Дипломат болон албан паспорттай иргэд Швейцар руу визгүй зорчино

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис энэ сарын 4-6-нд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны яаманд Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт болон Зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийг нутаг буцаах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис нар гарын үсэг зурсаны дараа сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үгийнхээ эхэнд Швейцар Улстай манай улс 1964 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа тус улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байгааг онцлов. Мөн энэхүү айлчлалын хүрээнд Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлж байгаа ч цаашид энгийн иргэд хоорондын солилцоог өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Тэрбээр цааш ярихдаа, “Одоо цагт Европын олон орон эдийн засгийн хүндрэлээс хамаарч зээл тусламжийн бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа ч тус улс нь Монгол Улсад үзүүлэх тусламжийн гараа сунгасаар байна. Тус улсын парламент өнгөрсөн онд Монгол Улсад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрээ 2021 он хүртэл үргэлжлүүлэхээр баталсан. Үүнд нь бид талархаж байдгаа айлчлалын хүрээнд илэрхийллээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Швейцарын найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис, “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дээрх төрлийн паспорттай иргэд визгүйгээр зорчих эрхийг нь нээж өглөө. Ингэснээр хоёр талын айлчлалын тоог нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж бодож байна. Мөн Зөвшөөрөлгүй оршин сууж байгаа иргэдийг эх орон руу нь буцаах тухай гэрээний хүрээнд манай улсад байгаа цөөн тооны монгол иргэдийг албан ёсны дагуу нутаг буцаах юм. Түүнчлэн бид 17 жилийн өмнөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийнхөө үр дүнг авч хэлэлцэж байна. Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар 2004-2016 онд нийт 100 сая швейцар франкийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү тусламж 2018-2021 онд үргэлжлэх юм” гэлээ.

Гадаад хэргийн сайд И.Кассис айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ дахь Монгол, Швейцарын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

access_time 2018-04-05 13:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt