Бат-Энэрэлийн эмээ: Тоглолтынхоо орлогоор цэцэрлэг барих хашаа авсан


Монголчууд бид бяцхан авьяастан Бат-Энэрэл гэх өхөөрдөм хөөрхөн дуучинтай болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Шинэ дуу хийх бүрт нь хамгийн түрүүнд сонсохыг эрмэлздэг өөрийн гэсэн фэнүүдтэй ч болсон байна. Учир нь түүнд эх орон, элгэн түмнээ хайрлах их хайр бий. Үргэлж л болно доо, болно гэж сайн, сайхан зүйл бодож, хийхийг уриалдаг бяцхан дуучин маань гуравдугаар сарын 12-нд орон нутгийн тоглолтоосоо ирээд сайн үйлсийн аянд нэгдээд байгаа гэнэ. Түүний төлөө бүх л амьдралаа зориулж яваа нагац эгч буюу олны мэдэхээр Бат-Энэрэлийн эмээ Б.Барамсаймаатай ярилцлаа. Бид хоёрын ярилцах шалтгаан их энгийнээс эхэлсэн боловч бүх л зүйлийн талаар ярилцаж чадсандаа хувьдаа их л баяртай байлаа.

Сайн байна уу, танд сайхан урин цагийн мэнд хүргэе. “Бяцхан дуучин Бат-Энэрэлийг дэмжигчдийн хуудас” эргээд ажиллаж байгааг харах их таатай байна?
Баярлалаа. Байсгээд л unpublish болчихоод байх юм.

Саяхан Бат-Энэрэл маань “Ачлалт хүүхдүүд” ТББ-д хандив өргөсөн байсан. Ер нь сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд түлхүү оролцож байна уу даа гэж харагдлаа. Мэдээж энэ бүхэн таны болон ээжийнх нь санал, санаачилга байх?
Хэд хэдэн сайн үйлсийн аянд нэгдэж байгаа. Цаашдаа ч нэгдэх болно оо.

Жишээ дурдаж болох уу. Мөн бусдыг ч гэсэн сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байгаа байх?
Есөн хүүхэдтэй Өнөрзаяа бүсгүйн байшинд хандив өгсөн. Одгэрэл гээд хавдартай эмэгтэйд ээж нь өдөр бүр хоол зөөж, тусалж, гэрт нь тавилга авч өгсөн. Хашаандаа буулгаад асарч байгаа. Байгаагаараа тусалж, хандивын аянд оролцох болно оо. Дунд хүүг нь тоепэлийн сургалтанд суулгаж, Чикаго хотод байдаг Монгол төвийн залуустай хамтарч тэнд сургуульд өгөх санаатай байна.

Их ажил амжуулж байгаа юм байна. Цаашид ч хандивын ажлаа үргэлжлүүлнэ гэлээ. Нэр дээр нь сан байгуулдаг ч юм уу, тэгж ажиллавал зүгээр байх аа?
Одоохондоо энэ эмэгтэйг л сайн асарч, тэнхрүүлэх санаатай. Сан байгуулсан байгаа. Халамжийн цэцэрлэг барих санаатай хайлаастад хашаа авсан. Сайн судлахгүй бол мэдэхгүй юм их байна аа. Гэхдээ ямар ч байсан хийнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг их ховор юм билээ. Мөн өрх толгойлсон ээжүүд байна. Хүүхдийг нь хараад өгчихвөл ажиллаад байх ээжүүдийг дэмжээд өгвөл болох юм шиг санагдаад байгаа.

Одгэрэл гээд хавдартай эмэгтэй хавдрынхаа хэддүгээр үед яваа юм бэ. Уг нь үнэхээр чаддаг л юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ядруухан амьдралтай өрх толгойлсон ээжүүдэд тусална гэдэг хамгийн зөв зүйл шүү?
“Ачлалт хүүхдүүд” ТББ-ын хамт олноос суралцах юм их байна лээ. Очиход их гоё, сэтгэл байхад юуг ч бүтээж болно гэдгийг их л ухааруулж, урам зориг өгсөн. Чадахын төлөө л зүтгэж байна даа. Бат-Энэрэл маань ч сайн ойлгосон, их дуртай байгаа. Одгэрэл гээд эмэгтэй савандаа хавдартай байсан, саваа авахуулсан. Гэхдээ бөөр, давсгандаа тархсан гэсэн. Одоо химийн болон туяаны эмчилгээ хийлгэнэ. Том хүү нь ирчихвэл уг нь болно л доо. Удахгүй цэргээс халагдана. Бат-энэрэлд маань тэр газрын “авахаасаа өгөх нь илүү ачлалтай” гэдэг үг таалагдаад байгаа гэсэн.

Тийм үү. Ингээд сонссон ч яалт ч үгүй сайхан үг байна шүү. Олон хүнд чадахаараа тусалж байгаа юм байна. Хариуд нь хүмүүсийн та бүхэнд хандаж байгаа хандлага, сэтгэл гэж их сайхан зүйл ирж байгаа байх аа?
“Ачлалт хүүхдүүд” ТББ-ын хоёр гэр бүл яг нэг хүн шиг зорилготой. Нөгөө хэдэн асардаг хүмүүсээ ярихаараа нүд нь гэрэлтээд л бөөн хайр л байна лээ. Ямар гоё сэтгэл гэж бодно. Бид хүүдээ хүнээс хариу нэхэх гэж туслах хэрэггүй, тэр хүнээс ирэхгүй ч бурхан чамайг хэрэгтэй үед өөр байдлаар тусалдаг юм гэж ойлгуулсан.

Энэрэл их сайн ойлгож байгаа байх аа?
Зарим юм ойлгодоггүй хүний хажууд бол амар ш дээ. Их зөөлөн, өрөвч сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Тэр их гоё айл байна лээ. Сэтгэл л байвал надад бүх зүйл боломжтой гэдгийг ойлгуулсан. Тиймээс би бас чадна, бүтнэ гэсэн зорилготой болсон доо. Эхэндээ эвээ олохгүй айж л байсан. Одоо бол зүтгэнэ ээ.

Түрүүн сан байгуулсан гэж байсан. Сангаараа дамжуулаад одоо хийж байгаа сайн үйлсээ үргэлжлүүлээд, мөн дээр хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өрх толгойлсон ээжүүдэд туслаад явбал сайхан байхгүй юу?
Чикаго хотын “Монгол төв”-ийн залуус бас л амьдралаасаа илүүчлээд энд байгаа хүмүүст туслаад явж байгаа. Байраа барьтал хүмүүст боломжоороо туслаад явах болно оо.

Зүгээр нэг гэр биш бүр том асрамжийн төв болох учраас цаг хугацаа, хөрөнгө их шаардагдах байх л даа. Гэхдээ сайн үйлс гэдэг цаанаасаа л өгөөжтэй, сайхан бүтдэг шүү?
Би хэрвээ цэцэрлэгтэй болвол хүүхдүүдэд багаас нь болох болохгүйг зааж хэвшүүлж, мөн хүмүүжил дээр нь илүү анхаарч, хүн байхын учрыг зааж өгнө гэж боддог. Эхлээд нэг давхар гээд нэмээд байвал болох байх гэж бодож байгаа. Болгоно доо.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж нэг сайхан үг байдаг даа?
Эрхлүүлэх, амттанаар тэтгэхийг хайр биш гэж боддог. Буруу эрхэлсэн, ээж, аав нь ч дийлэхээ больсон хүүхдүүд их харагдах юм. Хүүхдээ хорлож байна гэдгээ ойлгохгүй байна гэж би боддог. Магадгүй миний буруу ч байж магад.

Буруу эрхэлсэн хүүхэд, бухын хүзүүнээс хатуу гэдэг дээ. Бат-Энэрэлтэй хийх гэж байгаа ажлаа ярилцахаар юу гэж хүлээж авдаг вэ. Аливаа зүйлийг зарим томчуудаас ч илүү нухацтай хүлээж авч байгаа харагддаг?
Энэрэл багш болно л гээд байгаа. Хайрлахдаа хайрлаад, буруу зөвийг нь хэлж өгөхгүй бол хүүхдийн буруу биш шүү дээ. Ирээдүйгээ сайхан байлгая гэвэл хүүхдүүдээ хувиа хичээсэн занд биш нийгэмшүүлж өсгөх хэрэгтэй гэж боддог юм.

Нээрээ л хүүхдийн буруу гэж юу байх вэ. Томчууд л зөв бурууг нь ялгаж өгч, аливаа зүйлийг сайнаар ойлгуулах хэрэгтэй байх. Одооны хүүхдүүд илүү ухаалаг юм шиг санагддаг ш дээ?
Хүн хүндээ туслах, хариу нэхэхгүй хайраа түгээж сургах хэрэгтэй. Хүнийг хайрлаж, өрөвдөж байвал хүнээрээ байгаагийн шинж гэдэг дээ. Ядаж л өөрийн гэсэн зүйлээ гамтай хэрэглэдэг, хүний юмыг авсан бол заавал буцааж өгдөг болгож хэвшүүлэх чухал. Адаглаад л гадаа хог хамаагүй хаявал өдөржин ажиллаад, ядарсан хүн тэрийг нь цэвэрлэнэ гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Би ч хэцүү хүн дээ. Болохгүй юм харагдвал дуугүй өнгөрнө гэж байхгүй, заавал хэлэх гээд байдаг юм.

Яагаад өөрийгөө ингэж хэлнэ вэ. Уг нь буруу бүхний хажуугаар дуугүй өнгөрөхгүй байна гэдэг сайн чанар шүү дээ?
Зарим хүмүүс дургүй ээ. Хүний асуудал гэж хандахгүй, миний хамаатан, үр хүүхэд юм шиг загнана. Ээжид нь хэлнэ, амттанаар угжаад энэ хайр биш шүү, уйлаад наад хүүхэд чинь дийлээд сурчихаж, загнахаасаа өмнө яагаад загнаад байгаагаа тайлбарла. Тэгэхээр хүүхэд маш сайн ойлгодог гээд л хэлнэ.

Хүмүүст үнэн үг жаахан хатуу тусдаг л даа?
Тийм байх аа. Би бас амьтанд их хайртай. Харцаараа л юм хэлээд байх шиг санагддаг.

Гадаад хүмүүс хүүхдээ хүмүүжүүлэхдээ гэрийн тэжээвэр амьтнаараа дамжуулж их зүйл ойлгуулдаг гэж сонсож байсан юм байна?
Бат-Энэрэл маань анх жаахан шоглоод байдаг байсан. Одоо бол хошуу дэвсээд л нохойгоо эрхлүүлнэ. Хооллоно, шээс, баасыг нь цэвэрлэнэ. Бас болоогүй ээ, нохойныхоо хувцасыг угааж өгнө. Даан ч бөөн савантай л зуураад байдаг юм.

Нохой гэж эми юу?
Үгүй, өөрт нь нохой авч өгсөн. Биеэ дааж тэжээж байгаа. Өглөө явахдаа хооллоод, ярилцаад гардаг. Гэртээ харихгүй оройтвол хөөрхий амьтан ярьж чадахгүй, өлсөж байгаа, харья гээд чухам санаа зовоостой л байгаа. Би хол явахаараа санана, уйлна. Үлгэрийн амьдралтай ш дээ.

Энэрэлийн дуулахыг харахаар үнэхээр хайр хүрээд байдаг юм. Үргэлж л сайн сайхан зүйл тохиолдоосой гээд залбирч явдаг шүү. Одоо Энэрэл маань ээж, эмээ, эгч гээд л бүгдэнтэйгээ их сайхан байгаа байх аа?
Манай хүүгийн ээж их зөөлөн, цайлган хүн байдаг юм. Ээжийгээ дуурайсан байх аа. Байгаа даа их сэтгэлэн хангалуун, болно ш дээ аниа гээд л тэгдэг юм. Надаас тэс өөр. Муу санаа гэж байхгүй. Бүх үг нь ил. Хүн муу хэлнэ гэхээр яах вэ ярьж л байг дээ, хэсэг ч гэсэн стрессээ тайлсан бол болсон л байна гэдэг юм. Их гэнэн ч юм шиг.

Сайхан ээжийнхээ дууг утсаар ч сонсох жаргалтай гээд дууныхаа дундуур хэлэхээр бараг л уйлчихдаг байлаа. Одоо Энэрэл маань эмээ, эгч, ээжтэйгээ хамт байгаа болохоор элэг нь дэвтсэн байх аа, ээж маань ирчихсэн, би ээжийгээ одоо санахаа больсоон гээд л?
Ээж нь их мундаг ш дээ. Хүүгээ хараа орохгүй гэж байхад болно ш дээ гээд л хаана сайн эмнэлэг, лам, бөө байна уйгагүй явдаг байсан. Би ч яахав тэр хүнийг яаж тэмцэж байж хүүхдээ өдий хүргэснийг, дотроо яаж шаналж байсныг сайн ойлгох биш. Ээж нь хоёр удаа л гурван сараар яваад ирсэн. Бусад үед нь уг нь хамт байсан ш дээ. Тэрийг нь мэдэхгүй байж хүүхдээ хаяад явчихаад ирсэн гэнэ. 2017 оны тавдугаар сарын 20-ний тоглолт дээр ирсэн. Түүнээс хойш одоо хүртэл хамт л байгаа. Урлагийн асуудлыг нь мэдэхгүй болохоор хол байя л гэдэг байсан. Тоглолт болон мөнгө, төгрөгийн асуудалд нэг ч орж үзээгүй.

Өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд болсон тоглолтын үеэр гарсан асуудлаас болж олон нийт ээжийг нь мөн ч их янз бүрийн үгээр хэлж, дайрч, давшилсан даа?
Өөрөө тоохгүй байна лээ. Хар цагаан хэл ам нь тэнцэж байгаа юм байлгүй гээд. Хүний эх гэдэг ийм л мундаг байгаа юм. Бас их уужуу. Би бол шаналаад хэцүү л байх байсан. Тэгэхээр хүнд авахаар сайн чанар заавал байна. Төгс хүн гэж байхгүй л дээ.

Хүүхдийн заяа түшдэг гэдэг дээ. Ээж нь хүний эх гэсэн дээ аргагүй л тэвчээр заажээ. Ёстой л газар дор орохоор их л эвгүй үгсээр дайрч, давшилсан байсан шүү?
Миний хүү л мэдэж байвал бусад хүн юу гэж хэлэх нь надад огт хамаагүй гэсэн. Тэгээд хүмүүс ч их нэг талаа барих юм. Ямар нөхцөл байдалд ээж нь дуугарсныг мэдэхгүй байж янз бүрийн үгээр хэлэхээ л урьтал болгоно. Хүүхэд гаргах ёсгүй үед нь тайзан дээр гаргаад эвгүй байдалд оруулаад, та зохион байгуулж байгаа юм бол хөтлөгчдөө сайн хэлэхгүй л гэсэн юм ш дээ. Тэр хүмүүс зөвхөн зураг авахуулах гэж хүүхэд тайзан дээр гаргачихаад, ганцааранг нь үлдээгээд орцгоосон байсан. Би бичлэг үзээд бүр гайхсан.

Тэр үед нь та хамт байгаагүй юм уу?
Хамт байсан. Араас нь харсан. Урдаас нь авсан бичлэгэн дээр шал өөр харагдаж байна лээ. Тийм үед ямар ч хүн хүүхдээ өрөвддөг юм билээ. Бичлэг үзээд өөрийн эрхгүй хоолой зангирсан.

Энэрэл их гайхсан байх даа?
Энэрэл ээжийгээ их хайрладаг болохоор ээж нь зүгээр харагдвал тэгээд л бол оо. Ээж нь шаналаад байвал дахиж дуулахгүй гэж мэдэх л хүүхэд. Дуул гэхээр, өөрөө л үгүй гэвэл юу ч гарахгүй. Албадсан зүйлд их дургүй л дээ. Манай Энэрэл болно, бүтнэ, чадна, хийнэ гэсэн хэдэн үгтэй. Хүүгээсээ сурах юм их бий шүү. Бат-Энэрэлийг хүүхдүүдээс эхлээд настай хүмүүс хүртэл сонсдог болохоор бид л хүүгээ сайн хүн болговол бусдад үлгэр дуурайл болох байх гэж боддог.

Надад сахиусан тэнгэр шиг санагддаг, эсвэл бяцхан хувилгаан ч юм уу?
Нэг л өөр л дөө. Ярьж байгаа, хийж байгаа үйлдэл, асууж байгаа асуулт нь хүртэл. Заримдаа би бантана ш дээ. Тэгэхээр хүүхдээсээ илүү ухаантай байж л хүмүүжүүлнэ гэсэн үг. Гэхдээ тийм ч хэцүү биш л дээ. Сайн сонсогч нь байж л өөрийгөө ойлгуулна. Их юм ярина аа. Яана аа гээд хэлэхээр битгий тэгж ярьж бай, муу ёр дууддаг юм гээд би уучлалт гуйгаад л дуусна даа. Заримдаа эмээ дараа ярилцъя, хүү нь жаахан яримааргүй байна гэдэг. Бас аймаар гэж хэлүүлэхгүй. Сайн сайхан юм бод, тэгвэл биелэнэ. Муу юм бодоод байвал муу юм ирнэ гээд л том хүн шиг ярина. Одоо ч, өө тийм үү гээд л дуугүй болох зөв зам болоод байгаа. Ер нь одооны хүүхдүүд бүгд ийм юм шиг ээ. Хэрвээ эцэг эх нь цаг гаргаж сонсоод байвал хүүхдүүд их ухаантай болсон. Бид хүүхэд гээд хана босгочихоод тоодоггүй ш дээ. Манай Энэрэл утаснаас бол их хол. Чамд л муу, би чамд хайртай болохоороо өгөхгүй байгаа юм. Хайргүй байсан бол утсаа өгөөд л хэсэг чимээгүй амрахаа бодно шүү дээ гэдэг юм. Тэгэхээр ойлгоод, утсаар оролддоггүй юм.

Анх Энэрэлийг аль нэг аймгийн хутагт, хувилгаан байх гэж боддог байлаа. Жир хүүхэд ийм байх боломжгүй гээд л…?
Тийм зүйл байхгүй байх аа. Зүгээр л үзэл бодол нь нээгдсэн хүүхэд байхгүй юу. Одооны хүүхдүүдийг хуучны сэтгэлгээгээр хүлээж авах ёсгүй юм шиг ээ. Ийм хүүхдүүд их төрсөн гэсэн. Гэхдээ ойлгохгүй дарсан л байх гэж боддог. Хүүхэд байж том, том юм яриад гээд загнах жишээтэй. Дахиж тэр хүүхэд ярихгүй ш дээ. Загнаж болно оо, гэхдээ яагаад загнаж байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Ийм хүүхдэд ойлгуулахгүй дураар нь тавибал буруу хүн болно. Зөв чиглүүлэх л хэрэгтэй гэж боддог юм. Жишээ нь, Энэрэлтэй гудамжинд хүн таараад өө, од явж байна гэхээр, би од биш ээ, од тэнгэрт л байдаг юм гээд бэлэн үгтэй.

Ийм ухаантай эмээд эмзэглэж явдаг асуудлууд олон байдаг байх?
Одооны энэ нийгмийн хамгийн муухай нь хүчтэй нь зөв, хүчгүй нь буруу гэдэг үзэл л байна. Баян л бол хүчтэй, юу ч хийж болно гэж л хүүхдэд ойлгуулж болохгүй.

Энэрэл маань хичээлдээ явж байгаа юу. Хөдөө орон нутгийн тоглолт нь амжилттай болсон уу. Одоо нэлээн том болчихож байгаа болохоор их л завгүй байгаа байх даа?
Хичээлдээ явж байгаа. Их орой тардаг болохоор кэндогоороо ч хичээллэж амжихгүй байгаа. Аялан тоглолтоосоо гуравдугаар сарын 12-нд ирсэн. Тоглолт нь их сайхан болсон. Бүх газрын билет очихоос нь өмнө дууссан байсан. Тоглолтынхоо орлогоор дээр яриад байсан цэцэрлэг барих хашаа авсан шүү дээ. Мөн илүүчлээд сайн үйлсийн аянд нэгдэж байгаа.

Нүднийх нь хараа их сайжирсан юм шиг ээ?
Одоогоор ямар нэгэн тодорхой эмчилгээ хийгээгүй байгаа. Нүд нь өөрөө л сайжраад байгаа шүү. Олон хүний эдгээсэй гэсэн чин сэтгэлийн үр байх гэж боддог юм.

Таныг Барамсаймаа гэдэг юм байна. Барамсай гэж эрэгтэй хүний тухай сонсож байснаас ийм нэртэй хүн огт сонсож байгаа юм. Их сонирхолтой нэр байна?
Тийм шүү, сонин нэртэй байгаа биз. Төвд нэр л дээ. Бурханы дагуул эх гэсэн утгатай. Маа гэдэг нь эх юм билээ. Олон нэр сольсон гэсэн. Тэгээд манай удмын номтой дөрвөн ламтай нийлж байж нэр гэсэн. Их л хүндэтгэлтжэй авсан нэр гэж боддог юм. Хүүхэд байх даа ичээд, нэрэндээ их дургүй байлаа. Хүүхдүүд хэлж чадахгүй, янз янзаар дуудна.

Гавьяаттай хэвийн харилцаатай байгаа юу?
Бид муудалцаагүй ээ. Гавьяатын эхнэр, Энэрэлийн ээж хоёр л маргалдсан. Одоо байдгаараа л байгаа.

Энэрэл гавьяатад их сайн юм билээ?
Тийм ээ, хоёулаа л хоёр биедээ их сайн. Гавьяат маань их зожиг ш дээ, хүүхдэд тийм ч сайн биш. Гэхдээ Энэрэлтэй бол ямар ч тийм зан байхгүй, үеийн юм шиг л байдаг. Дандаа сайн сайхан юм хэлнэ гэж юу байх вэ. Ойрхон хүмүүсдээ их ширүүн хүн дээ. Ширүүлж байвал дотно хүн нь болжээ л гэсэн үг.

Дэлгэрэнгүй сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Бат-Энэрэлийнхээ цаашдын уран бүтээл, эрүүл мэндэд сайхнаас сайхан, гэгээнээс гэгээн бүхнийг хүсье.

access_time 2018-04-20 12:58

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt