалтай нь хориодхон хоногийн өмнө, өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө эхнэр маань төрж, зургаа дахь хүүхдээ гаргах явцдаа, төрөхийн хүндрэлээр өөд болсон. Манай эхнэр “Одонтой ээжүүд” фэйсбүүк группт байдаг, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог хүн байсан юм. Тэр группийнхэн бидэнд учирсан уй гашууг хуваалцаж, хандив цуглуулж хоёр өрөө байр бэлэглэснээр бидний мэдээлэл нийгэмд түгжээ. Одоо бол 10 гаруй жил ханилсан ханиа алдчихаад, зургаан хүүхдийнхээ хамт цаашид шинээр амьдрах гээд л зүтгэж байгаа аав боллоо.

-Та эхнэртэйгээ анх хэрхэн танилцаж байв?
-Бид хоёр 2005 онд анх танилцаж байлаа. Би дөрөвдүгээр курс, эхнэр гуравдугаар курс байсан. Манай эгч, эхнэрийн маань ах хоёр үерхдэг байсан. Би Христэд итгэдэг гадуур их явдаг учраас эгч ганцаараа үлддэг байсан. Эгч хань татаад манай эхнэрийг хамт амьдраач гээд хамт байсан юм байна лээ. Манай гэр эхнэрийн сургууль хоёр ч ойрхон байсан юм. Гэртээ нэг ирсэн чинь нэг охин байсан. Хоол, цай хийж өгөөд л тэгээд л бид хоёр танилцаж нэг гэрт амьдардаг болсон. Гэтэл сүүлдээ бид хоёр үерхээд, суучихсан.

-Эхнэртэйгээ нэг гэрт амьдраад дасчихсан уу?
-Ер нь бол эрэгтэй хүн хараад л дурладаг шүү дээ. Манай эхнэр хотын охин их царайлаг. Тиймээс хараад л дурласан. Манай эхнэр харин надад дасаад дурласан байх. Би өглөө бүр сургуульд нь хүргэж өгдөг байсан.

-Анх хэдэн настайдаа аав болж байв?
-22 настайдаа аав болсон. Охинтой болоход их сайхан байсан. Том охиноо гаргахдаа манай эхнэр хүндрэлтэй төрсөн. Дүлж чадахгүй сувилагч нар нь тохойлдоод хүчээр гаргаснаас болоод эхнэр маань аарцагны гэмтэл авсан. Тэр үед сар гэртээ эмчлүүлж байгаад гайгүй болж байлаа. Түүнээс хойш өөрөөрөө төрөх заалтгүй болсон учраас хийсвэрээр төрдөг байсан. Манайх чинь хоёроос гурван насны зөрүүтэй хүүхдүүдтэй. Эхний дөрөв нь охин, тав дахь нь хүү гарсан. Сая төрдөг маань охин. Бид хоёр суугаад хурим ч хийгээгүй. Байшин бариад ч найр хийгээгүй байсан болохоор зургаа дахь хүүхдээ төрөхөд сайхан тэмдэглэе гээд бэлдээд хүлээж байсан юм.

-Та хоёр олон хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ?
-Бид хоёрын амьдралын философи мөнгө төгрөг, материаллаг зүйл, албан тушаалын карьер биш л дээ. Ирж байгаа хүүхдийг “авахуулъя” гэдэггүй байсан. Хүүхэд бол бидэнд өгч байгаа бурханы бэлэг гэж хүлээж авдаг. Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Мэдээж би эхнэрийнхээ шийдвэрийг харна. Эхнэр ч төрүүлэхийг хүсдэг байлаа. Эхнэр төрүүлнэ л гэсэн бол би хориод ямар ч нэмэргүй. Хүүхэд гэдэг аз жаргал чинь олдох хүндээ олдоно, олдохгүй хүндээ олдохгүй шүү дээ. Зарим хүүхэдгүй айлууд манай хүүхдүүдийг гэртээ аваачиж тоглуулах “дом” хүртэл хийдэг шүү дээ. Тэр үед бид хоёр тэр хүмүүсийг хараад ямар хэцүү юм бэ дээ гээд л өрөвддөг байлаа. Тийм зовлонг үзсэн хүмүүс хүүхдэд яаж дургүй, хайргүй байх билээ.

-Олуулаа байх сайхан биз. Тэр тусмаа олон охин­той байх. Аавдаа амь биз?
-Охид хөөрхөн шүү. Ер нь манай гэрийнхэн хоорондоо чөлөөтэй ярилцдаг. Бие биетэйгээ ойрхон байгаад сурчихсан учраас охид маань бид хоёрт тэр энэ гэх зүйлгүй хоёуланд нь адилхан сайн. Манай охид намайг тогтсон ажил хийхэд тийм ч дуртай биш. Аав та орой мөд ирэхгүй гээд. Ер нь олон хүүхдийн нэг давуу тал нь нэг нэгэнтэйгээ тоглож наадаад ойрхон байдаг. Хүнийг гэсэн сэтгэлтэй болдог. Бусдаас юм харамладаггүй. Нэг нэгнийхээ зовлонг ойлгодог. Тухайлбал, бүгдэд нь нэг зэрэг гутал авч өгч чадахгүй байлаа гэхэд “Дүүгийн чинь гутал чинийхээс илүү муудсан байна. Өнөөдөр дүүд чинь авч өгье” гэхэд надад авч өгсөнгүй гэж барьцдаггүй. Дэлгүүрт ороод дүү нь “ийм юм авъя” гэхэд хоёр эгч нь миний ардуур дүүгээ зэмлэж байх жишээтэй. Би хэлээгүй байхад нөгөө талдаа өөрсдөө ярьж байдаг. Ээж, аав нь хэлэхээс илүү хүүхэд хүүхдэдээ хэлэхээр илүү ойлгож байгаа юм. Орой ядарчихаад ирэхэд олуулаа байх их сайхан. Манай гэрийнхэн тойрч хоолоо иддэг.

-Олон хүүхэдтэй, залуу гэр бүлийн хувьд бэрх­шээлтэй тал бий юу?
-Олон хүүхдийн зовлон уу. Амьдрал байгаа цагт зовлон байгаа. Тэгэхдээ бид хоёр зовлон гэж хардаггүй. Хайр дүүрэн байгаа цагт хүүхдүүд, гэр бүл жаргалтай байдаг. Хайр бага байх юм бол ер нь зовлон ихэснэ. Материаллаг зүйл бол зовлон биш. Хүмүүс дутлаа, өлсөж, цангалаа гэдгийг зовлон гэж хараад байгаа юм. Эцэг эх нь хөдөлмөрлөж чадаж байхад элбэг дэлбэг биш юм аа гэхэд өлсөж цангахгүй яваад байж болно доо.

-Танай хүүхдүүдийг хэн, хэн гэдэг билээ. Хамгийн бага даа та нэр өгсөн үү?
Манай хүүхдүүд Төгсгэрэл, Төгс-Энэрэл, Төгсгэгээ, Төгсмишээл, Төгсбилэг, Эрдэмтөгс гэдэг нэртэй. Хамгийн багийнхаа нэрийг би өгөөгүй ээ. Ээж нь ийм нэр өгөөрэй гээд захиа биччихсэн байсан. Эх хүн зөн совингоороо мэдэрсэн юм байлгүй дээ. Захидал бичээд үлдээснийг нь ажил явдлынх нь дараа олж харсан. Эрдэмтөгс гэж өгнө гээд захиа бичсэн байсан. Мөн зургаан хүүхдэдээ зориулж шүлэг бичсэн байсан. Сая төрдөг хамгийн сүүлийн охиндоо зориулж “аминаас минь тасарсан амь” гээд бичсэн байсан. Мөн гэр бүлийн өдрийн баяраар над руу бас захидал бичсэн. Одоо бодоход их сонин, сонин зүйл бичиж байсан байна лээ. Өөрөө зөнгөөрөө мэдэж байсан ч юм болов уу даа. -Төрөхийн хүндрэлээр “өөд болсон” гэлээ. Ер нь яг юу болсон юм бэ?
-Манай эхнэр төрөхийнхөө өмнө долоо хоног гуравдугаар төрөхөд эмчилгээ хийлгэсэн. Бие чинь гайгүй бол гарч болно гээд эмнэлгээс гарсан юм. Гараад тэр хооронд нь гэдэс рүү нь хатгаж өвдөөд буцаад эмнэлэгт хэвтээд шууд хагалгаанд орсон. Хагалгаа долоон цаг үргэлжлээд амжилтгүй болсон. Хяналтад байхдаа өмнө нь дандаа хийсвэрээр төрж байсан гэдэг утгаараа, мөн эхэс нь урдаа байрласан учир хүндрэлтэй гэж байсан. Хагалгаанд ороход нь миний баярлаж байсан зүйл нь гэвэл хяналтад ороход хүлээж авсан эмч нь жижүүр эмч байж таарсан. Эрсдэл өндөр учраас …цааш үзэх

access_time 2018-06-14 18:47

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt