Мөнхбаяр : Өглөө өвдөхгүйгээр сэрж үзэх юмсан. Миний хайрыг хүргээд байгаа энэ эмэгтэйн төлөө би сармагчин болсон ч хамаагүй….

Цахим орчинд гайхалтай сайхан хайрын түүх болон өөрсдийн амьдралаараа олны анхаарлыг татаад буй хосууд бол Мөнхбаяр, Уранзаяа нар. Хүнд өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй тэдэнд олон нийт хандив өргөн эмчилгээнийх нь зардалд тус болж буй бөгөөд тэдэнд зориулсан хандивын тоглолт тун удахгүй болох гэж буй.

Төрөхийн өвдөлтөөс 4-5 дахин их өвдөлтийг өдөрт олон удаа мэдэрдэг тэрээр нугасны үрэвсэлт хатингаршил хэмээх өвчний эсрэг тэмцэж байгаа нэгэн. Хамтдаа 14 жилийг ардаа үдсэн тэд өөрсдийн “Хосын жор”-ыг хуваалцжээ. Өдөр бүр эхнэртээ шинээр дурладаг тухайгаа хуваалцсан тэрээр “Би хэсэг хэсэг юманд нь дурладаг, өмнөх өдөр нь харж байгаагүй өнцгөөс нь хараад ямар хөөрхөн юм бэ гээд л дотроо бодоод, гэхдээ ил хэлэхгүй л дээ.

Яалт ч үгүй дотроос гижигдээд хайр хүрээд ирэхээр чинь эрэгтэй хүн би энэ эмэгтэйн нүднээс нь нулимс унагах уу? нүүрэнд нь инээмсэглэл тодруулах уу? гэдэг тодорхой хэмжээгээр миний үйлдэл, зан чанараас хамаарч байгаа болохоор би энэ эмэгтэйн төлөө юу хийж чадах вэ? миний хайрыг хүргээд байгаа энэ эмэгтэйн төлөө би сармагчин болсон ч хамаагүй гэж боддог.

Би хүнд ямар харагдсан ч хамаагүй үнэхээр уурыг нь гаргаж чадаж байвал би тийм байж чадна л гэж боддог” хэмээсэн бол түүний гэргий Уранзаяа “Миний хувьд энэ бүх зүйл, энэ олон зовлон бэрхшээл тохиолдсон ч гэсэн яг ингээд анх ямар хайртай байсан яг тэр чигээрээ ингээд үргэлж хажууд чинь байх болно. Хамгийн гол нь чи өөрөө яаж ч зовж шаналж байсан өвчтэй гэж өөрийгөө бодохгүйгээр намайг яг хамт байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Үргэлж хамт байна гэж амалж байна” хэмээжээ. Ингээд та бүхэнд тэдний хосын жороос хуваалцаж байна.

Хайр гэдэг ямар агуу ямар хүчтэй гэдгийг энэ хосоос мэдэрч байх шиг. Хүний хань гэдэг жаргал зовлон аль ч үед хажууд нь байж хамт өвдөж хамт инээж яваа хүнийг хэлэх бизээ. Энэ л зүйлийг хамт туулж яваа хүмүүс бол Х.Мөнхбаяр түүний гэргий Б.Уранзаяа нар юм. Төрөхийн өвдөлтөөс 4-5 дахин илүү зовиурыг 9 жил мэдэрнэ гэдэг таны санаанд ч багтахгүй их өвдөлт.

Х.Мөнхбаяр “Adhesive Arachnoiditis”буюу Нугасны үрэвсэлт хатингаршил гэх өвчний улмаас энэ хэмжээний өвдөлтийг өдөр бүр мэдэрч, шаналдаг. Өвчнөө дарахын тулд өвдөлт намдаах эм, тариа их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Одоогоос нэг жилийн өмнө тэрээр өдөрт нэг морфин тарьж өвчнөө мартдаг байсан бол өнөөдөр нэг таблет морфиныг өдөртөө дуусгадаг болжээ. Гэхдээ тэр түшиг болсон хань, гэр бүл, найз нөхдийн хамт бууж өгөлгүй шүд зууж явна.

Эмчилгээгүй гэх энэ өвчнийг Австри Улсад хянах боломжтой байдаг талаар тэр хэлсэн юм. Өглөө нар мандахад өвдөхгүйгээр сэрж үзэх юмсан гэх түүний хүсэл, Хань ижлээ эрүүл саруул бусдын адил аз жаргалтай байлгах юмсан гэх гэргийнх нь хүслийг элэг нэгт Монголчууд минь хамтдаа биелүүлцгээе. Үүний тулд 30 гаруй сая төгрөг шаардлагатай болжээ.Эмний сарын хэрэглээ нь 600 мянгаас 700 хүрээд байгаа залуу хосдоо бага ч гэсэн хандив өгч сэтгэлийн дэм хайралцгаая. Бусдын төлөө өнгөрүүлсэн хором мөч бүхэн үнэ цэнэтэй.

access_time 2018-05-16 19:03

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt