Оюутолгойн гэрээ зогсчихвол бид “цэнгэлийн манлайд” хүрэх үү…

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эхлүүлэх үед ерөнхий сайд /ЕС/ байсан С.Баяр, Сангийн сайд байсан С.Баярцогт болон түүний “хамсаатнууд”, мөн Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэсэн ЕС асан Ч.Сайханбилэг нарыг хорьж аваад, хотлоороо нэг санаа нь амрах шиг болов. Тэгээд болоогүй, зүгээр ч нэг хорих хангалтгүй санагдаж байгаа бололтой, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээллийн доор: “цаазал, дүүжил, бууд…” гэх мэтийн бөөн улангассан сэтгэгдлүүд.

Уг нь эдгээр “цаазлуулах” гээд байгаа нөхдүүдийн хүчээр анх Оюутолгой төслийн гэрээ амжилттай хийгдэн, асар том хөрөнгө оруулалт орж ирсэн юм шүү дээ. Тэгээд ч 1873 оны гуравдугаар сарын 29-нд байгуулагдсан, 140 гаруй жилийн түүхтэй, уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог, 2007 онд 147 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дэлхийн шилдэг гурван уул уурхайн компанийн нэг болж байсан Рио Тинто компани Монголыг “тоож” хөрөнгө оруулсны дараагаас олон улсын тавцан дээр Монгол улсын нэр нөлөө суга өссөн.

Одоогоор Оюутолгой компаниас 14000 монгол ажилчид цалинжин, 5000 гаруй монгол компаниуд ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Эдгээр тооны ард хичнээн монгол хүмүүс байж болохыг тооцоод үзээрэй. Мөн Оюутолгой компанийн татварын орлого Монголын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг, түүгээр нь цалин тэтгэврээ тавьдаг гээд бод доо.

Хэрэв энэ төсөл нам зогсоход хүрвэл Монголын нийгэм-эдийн засаг тэр чигээрээ том шоконд орно. Арилжааны банкууд дампуурна. Тэгээд Монгол улс дефолт болж, Грек, Венесуэлийн араас явна. Зөвхөн Орос, Хятад хоёр хөршөө царайчлан дунд нь хавчуулагдаж, жинхэнээсээ “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” болно. Өөрөөр хэлбэл, улсаараа “чацга царайлна”… Ийм л зураглал харагдаж байна.

Оюутолгойг зогсоогоод, Рио Тинтог Монголоос хөөж гарга хэмээн орилолдоод байгаа хүмүүс цаад нарийн учрыг сайн мэдэж байгаа юу, ер нь? Зарим нь ч бүр зориуд тэгж хашгирч байж болох, хэн нэгэнд хөлслөгдсөн учраас.

Яг үнэндээ бол, одоо Оюутолгойг булаацалдсан “том зодоон” өрнөж байна. Иймэрхүү зүйлийн нарийн учрыг сайн мэдэхгүй байж, сэтгэлийн хөөрлөөрөө “хөөж гарга, цаазал, дүүжил” гэж хашгираад байгаа хүмүүс хожим нь амаа мянгантаа барин харамсаад ч барахааргүй аймшигт байдалд орох вий!

Бүгдээрээ бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эрүүлээр сэтгэцгээе. Тийм ч амархан, хүссэн болгонд олдоод байдаггүй асар том хөрөнгө оруулалт олж авсандаа олзуурхаад, үүнийгээ хөөж гаргалгүй, харин улам сайжруулаад л явах нь зүйтэй санагдана. Хөрөнгө оруулагчаа хөөж гаргалаа гээд олигтой зүйлд хүрдэггүйг “Хан ресурс”-ийн гашуун туршлагаас харж болно. Түүнийг хөөж гаргасны төлөөсөө Монгол улс хэд дахин нугалж төлөхөөр болсныг мартаагүй биз дээ…

access_time 2018-04-20 16:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt