Б.Нацагдорж: Бейонсегийн хамгийн хэцүү дууг нь сонгоё гэж бодсон

“Яг түүн шиг” шоуны шинэ дугаарын анхны ялагчаар тодорсон дуучин, ая зохиогч Б.Нацагдоржтой цөөн хором ярилцлаа. Хүчирхэг хоолой, гайхалтай эрч хүчээрээ дэлхийн хөгжмийн ертөнцөд байр сууриа тодорхойлсон алдарт дуучин Бейонсег дуурайх нь түүний эхний даалгавар байв. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин Д.Уламбаяр, “Камертон”, “Киви” хамтлаг болон бусад уран бүтээлчдийн аялгуу, хөгжмийн найруулга дээр ажилласан дуучин, ая зохиогчийн дараагийн хувирах дүр нь Оросын алдарт дуучин Филипп Киркоров. Одоо түүнийг яг түүн шиг болохыг харах л үлдлээ.

-Шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Дэлхийн хөгжмийн ертөнцийн нэгэн тод өнгө болсон дуучин Бейонсег дуурайхад танд ямар сэтгэгдэл төрөв?

-Баярлалаа. Нэгэнт л энэ хүнийг дуурайх юм чинь хамгийн хэцүү дууг нь сонгоё гэж бодсон. Дүрээ судлах, бэлтгэл хийхэд нэлээд хугацаа зарцууллаа. Эрэгтэй хүн эмэгтэй дуучныг дуурайх л хамгийн асуудалтай юм байна. Парик зүүж, хөх бөгстэй болохоос эхлээд амаргүй зүйл олон. Бас өндөр өсгийт дээр байнга алхаж, дасгал хийх тийм ч амар байгаагүй. Хамгийн аймаар нь гар, хөлийн үсээ ваксдуулах шаардлагатай болсон. Энэ нь тийм ч амар ажил биш юм билээ. Шоуны эхний даалгавраа амжилттай биелүүлсэн ч намайг хамгийн зовоосон сонголт Бейонсе боллоо.

-Өндөр өсгийт дээр ажрахгүй бүжиглэж байгаад өмдөө гэнэт тайлсан нь ёстой гэнэтийн зүйл болсон. Дэлгэцийн өмнө хөл, гуяа гаргах тийм ч амар байгаагүй болов уу?

– Тийм ч хэцүү байгаагүй. Харин өмдөө тайлж шидэх гэж нэлээд юм болсон. Азаар үзэгчид түүнийг бараг анзаараагүй байх. Ер нь шоуны өмнө “Өмд тайлагдах болов уу” гэж санаа зовж байсан шүү. /инээв/

-Одоо та Филипп Киркоровыг дуурайна. Дүрээ судлаад эхэлчихсэн үү?

-Тийм ээ. Хамгийн түрүүнд орос хэлний мэдлэгтээ анхаарах шаардлагатай болж байна. Түүний дараа дүрийнхээ судалгаанд орно доо.

-Хувь уран бүтээлчийн зүгээс яг түүн шиг дуулж, бүжиглэж үзэхийг хүсдэг уран бүтээлч бий юү?

-Би жилийн хугацаанд дуурийн дуулаачийн ангид суралцсан. Тиймээс дуурийн дуучны дүрд хувираад үзчих юмсан гэсэн бодол төрж байна.

-Эмэгтэй хүнийг дуурайх сонголт дахин таарвал яах вэ?

-Монголынхоо эмэгтэй дуучдыг дуурайх юмсан гэж л бодож байна.

-Загвар өмсөгч О.Билгүүн шоунд оролцож байгаа оролцогчдоо өрсөлдөгч биш нэг хамт олон гэж тодорхойлсон. Та бүхэн нэг нэгэндээ дэм болж нэвтрүүлэгтээ оролцож байгаа гэсэн үг үү?

-Бид бүгдийг хамтдаа хийхийг хичээдэг. Загвар өмсөгчид маань биднийг зураг авахуулахдаа юунд анхаарахыг зөвлөдөг. Тайзны сургуулилт хийхэд жүжиглэлт талаасаа Тэмка тусалж байна. Дуучид нь дуулахдаа хэрхэн анхаарахыг зөвлөж, хамтарч ажилладаг. Бид чинь нэг ангийн бас нэг хамтлагийн уран бүтээлчид шиг л шоундаа оролцож байна.

-Дугаарын ялагч гурван сая төгрөгийн эзэн болдог. Та шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?

-Би гурван охинтой. Охид маань “Аав аа, та ялагч болбол тоглоом авч өгөөрэй” гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд охиддоо авахыг хүссэн тоглоомыг нь авч өгнө дөө.

access_time 2018-05-09 14:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt