ТӨРИЙН ЦАГДАА РУУ САЛААВЧ ГАРГАСАН Ц.БАЯРЦОГТ ШҮҮГЧ РҮҮ ДАЙРАВ

Санамсаргүй салаавч

Монголын улстөрд салаавч гарч ирсэн түүх саяхных. Анхных нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нарт өгсөн давхар салаавч. Ш.Сайхансамбуу “Тоглоод тиймэрхүү үйлдэл гаргасан” гэж хээвнэгхэн хариулсан байдаг. Санамсаргүй салаавч л гэдэг. Үнэн эсэхийг мэдэхгүй.

Хоолой сөөсөн үеийн салаавч

Дараагийн тохиолдол нь УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр тусгайгийн албан хаагчдын өмнөөс салаавч гаргаж баларсан эрхэм. Түүнийгээ “Тухайн үед хоолойны хагалгаанд орсон байсан учраас дуугарч чадахгүй шахам байсан. Аргагүйдээд салаавч” гаргасан гэж тайлбарласан.

Тусгайгийнхны өмнөөс салаавч гаргасны хариуд УИХ-ын гишүүн эрхэм нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэнээр хэрэг өндөрлөв. Хоолой сөөсөн үеийн салаавчны балаг.

Ерөнхийлөгч асны салаавч

Өөрийгөө Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч хэмээн дуудуулж бичүүлэхийг хувийн сонин, телевиздээ үүрэг болгодог эрхэмтэй хамааралтай. Хувийн гэгддэг МАХН нь АН-тай эвсэн байгуулсан Засгийн газрын үед Эрүүл мэндийн сайдаараа Сайд нарын гэх эмнэлгийг шорон болгон тохижуулсан нөлөөтэй хүн. Өлсгөлөн зарлаад сүүлдээ эмч, хуулийн байгууллагын ажилтнуудын урдаас салаавч гаргасан. Үүнийгээ өлсгөлөн зарлаад шоконд орсон учраас гэдэг. Сайхан үлгэрлэл биш л дээ.

Өөрийгөө шийтгэсэн салаавч

Энэ үйл явдлын тухай үзэгчид, сонгогчид “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ” гэлцдэг. Бараг тийм. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон өдгөө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар нэрлэгдэж буй У.Хүрэлсүхэд тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан салаавч үзүүлэв. Салаавчны адал явдал хэрхэн төгссөнийг хэвлэл мэдээллээр хангалттай гаргасан. Өөрийгөө шийтгэсэн салаавч байв.

Төрийн ордонд өгсөн салаавч

Өдгөө нэгэн яамны дэд сайд хийж буй эрхэм оролцсон нөхдийн төрийн ордон руу гаргасан салаавч. Тэд тухайн үеийн УИХ, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн үйлдэл нь иргэдээс дэмжлэг аваагүй. Дэмжлэг аваагүй шалтгаан нь салаавчинд л байлаа. Төр баригч эрхмүүдэд хандсан хандлага нь түмний дургүйцлийг хүргэснээр төгсгөл болов. Гэхдээ цагдаагийн байгууллагаас Төрийн ордон руугаа салаавч гаргасан нөхдийг зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан гэж сануулга өгсөн төдий өнгөрөөсөн.

Бухимдсан иргэний салаавч

Төрийн байгууллагын Нээлттэй хаалганы өдрөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд ярилцлага өгч байхад тохиолдов. АТГ-т дуудагдан 800 орчим албан тушаалтныг төрийн өмчит компаниудад томилох боломжтой гэж сэрдэгдсэн тухайгаа ярих дуртай даргад энгийн иргэн яагаад салаавч үзүүлэв. Гаргалгаа энгийн. “Ард түмэн ядарч байна шүү дээ” гэж хэлжээ.

Даварсан салаавч

Отгон салаавчны дуулиан одоо ч тасраагүй байна. Замын цагдаагийн өөдөөс Ц.Баярцогт гэх залуу салаавч гаргаж, хэл амаар доромжилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдснаас хойш шуугиан дагуулсан. Олон түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэв. Ц.Баярцогт цагдаагийн хажууд хэн нэгэн рүү утсаар ярин “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэнгээ, танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярьдаа” гэж цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу ярьсан нь олон хүний эгдүүцлийг хүргэлээ. Салаавч дургүйцлээ илэрхийлэх зохистой үйлдэл үү. Энэ бүхнээс харахад салаавч гаргах нь сайн хариулт биш гэж анзаарагдана.

access_time 2017-10-05 13:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt