Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Жаст”-ын Ш.Батхүүг “мурьсан” уу


“Жаст” группийн захирал Ш.Батхүү Монголын ганц “саалийн үнээ” болж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавин их хэмжээний мөнгө зээлээд эцэстээ нөгөөх нь өч төчнөөн хүүгийн нэмэгдэлтэй өр зээл болон улсын нуруун дээр буугаад байгаа билээ.

Тэрхүү их мөнгийг иргэн Ш.Батхүү хаашаа, ямар зориулалтаар зарцуулсан болохыг олон нийт тэр бүр дэлгэрэнгүй тодорхой мэдэж чадаагүй. Ихэнх нь л түүнийг тэр их мөнгөөр тансаглаад үрж хаясан мэт ойлголт аваад байгаа.

Гэвч яг үнэн чанартаа, бас ч тэгж тансаглаж үрээгүй бололтой. Тухайн үед 14 тэрбум төгрөгөө сох алдчихсан байсан “Хадгаламж” банкийг авсан явдал түүний агуу “шаталтын” эх үүсвэр болсон гэлтэй.

Гадаадаас зээлсэн тэрхүү их мөнгөө хэрхэн, хааш нь зарцуулсан тухайгаа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд 2 цагийн турш ба, бэ-гүй дэлгэрэнгүй тоочин ярьсан боловч харамсалтай нь, хамгийн ихээр итгэж найдаж явсан сэтгүүлч бүсгүй нь түүний ярианы хэсгээс тайрч тасдан, зөвхөн өөрсдийн ямар нэгэн “зорилгод” нийцэх хэсгүүдийг эвлүүлэн олон нийтэд цацсанд ихээхэн гомдсон аж.

Ингээд энэ талаар түүний шоронгоос илгээсэн захидалдаа дурдсаныг сийрүүлье.

“2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн талаар болон түүнд цөөн хэдэн үг хэлье гэж бодож байна. Уг нь миний ярьсан зүйлийг бүтнээр нь гуравдугаар сарын 19-ний өдөр гаргахаар тохиролцож өөрийнх нь хүсэлтээр хоёр цаг орчим ярилцлага өгсөн. Харамсалтай нь, миний яриаг таслан эсрэг утгатай эвлүүлэг хийж гаргасанд туйлын их гайхаж байна.

Өөрийнх нь хэлснээр, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж бодит үнэнийг олон түмэнд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн учир уулзаж, бичлэг хийлгэсэн билээ. Би бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа олон хүнд эргэх нэхэлгүйгээр бизнесийн хувьд хөл дээрээ босоход нь тусалж байсан. Тэдний нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан билээ. Дөнгөж бизнесээ эхлээд сандруу явахад нь хүний хувьд сэтгэлээсээ дэмжиж байсныг сэтгүүлч маань мартаагүй байх гэж найдаад түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Ийм учраас өгсөн ярилцлагыг эсрэг утгатай болгон, эвлүүлэг хийнэ гэж санаанд орсонгүй. Уг ярилцлагыг 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 20-22 цагийн хооронд Баянгол ресторанд өгсөн ба хэрэв хоригдвол олон нийтэд хэт тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тул өөрчлөлтгүйгээр гаргана гэж найдсан. Энэ хэрэг2013 оноос таван жилийн турш шалгагдаж байгаа тул хууль хяналтын байгууллага нь байр сууриа үнэн бодитоор илэрхийлнэ гэж үзэж байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад огт хандаж байгаагүй. Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ахмад хүний хувьд хэлэхэд, амьдралын амаргүй үеийг туулж байгаа үед итгэж болох хүн гэж найдаж, болсон үйл явдпын талаар бүх мэдээллийг өгч, үгийг минь тэр чигээр нь хүргэнэ гэж бодсон. Ярилцлагыг хэсэгчлэн авч эсрэг утгатай болгон олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах бизээ”

Түүний энэхүү захидлаас харахад, хэдийгээр тэр алдаж эндсэн сэжигтэн болчихоод байгаа ч урд өмнийн тусыг нь бодоод үзсэн ч түүнд ингэтлээ сэтгэлгүй хандаж болохгүй л байсан мэт. Энэ бол бидний ярих дуртай “хүн чанарын” л асуудал юм. Гэвч бизнесийн зорилготой хүмүүст энэ нь хамаагүй байдаг бололтой.

Олон жил орон шоронгоор явж, цөхрөнгөө барсан “Жаст”-ын Ш.Батхүү сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд итгэж очоод хамаг далан долоон булчирхайгаа тоочин уудалсан ч нөгөөх нь тэр чигээрээ олон нийтэд хүрэлгүй, шал өөр утга агуулгаар далийсан нь үнэхээр харамсалтай! Гэхдээ энд Ш.Батхүүг өмгөөлөхийг огтхон ч хүссэнгүй, харин яагаад түүний яриаг тэр чигээр нь гаргаж болоогүй юм бол оо гэсэн сониуч бодлын үүднээс үүнийг тэрлэхийг зорилоо…

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

access_time 2018-04-05 15:55

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt