Дэлхийн цомын АШТ-нд хүч үзэхээр чөлөөтийн эрэгтэй баг АНУ-ыг зорино

АНУ-ын Айова хотноо дөрөвдүгээр сарын 7-8-нд зохион байгуулах чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Монгол Улсын шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо мордоно.

Энэхүү тэмцээнд Дэлхийн цомын найман удаагийн аварга Ираны шигшээ баг оролцохоос татгалзсан юм. Бөхийн орон Ираны бөхчүүд “А” хэсэгт зохион байгуулагч орон АНУ, Гүрж, Японы шигшээтэй хамт багтсан байв. Ираны баг оролцохгүй болсноор ДБНХ /UWW/-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг урьсан юм. Ийнхүү манай эрэгтэйчүүд Дэлхийн цомын АШТ-д сүүлийн таван жил дараалан зодоглохоор боллоо.

Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон. Тэднээс АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилладаг спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллын нэрэмжит ОУТ-д 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар эндээсээ багтайгаа нэгдэнэ.

Багийн ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар ажиллах юм.

Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургадугаар байрт шалгарч байсан билээ.

access_time 2018-04-03 13:46

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt