Цагдаа руу “салаавч” гаргасан этгээдийн гомдлыг хүлээж авсангүй

 

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Иргэн Ц.Баярцогт Зөрчлийн тухай хуулийн дагуу оноосон 250 мянган төгрөгийн торгуулийг төлөхийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргажээ. Энэ гомдлыг өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж хүчингүй болголоо.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг нийслэлийн Прокурорын газар руу шилжүүлжээ. Ингээд прокурорын дүгнэлт гартал олон нийтийн газар танхайрсан этгээд Ц.Баярцогтыг 48 цагийн хугацаанд хорьж, саатуулаад байсан.

Харин прокурорын байгууллага хэргийг хянаад цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэлийг нотлох баримтгүй буюу торгуулийн хуудасгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн аж. Тиймээс түүний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгосон ч баривчлах эсэхийг тусад нь шалгахаар шүүх шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрх прокурорын байгууллагад хэвээр үлдлээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэх юм бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрвээ шүүх хуралд оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болохыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Хэргийн талаар эргэн сануулахад, есдүгээр сарын 21-нд 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа дохиж зогсоон, машин болон жолоочийн бичиг баримтыг шалгахад уг машинд зорчиж явсан Б гэгч иргэн, үүргээ гүйцэтгэсэн цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар уг хэрэг ил болсон.

Мөн цагдаа автомашины дуут дохионы зөвшөөрлийг нь шалгахад бичиг баримтын зөрчилтэй байсан учраас 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг.

access_time 2017-10-03 19:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt