Надад монголчуудаас илүү солонгосууд хүн чанартай санагддаг юм

Би гэдэг хүн Солонгос хэмээх улсад ажиллаад чилийсэн таван жилийг үджээ. Хараар болохоор эх орон руугаа очоод ирэх эрх байхгүй. Цэрэгт байхдаа хүртэл би ийм сэтгэлийн зовлон эдэлж байгаагүй шиг санагдана. Гэвч яахав, амьдрал шаардсан он жилүүдийг энд өнгөрүүлж, хэдэн төгрөгний төлөө барлаг хийн амьдарч байлаа.

Эх оронд минь хэн ч намайг тоож ажилд авахгүй, хэн ч энэ солонгосчууд шиг цалин өгөхгүй болохоор одоо яая гэхэв. Энд эх орноо гэхээсээ илүү ард үлдсэн хэд минь яажшуухан амьдарч байгаа бол л гэж санаа зовох. Миний хувьд эх орон гэдэг үг утгаа алдсан тийм л он жилүүд байлаа. Үүнийг уншсан зарим нэг нь шүүмжлэх л биз. Үнэн хэрэгтээ Монгол Улс надад юу өгсөн юм бэ? Арван жил төгсөөд тэртээ соц нийгмийн үед шүү дээ, конкурст орж, дээд сургуулийн хуваарь атгаад алдсан. Миний буруу гэж өчүүхэн ч байгаагүй.

Учир нь, би сургуульдаа сурлагаараа толгой цохидог нэгэн байсан. Тэгээд хэн буруутай гэж? Надаас дор улаан нооль нэг охин миний урдуур орж ирээд, 10 жил дундаас салаагүй мөртлөө конкурсын үеэр гэнэт цоорч, бараг вундеркинд байсан нь мэдэгдээд хүсэж мөрөөдсөн дээд сургуулийн минь хуваарийг “булаагаад” авчихаж билээ. Яагаад гэвэл, тэр охин даргын охин байсан юм. Миний буруу гэвэл энгийн нэг ажилчны хүүхэд байсан явдал.

За, тэр ч яахав. Социалист Монголын буруу юм байх гэж бодъё. Тэгээд хуваарь авч чадаагүй би цэрэгт явж шилжилтийн үеийн хоосон армид хоёр жил эх орноо манасан. Эх орондоо хайртай хэвээр л байлаа. Халагдаж ирээд ажилд орох гэтэл надад “Май” гэдэг байсан. 10 жил төгссөн, цэрэгт явсанаас цаашгүй амьтанг бол захын хурган дарга дооглодог юм билээ.

Тэгээд би амьдралын төлөө үзэж тарсан. Зах дээр наймаа хийхэд мэргэжлийн хяналт, татвараас эхлээд энэ Эх орон надаас авахаа авч, шулж байсан болохоос надад сохор зоосны ч тэтгэлэг өгөөгүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалаа сайн дураараа төлж, үхэн хатан зүтгэсээр явлаа. Гэвч гэр хороололд хашаа, байшинтай болсноос цааш дээшилж шальсангүй.

Тэгэхээр ийм Эх оронд би яахаараа хайртай байх гэж… Над шиг залуус эрвийх дэрвийхээрээ зүтгэж, өмх талх олох гэж ядарч байхад энэ Эх орон урдаас мянга мянгаар нь хужаа оруулж ирж, тэднийг өмөөрөн хамгаалж байх ч гэж. Ер нь би өөрөө ийм хужаа болвол яасан юм бэ? Тэтгэж, дэмжих эх оронгүй хүн хүний нутагт азаа үзээд ирье гэж шийдсээн. Наймааныхаа хэдэн төгрөгийг үрэн байж арай чүү Солонгос орныг зорьсон юм.

Үнэндээ Солонгост цаг л урт болохоос хүнд гээд байх ажилтай би таарч байсангүй. Гарын дор амар­хан хийчихдэг байлаа. Ажилдаа махруу болохоор манай эзэн “Танай монголчууд мундаг юм аа. Дахиад хэдэн монгол авмаар байна. Чи олж чадах уу?” гэж байна. Надад бас хөөрхөн бизнес. Түндэмүн дээр монгол шигданд ажилд оруулж өгнө гэсэн зар тавилаа. Нэг хүнээс 200 орчим мянган вон авч байгаад таван ч хүн ажилд оруулж билээ. Тийм ээ, хүний газар байгаа монголчууд бид их зүтгэсэн.

Энд байхад хүртэл эх орон маань биднийг хайр­лахгүй. Энд байдаг Монголын Элчингийнхэн хараар ажиллаж, амьдардаг монголчуудаа тооно гэж байхгүй. Тоолоо гэхэд Солонгосын цагаачлалын албатай эвлэж байгаад баривчлуулж ачуулна.

Гэхдээ энэ тухай ярих гэсэнгүй. Би ажлынхаа хувцастай Шингал угори гэдэг газар дэлгүүр хэсч явлаа. Гэтэл хоёр хүн ирээд юм асууж байна. Хаанаас ирсэн гээд. Санаанд орсонгүй Монголоос гэвэл ганцхан гар мушгиад гав зүүж орхилоо. Улаан туучий гэж цагаачлалын албаны офицерүүд байсныг ёстой анзаарсангүй. Ингээд миний Солонгос дахь амьдрал будаа болов. Уг нь баригдаагүй ядаж ганц жил болсон бол гэртээ явуулах хэдэн бор юманд хэрэгтэй байх байсан юмсан. Ердөө тэр үед надад бодогдсон зүйл энэ.

Одоо яахав?

Монголд очоод юу хийнэ ээ? Бас л эх орондоо байж байгаад л хужаа нараас дор ад үзэгдсэн амьтан болно. Ердөө л ийм зүйл бодогдсон. Би Монгол руу буцах нээрээ хичнээн дургүй байсан гээч. Тэглээ гээд яахав дээ, боож үхэлтэй биш. Сунайсан сайхан урт автобусаар баахан узбек, хятадуудтай хамт Инчоны хавьд байх цагаачлалын шоронд хүргэгдэж ирлээ.

Намайг хэдэн хятад, энэтхэг залуустай нэг камерт түгжив. Газраар наартай. Наймуулаа байлаа. Хэдэн жи­жиг­хэн банди нар намайг хүрээллээ. Ингэж би монгол хүн гэдэг үг гадныханд яаж нөлөөлдөг гэдгийг мэдсэн юм. Ядаж байхад би их том биетэй, гонзгой. 185-тай амьтан бол хэдэн хятад, энэтхэг пацаануудын дэргэд бараа сүртэй. Тэд бас хоорондоо муу. Энэтхэгүүд хятадуудыг үзэхгүй.

Ингээд хэдэн энэтхэг пацаан намайг тал тохой татаж, камертаа хэрдээ л атаман бай­лаа. Үүдэн талд хэвтэж байсан хятадад мухар руу очихыг санал болгоод би тэр агаартай орчныг эзлэв. За, нэг иймэрхүү маягтай шоронд өдөр хоногийг өнгөрөөнө. Өглөө би хамгийн түрүүнд шүршүүрт ордог учир бусад маань намайг хүлээхээс өөр аргагүй. Тэгээд тэдэнд камер цэвэрлэх хуваарь гаргаж өглөө.

Нэг хөгшин хужааг шал цэвэрлэх ажлаас чөлөөлж, суултуур цэвэрлүүлж байхаар бо­лов. Ер нь ажиллаж байсан компани мөнгө шилжүүлэх болоогүй, Элчингээс цагаан хуудас авна гэж зөндөө юм болох тул би энд удах шинжтэй.
Тийм учраас камераа дэг журамд оруулж, цэвэр цэмцгэр суухыг хүссэн хэрэг. Ингэхийн тулд надад ажиллах хүч хангалттай байсан болохоор тэдэнд зааж зааварлахаас өөр хийх юм үнэндээ байсангүй. Харин нэг асуудал нь надад бэлэн мөнгө байхгүй байсан яв­дал.

Учир нь, энэ шоронд өдөр бүр нэг идэх, уух юм зардаг нөхөр явдаг гэж байгаа. Шоронгийн хоол дажгүй ч хааяа ундаа, мөхөөлдөс амталмаар санагдана. Бэлэн мөнгө бол босгож болно оо. Гэхдээ энэ хэдээсээ яаж босгосон гэдгээ хэлэхгүй. Дээрэмдээгүй, тэд сайн дураараа надад өгсөн гэдгийг л харин цухуйлгая.

За, ингэж байтал хятадуудаас хоёр нь гарч, оронд нь хоёр узбек орж ирлээ. Мань хоёр орос хэлтэй тул шавиагаа ханатал ярих ханьтай болсондоо олзуурхав. Тэд бас л харамсаж байна. Тэдний эх оронд газрын тос гарсан ч энгийн ард иргэддээ ямар ч хүртээлгүй, төрийн эрх барьдаг хэдэн клан гэр бүл баяжихаас биш өөр тусгүй тул Солонгост ирсэн гэж байна. Бас узбекууд Москва руу хар ажил хийхээр их явдаг тухай тэд хүүрнэлээ. Харин азтай, арай боломжтой нь Солонгост ирдэг гэнэ.

Оросын фашистууд тун ч их узбек хүний аминд хүрсэн, Оросын хувийн компанийн эздийн ихэрхэг дээ­рэнгүй араншин, мөнгөө өгөх­гүй луу унждаг орос хүний араншин гээд тэднээс урьд өмнө сонсож байгаагүй олон зүйлийг мэдэж авлаа. Ер нь узбекууд оросуудад таагүй ханддаг нь илт ажээ. Махмуд гэх узбек урд нь Москвад барилга дээр ажиллаж байжээ. Тэгээд тэрбээр Москвад тажик, узбек, казах гээд олон хар ажилчид харсан ч нэг ч монголтой таарч байгаагүй хэмээн гайхан ярилаа.

Нээрэн, үхсэнээ хийж давилуун оросуудад дарагдаж суух вэ дээ, манай монголчууд гэж бодож суулаа. Оросуудыг бид дарлаж байсан гэж онгирч яримаар байсан ч нэгэн цагт бидний боол байсан улсад би ирээд боолын хөдөлмөр хийж байгаагаа гэнэт санав. Нүүр минь улайв. Юу ч гэх вэ дээ, Монгол эх орон минь.

Узбекүүдээс гарамгай сайн гагнуурчид Солонгост ирэх. Эх орондоо ийм сайн гагнуурчид бас л хэрэггүй байдаг юм байх даа. Бид аль аль нь эх орноо муулна гэж байхгүй ээ, бас. Нэрэлхүү улсууд даа. Харин хятадууд бол ясны барил­гачид. Тэдэнтэй гурван сар ажиллахдаа үзэж, мэдэрсэн юм. Даанч тэд 40 гарсан эрчүүд нэг ч удаа машин унаж үзээгүй гэж байгаа. Хятадын барилгачидтай ярихад ёстой очиж үзээгүй газар гэж алга аа.

Надтай нэг өрөөнд байсан миний үеийн Ху Ван гэдэг залуу бүр Ливид нефтийн цамхагийн барилга дээр ажиллаж байсан гэж байгаа. Тэр Африкийн хар хүмүүсийг амаа олохгүй магтах. Учир нь, хар тивийн эгэл ард түмэн худал ярих гэдгийг ер мэд­дэггүй гэнэ. Наад зах нь ажлаасаа яагаад хоцров гэхэд хятад, монгол, солонгосууд шиг худлаа шалтаг гаргаж чаддаггүй аж. Бүх юмаа тоочих нь хүүхэд мэт Ху Ван гэж тэднийг дүгнэв.

Харбины унаган хүү болохоор бас оросуудыг сайн мэддэг гэнэ. Ер нь узбек Махмуд, хятад Ху Ван хоёрын ярианаас орос хүн гэж авах юмгүй хүмүүс ажээ. Хэдийгээр би оросоор муугүй ярьж, бичиж, унших ч нэг ч орос хүнтэй үг сольж үзээгүй болохоор орос хүн ийм тийм гэж худлаа ярих юм байсангүй. Харин тэдний яриаг “Аан, тийм үү?” хэмээн толгой дохин сонсохоос цаашгүй.

Бараг долоо хоног болсон ч хажуугийн камерууд, харгалзагч нарын амнаас надаас өөр монгол хүн байгаа тухай олж мэдсэнгүй. Энд хоригдсоны хоёр дахь долоо хоногийн нэгэн өглөө шүршүүрт орж байтал гэнэтхэн чихэнд “… Яр­гай ташуур нь байгаасай даа, хүү минь ээ хө, Янзыг нь олоод барих юмсан даа…” гэдэг дуу сонсогдох шиг болов. Дан­даа солонгосоор ярьсаар бай­гаад монгол хэлээ хий сон­сож, сэрүүн зүүдэлж байгаа юм биш биз хэмээн гайхан бодлоо. Тэгээд гялс крантаа хааж сайтар сонсвол үнэхээр “…Хууль цаазгүй ч болоосой доо, хүү минь ээ хө…” хэмээн хажуугийн камераас уянгалж байна аа. Хурдхан биеэ арчмар болоод гарч төмөр сараалжин хаалгаар “Хөөе, чи монгол уу?”

гэж монголоор хашгирвал “Тийм ээ, чи хэзээ орсон бэ?” гэж хариу асууж байна. “Долоо хонож байна” гэвэл “Өө, саяхан юм байна. Би энд нэг сар” гэх нь дуулдана. Би гайхлаа. “Ямар уддаг юм бол? Ажиллаж байсан газраасаа мөнгөө авч чадахгүй байгаа бол гэрийнхэндээ хэлээд 400 мянган төгрөг авчихад л эх орондоо очно доо” гэж бодов.

Гэвч тэр бодол дороо арилсан юм. Учир нь, би сүүлийн нэг жил гав ганцаараа, нэг ч монгол хүнтэй уулзалгүй зөвхөн солонгосуудтай ажилла­сан болохоор монгол хүнтэй ярих­сан хэмээн хэл загатнаж бай­лаа. Хоёр хоног шахуу камерын наана цаанаас ярилцаж, нэр ус, нутгаа мэдэлцэж авлаа. Гэвч нүүр нүүрээ харж яриагүй болохоор ямар олиг байхав. Ах хүү тэгж байна. “Чиний солонгос хэл минийхээс дээр юм. Наад харгалзагчаасаа гуйгаад намайг камертаа оруулчих” гэнэ. Боддог л бодол. Гэхдээ хэн нэгэн гарч наар суллахаас нааш оруулахгүй л дээ. Тэгтэл ч ашгүй гурав дахь өдөр Бээжингийн нислэгтэй болж таарч, Ху Ван эх орон руугаа мордохоор болов.

Тэгээд бараг манай камерын өмнө сууж жижүүрлэдэг харгалзагч Кимээс хажуугийн камерт байгаа монголыг нааш нь оруулж өгөөч гэж гуйлаа.

Ким харин гайгүй залуу. Даргаасаа зөвшөөрөл аваад болъё хэмээн уриалгахан зөвшөөрч байна. Удалгүй үдийн цайны дараа төмөр сараалжин хаалга онгойж, цамцаа нөмөрсөн намхан монгол орж ирэв. Яагаад ч юм нүднийх нь гал цог бөхөж, гуниг суусан харагдана. Надад зүгээр л тэгж бодогдсон хэрэг. Харин манай энэтхэгүүд “Танайд ийм намхан монгол байдаг юм уу?” гэж гайхах шинжтэй.

Золигнууд надаар л монгол хүнийг төлөөлүүлж бодож байсан бололтой.

За, тэр яахав. Ингээд Цогоо ахтай танилцлаа. Бид Солонгост удахдаа тэдний нэг нас ч ах бай бусдыг хүндэлдэг занг сурчихаж. Тэр надаас ердөө л хоёроор ах хүн. Цогоо ахын ярианаас түүнийг Пусанд усан онгоцны үйлдвэрт нэлээд хүнд хөдөлмөр эрхэлж, бас гайгүй цалин авдаг байсныг нь олж мэдлээ.

Цогоо ах Завхан аймгийн гаралтай хүн юм байна. 90-ээд оны сүүлээр хотод орж ирээд гагнуур хийн амьдралаа залгуулах болжээ. Мэргэжлийн гагнуурчин түүнд энд тэнд элдэв халтуур олдох нь ч элбэг байлаа. Ингээд бяцхан ч гэсэн авто гагнуур ажиллуулж, удалгүй долоон сая орчим төгрөгөөр хороололд хоёр өрөө байр авсан гэж байгаа. Тухайн үедээ байр ийм л ханштай байсныг хэн хүнгүй мэдэх биз. Тэгсгээд нэг хотын ганган хүүхэнд уургалуулж, хамтран амьдрах болжээ. Удалгүй хуримаа хийсэн гэж байгаа. Харин тэр хүүхэн Цогоо ахын орлогыг голж, Солонгос явж ажил хийхийг ятгах, загнах хослуулан хэлдэг болжээ.

Ингэсээр мань хүнд “Нээрээ ч Солонгос явж, тэндээс гайгүй төхөөрөмж олж ирээд засварын газраа өргөжүүлдэг ч юм уу?” гэсэн бодол төржээ. Тэгээд Солонгос явахаар хөөцөлдөж, бараг анхны гэрээт ажилчны нэг болон бүртгүүлсэн байна. Тэгтэл нэг гай таарлаа. Түүнийг элэгний вирүстэй гарлаа хэмээн эрүүл мэндийн үзлэгтээ тэнцэхгүй болж золигтох нь тэр. Гэвч тэр үедээ хангалттай мөнгөтэй байсан Цогоо эмч нарын ар өврөөр гүйсээр бай­гаад эрүүл мэндийн бичгээ өөрчлүүлж авсан байна.

Энэ бүгдийг ярих зуураа тэрбээр шал дэмий ирсэн гэж харамсаж байгаа нь илт. Би ч гэсэн гайхаж л байлаа. Авто засварын газартай хүн над мэтийн ганц өрөө байрны мөрөөдөл болж ирсэн шалдан амьтантай зүйрлэхээргүй их орлого Монголдоо олж байсан байгаа шүү дээ. Юутай ч эх­ний өдрийн яриа энэ хүрээд өндөрлөж, оройн хоолны дараа 21 цагт солонгосууд гэрэл, зурагт хоёр унтраачихав. Энэ газрын дүрэм журам нь ийм юм.

Тэгээд удалгүй унтацгаана даа. Өглөө босонгуут би тогтоосон журам ёсоороо эхлээд шүршүүрт дараа нь Цогоо ах ордог болсноос өөр онц өөрчлөгдсөн юмгүй. Хятад, энэтхэгүүд цэвэрлэгээ хийн, Цогоо ах бид хоёр зурагт үзэн сууна. Хааяа би картаар Монгол руу авгай, хүүхэдтэйгээ ярина. Хэзээ ирэх вэ л гэнэ. Харин би сарын эцсээр буудаг компанийнхаа цалинг хүлээж байлаа. Эзэнтэй хоёр ч удаа утсаар ярихад “Татвар бас боддог тул сарын эцэс хүртэл хүлээ. Наанаа тэсээд байж бай. Юундаа яарсан юм бэ?” хэмээн тоглоом хийж байна. Манай эзэн найдвартай л даа. Харин энэ шоронд ингэж удах уйтгартай байлаа. Би Цогоо ахыг нэг ч удаа Монгол руу ярихгүй байгаад гайхаж байлаа. Зайлуул, мөнгө төгрөггүй бо­лоод олон улсын ярианы карт авахгүй байгаа юм болов уу ч гэж бодлоо.

Тэгээд Цогоо ахаас “Яагаад хойшоо (Монгол руу) ярихгүй байгаа юм бэ?”

гэж асуувал царай нь барайгаад юм дуугарсангүй. Нэг л дуу муутай болчи­хов. Тэр өдөржингөө асуултад хариулахгүй, дүлэгнээд ер нь юм ярих дургүй байгаа нь илт тул уйдсан би мөнөөх энэтхэг, хятадуудтай марзагнан элдэв юм ярин сууж байлаа. Цогоо ах нааран дээр тохойгоороо нүүрээ халхлан хэвтээд унтаж байгаа, сэрүүн байгаа эсэх нь үл мэдэгдэнэ.

Тэр шөнө би хэн нэгэн шуухитнан уйлах чимээнээр сэрлээ. Хажууд хэвтэх Цогоо ахын мөр нь бөмбөгнөн чичирч байв. Миний уур хүрч, энэ олон гадаадуудын дэргэд үхсэнээ хийж хүүхэн шиг гиншээд байгаа юм бол гэж бодов. Аз болоход надаас бусад маань дүнгэнэтэл хурхирцгааж байлаа. Би түүний мөрөнд хүрээд “Яасан бэ, Цогоо ах аа?”

гэвэл тэр “Зүгээр ээ, би зүүдлээд” гэж хариулав. Гэвч би итгэсэнгүй. Энэ хүний сэтгэлд нэг л гашуун юм байх шиг байлаа. Маргааш өглөө Цогоо ахыг жаахан “эрүүдэв”. Юутай ч хүнийг яриулж л байж салдаг хүн дээ, би.
Бүх юм тодорхой. Цогоо ах Солонгост ирээд бас л сурсан мэдсэнийхээ хэргийг гаргажээ. Эхлээд Пусанд хөнгөн үйлдвэрт төмөр бүтэц хэвлэдэг ажилд орсон байна. Бэлэн төмөр ма­шинд тавиад кноп дараад л болоо. Нэг их мэдлэг шаардаад байх ажил биш ч бас эв дүй хэрэгтэй. Эс бөгөөс эрэмдэг ч болж мэднэ. Тэднийх нэг солонгос гагнуурчинтай ажээ. Нэг өглөө гадаад ажилчдаасаа солонгос эзэн асуужээ.

Гагнуур мэддэг хүн байна уу гэсэн гэнэ. Солонгос гагнуурчин нь бие нь өвдсөн бил үү, ямартай ч ирээгүй юмсанж. Цогоо ах гараа өргөөд л гараад явчихаж. Цуг ажилладаг хятад, вьетнамчууд дотор ёстой л кноп дарж зогсохоос өөр мэдлэг, мэргэжилтэй амьтан байсанүй.

Тэгээд солонгос захирал нь Цогоо ахын ур чадварыг биш­рээд цалинг нь ахиулж, усан онгоцны дотор гагнуур хийлгэдэг болсон гэнэ. Цалин сая вон авдаг байсан бол шууд гурван сая болон өсчээ. Цогоо ах ууж иддэг хүн биш болохоор цалингаа шууд л арагш нь ав­гайдаа явуулсаар байжээ. Гэтэл яг жилийн өмнө нэг найз нь Цогоод шууд үнэнийг хэлсэн байна. Монголоос ирээд Цогоо ах дээр очиж ажилд орохоор болсон найз нь юмсанж. Нэг удаа монгол карго орж цалингаа явуулах гэж байгааг нь найз нь мэдээд их гайхжээ.

Тэгээд Цогоо ахаас “Чи чинь мэдээгүй юм уу? Танай авгай аль хэдийнэ өөр хүнтэй суучихсан шүү дээ. Чи арай одоо болтол цалингаа явуулаад байдаг юм биш биз дээ?” хэмээн палхийтэл нь асуух нь тэр. Цогоо ах итгэж өгсөнгүй. Дөнгөж саяхан цалингаа авахаас хоёр хоногийн өмнө авгай нь ярьж машин авах гэж байгаагаа дуулган, мөнгө дутаад байна гэж байсан юмсанж.

Ингээд уур нь хүрч, уушиг нь сагсайсан Цогоо авгай руугаа утасджээ. Цаад хүүхэн нь дүлэгнэж байснаа “Би чамайг гурван жил хүлээсэн. Түүнээс илүү яах юм бэ? Тэгээд нэг сайн хүнтэй таараад нэг гэрт орсон” ухааны юм ярьсан байна. Тэр хүүхэн байхгүй хой­гуур нь байрных нь ордерийг өөр дээрээ шилжүүлж, нэрийг нь хасуулаад зогсохгүй, авто засварын газрыг нь зарж, нэг хар юмыг Цогоогийн гэрт авч ирсэн болж таарав. Харийн га­зар гэр бүлээ гэж зургаан жил хөдөлмөрлөсөн, урсгасан хөлс, уйтгарлан санасан сэтгэл зүрхнийх нь хохь нь болоод өнгөрчээ. Тэгээд Цогоо ах уудаггүй хүн ууж эхэлсэн байна.

Ажил дээрээ архи сэнгэнүүлэх түүнийг солонгос захирал нь өнгөрөөдөг байсан боловч гурван сарын дараа нэг алдаа гаргав. Түүний гагнуур чанарын шаардлага хангахаа байлаа.

Аргагүй ш дээ. Согтуу хүнээс яаж олигтой юм гарах вэ дээ. Харин цаад солонгос эзэн нь эрийн хугархай байж. Нэг удаа зориуд Цогоо ахыг дагуулан архины гэрт орж, юу болоод байгааг нь асууж шалгаасаар хэлүүлж авсан байна. Тэгээд солонгос захирал “Хүүхнүүд хаа мунддаг юм. Би чамд солонгос авгай авч өгнө” гэж хүртэл сэтгэлийг нь сэргээх гэж үзжээ.

Харамсалтай нь, Цогоо ах авгайдаа үнэн сэтгэлээсээ хайртай байсан болж таарав.

Гэвч цаад солонгос нь Цогоо ахыг гудамжинд гаргачихсангүй, нөгөө кноп дардаг ажилд нь арбайт хийлгэх болжээ. Ингэж олсон мөнгөөрөө ууж ман­сууран байсаар нэг өдөр боомт дээр гадныхантай зодоон хийж цагдаад баригдах нь тэр. Ингээд л энэ цагаачлалын шоронд сар гаруй болж байгаа гэнэ. “Эх орондоо очоод би траншейнд л орох байх даа” гэж түүнийг ярихыг сонсох га­шуун байлаа. Надад хүртэл сэжиг төрж, энэ ярианы дараа эхнэртэйгээ биш хүүхэдтэйгээ ярьж элдвийг шалгаасан гэж байгаа.

Харин манай эхнэр үнэнч хүн л дээ. Дээр нь бид хоёр хар багаасаа нэг сургууль, нэг ангид байсан тул санаа зовох юм байсангүй. Гэхдээ л ийм яриа сонсоод “Айхгүй ч гэсэн арзайна” гэгчээр сэжиг, хар төрдөг л юм байна билээ. Цогоо ахыг дотроо өрөвдөж л суув. Ямар ч шуналтай, ямар ч ханилгаагүй хүнтэй суучихсан юм бэ дээ. Та хотоос эхнэр авч байхаар гэж нэг аман дээр гарч ирсэн ч байдгаараа урвайчихсан Цогоо ахыг хараад юм хэлж чадсангүй.

Биднийг Солонгост нэг их жаргасан, их мөнгө авсан улс байдаг гэж Монголд үлдсэн хэд боддог юм шиг. Ажлыг “алдаг” ч ар гэрээ санахын зовлон бол хэцүү. Ялангуяа хараар ажилладаг бидэн шиг улсад. Төд удалгүй сарын эцэс болж, манай эзэн миний цалинг явуулжээ. Солонгосуудыг монголчууд их үзэн яддаг гэдгийг би Монголд буцаж ирээд л мэдсэн.

Тэгэхэд сарын эхний долоон хоногт баригдсан миний цалинг манай эзэн бүтнээр нь бодоод, бас сайн яваарай гэж өөрөөсөө сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө нэмж явуулсан байсан. Ямартай ч эх оронд минь байгаа Монголын ажил олгогч нараас хол дээр хүмүүс. Солонгосыг магтаж, Монголыг муулсан гээд намайг үзэн ядаж, харааж зүхвэл зүх!!! Би гагцхүү үнэнийг л бичлээ. Надад монголчуудаас илүү солонгосууд хүн чанартай санагддаг юм.

access_time 2017-10-05 12:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt