Д.Батсайхан: Хандивын мөнгөөр худалдан авалт хийгээгүй, дансанд байна


Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын хуурайшилтын үе эхэллээ. Үүнтэй зэрэгцээд ой, хээрийн түймэр нэмэгдэж байна.Юуны түрүүнд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Он гарсаар улсын хэмжээнд найман аймгийн 16 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн анги, байгууллага, орон нутгийн иргэд нийт 1,030 хүн, 106 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1 хэмийн дулаан байх төлөвтэй байгаа тул иргэд түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой, хээрээр явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг анхаарах хэрэгтэй байна.

-Онцгой байдлын байгууллагаас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Гал түймрийн дийлэнх нь хувь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм болохоор онцгой байдлын байгууллагын зүгээс эртнээс сэрэмжлүүлэх, иргэддээ анхааруулах мэдээлэл сурталчилгааг хийж эхэлдэг.

Энэ мэдээлэл, сурталчилгаагаа бид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг шторк, нэвтрүүлэг тасралтгүй явуулах, алба хаагчид маань айл өрхөөр ухуулга сурталчилгаа хийх, гарын авлага тараах, иргэдэд сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглах гээд бүх л боломжит хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай “Улсын онцгой комиссын албан даалгаврыг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан БХЯ, БОАЖЯ, ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, ОБЕГ-ын даргын албан даалгаврыг аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Мөн төв, орон нутгийн Гал түймэр унтраах, аврах ангиудад “Ой, хээрийн түймэр унтраах арга зүйг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулаад байна.

-Ой, хээрийн түймрийн гаралт нэмэгдлээ гэх мэдээлэлтэй зэрэгцээд өнгөрсөн зуны хандивын аянаар цуглуулсан мөнгө хаашаа орчхов. Зарцуулалтаа яагаад тайлагнахгүй байна гэдэг асуулт иргэдийн зүгээс тавигдаж эхэлж байна. Иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Юуны өмнө эх орныхоо төлөө хэзээ ч эвлэлдэн нэгдэхэд бэлэн гэдгээ харуулж, алба хаагчдад маань сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, нийт монголын ард түмэндээ, элэг нэгт өвөрмонголчууддаа Онцгой байдлын байгууллага, нийт алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.

Тухайн үед иргэд маань онцгой байдлын байгууллага, тэр дундаа түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад туслах зорилгоор мөнгөн хандив өгөх гэсэн юм, ямар дансанд энэ хандивыг төвлөрүүлж болох вэ гэсэн хүсэлтийг их ирүүлсэн учир манай байгууллагын зүгээс албан ёсны хандивын дансыг нээсэн. Энэ дансанд маань 765.2 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага, алба хаагчид 603.1 сая төгрөг хандивласнаар нийт нэг тэрбум 368 сая төгрөг цугларсан.

Одоогоор энэ хандивын мөнгөнөөс бид ямар нэгэн зарцуулалт хийгээгүй байна. Бид иргэдийнхээ сайхан сэтгэлийн хандиваар цугларсан энэ мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Тиймээс онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг гарган ажилласан.

Тэгээд хуулийн дагуу эхний ээлжинд хүмүүсийн хандивласан 765.2 сая төгрөгөөр худалдан авах техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулж, хуулийн дагуу тендер зарласан. Уг тендерийн долоон багцад 10 гаруй аж ахуйн нэгж тендер ирүүлснээс нэг багцад нэг аж ахуйн нэгж шалгарч гэрээ байгуулсан. Бусад багцад шаардлагад нийцсэн тендер ирээгүй учраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу дахин нээлттэй тендер зарлан энэ сарын 16-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Одоо үнэлгээг хийж байна.

Мөн хандивын мөнгөний хоёр дахь хэсэг болох 649.3 сая төгрөгөөр онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээний жагсаалтыг боловсруулахаар ажиллаж байна.

-Тэгэхээр иргэдийн санаачилгаар эхлүүлсэн сайн дурын аяны хүрээнд цуглуулсан мөнгөн хандив ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй, дансандаа байгаа гэж ойлгож болох уу. Хэрвээ иргэд яг дансандаа байгаа эсэхийг шалгаж үзье гэвэл тийм боломж бий юү?

-Дансны хуулгыг үзүүлэх боломжтой. Төрийн сан дахь хандивын дансанд цугларсан нэг тэр­бум 368 сая төгрөг хэвээрээ, ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байгаа.

-Ард иргэд анх энэ хандивын давалгааг эхлүүлэхдээ Онцгой байдлын байгууллагыг нисдэг тэрэгтэй болгоё гэсэн санал санаачилга гаргаж байсан?

-Ард иргэдийн зүгээс гаргасан хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулаарай гэсэн санал нь онцгой байдлын байгууллагын нисэх нэгжтэй болох зорилттой нийцэж байгаа юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглаж байгаа “МИ-171Е” гэсэн загварын зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй.

Тийм болохоор хандивын мөнгийг онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг гаргасан.

Сүүлийн жилүүдэд онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм.

-Тухайлбал, ямар техник хэрэгсэл авахаар төлөвлөж байна. Мөн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Бололгүй яах вэ. Бид техник хэрэгслийнхээ судалгааг гаргахдаа алба хаагчдынхаа саналыг авч, тусгасан. Юуны өмнө гамшиг осол, ой, хээрийн түймрийн үед урьдчилан тандалт, эргүүл хийх, галын голомт болон тархалтын хэмжээг тодорхойлох, дүрсжүүлсэн бичлэг бүхий мэдээллийг авч үнэлгээ хийх, аврах ажлыг агаараас удирдан зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн болон хүнд өвчтэй хүнийг яаралтай тээвэрлэхэд ашиглах боломжтой жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/ авъя гэсэн санал оруулсан. Автожир нь онцгой байдлын албаны нисэх нэгжийн эхлэл, нөгөө талаас онцгой байдлын албаны нисэх нэгжид ард түмний зүгээс оруулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм.

Мөн нисгэгчгүй нисэх аппарат авахаар төлөвлөөд байна. Энэ нь Matrice 600 буюу “DJI” компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг дрон юм. Тээвэрлэж буй ачаанаасаа шалтгаалан 18-37 минут нисэх чадалтай. Хамгийн багадаа 5.5 кг жинтэй ачаатай нисэж, 4.5 километрийн цаанаас 60 fps хурдтайгаар 1080p дүрс дамжуулах боломжтой, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон учир эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах юм.

Ой, хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын таван кг хүртэлх эд зүйлсийг нисгэгчгүй нисэх аппаратаар алба хаагчдад хүргэх боломжтой. Мөн ойн бүсэд төөрсөн, нурангид дарагдсан иргэдийг дулаан мэдрэгч төхөөрөмжөөр илрүүлэн, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Дараагийн авахаар төлөвлөсөн техник, тоног төхөөрөмж бол биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур.

Эдгээр нь гамшигт нэрвэгдсэн иргэд, өдөр бүр гамшиг осолтой нүүр тулан ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмж юм. Шинжилгээгээр 6-14 төрлийн үзүүлэлтийг 10 минутын хугацаанд шинжлэн гаргах хүчин чадалтай. Гамшгийн голомт дээр очиж шинжилгээ хийж болохоороо давуу талтай юм.

Үүнээс гадна хорт утааны баг, багны бортого цэнэглэгчтэй нь авахаар төлөвлөсөн. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарснаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх ёстой.

Гэтэл одоо ашиглаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй болчхоод байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгээгүй. Тиймээс ийм нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулахаар төсөвлөсөн.

-Жижиг оврын нисдэг тэрэг Автожир авна гэлээ. Энэ нисдэг тэргийг жолоодох нисгэгч байгаа юу?

-Байгаа. Онцгой байдлын байгууллага нисдэг тэрэгтэй болох асуудлыг өнгөрсөн зунаас л анх ярьж байгаа юм биш. Өмнө нь нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй гэсэн санал санаачилга, тооцоо судалгааг гарган төр, засагтаа хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөөч ээ гэж хандаж л байсан. Тиймээс бидний зүгээс нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлтгэх ёстой гэж үзэн эхний ээлжинд жижиг оврын нисдэг тэрэгний нисгэгчээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагчийг сургаж бэлтгэсэн. Хэрэв энэ жижиг оврын нисдэг тэргийг авчихвал алба хаагчид маань жолоодоод нисэхэд бэлэн гэсэн үг.

-Мөн өнгөрсөн зуны түймэрт явсан алба хаагчдын томилолтын мөнгийг одоо хүртэл ол­гоогүй байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. Үүн дээр ямар тайлбар хийх вэ?

– Түймрийн голомтод ажилласан алба хаагчдын томилолтын мөнгийг онцгой байдлын байгууллагаас бодоод, хянаад, Сангийн яамаар хянуулаад, Засгийн газрын тогтоолыг нь гаргуулчихсан. Гэхдээ одоогийн байдлаар эх орны эдийн засгийн чадамжаас болоод санхүүжилт нь орж ирээгүй байгаа учир алба хаагчдадаа олгож чадахгүй байна л даа.

Энэ томилолтын мөнгө байнга цалингийн санд байж байдаг мөнгө биш юм. Өөрөөр хэлбэл, болзошгүй гамшиг осол тохиолдсон тохиолдолд тэнд ажилласан хүмүүстээ дараа нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс олгодог. Тэгэхдээ жилд хоёр удаа олгоно гэсэн заалттай. Тиймээс өнгөрсөн зуны түймэрт ажилласан алба хаагчдын маань нэг хэсэг нь оны өмнөхөн томилолтын мөнгөө авсан бол зарим нь одоо болтол авч чадаагүй байгаа юм. Гэхдээ удахгүй энэ мөнгө алба хаагчдын гар дээр очно.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин

access_time 2018-04-23 13:21

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt