100 айлаас Тасганы уулзвар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээг түр хаана

Улаанбаатар хотод  дөрөвдүгээр сараас эхлэн хийх дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж. Дагвасүрэн, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний орлогч дарга Ц.Тулга  нар оролцов.

ГЭР ХОРООЛЛЫГ ХОЛБОСОН 11 ЗАМ БАРИНА

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр “2018 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрний бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажлууд дөрөвдүгээр сарын 5-наас 15-ны хооронд эхэлнэ. Орон сууцны хороолол дунд дөрвөн холбох замыг хийж зам барина. Харин гэр хорооллыг холбосон 11 зам барина. Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгана. Сонсголон, Туулын гүүрний ажил дөрөвдүгээр сарын 05-наас эхэлнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Дулааны болон дэд бүтцийн 100 гаруй ажил нийслэлд хийгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байна. Мөн 30-50 жил солиогүй цэвэр, бохирын шугам, дулааны төв шугамыг шинэчилнэ. Эдгээр шинэчлэлтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар иргэдээс санал авч байгаа” гэлээ.

-ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРНИЙ АЖИЛ ХИЙГДЭХЭД ЗАМЫН ТҮГЖРЭЛ 20-30 ХУВЬ БУУРНА-

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл иргэдээс санал асуулга авч дууссаны дараа дугаар хязгаарлалт хийх, хийхгүйг харж байгаад ажлыг эхлүүлэх юм. Барилгын ажилтай холбоотойгоор найман байрлал шинэ замын чиглэл гаргасан. Хүүхдийн усан паркаар явах ажил эхэлсэн. Бусад холбоос замын хувьд байгууллагуудтайгаа зөвшилцсөн, барилгын ажилдаа орсон. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох чиглэлд иргэд их төөрөлдөөд байх шиг байна. Үндсэндээ Махатма Гандигийн гудамжийн уулзвар дээр байгаа соёмботой хөшөөний уулзварыг Нарны замтай холбох ажил эхэлсэн. Дунд гол дээгүүрх түр гүүрний ажлаа эхлүүлсэн байгаа. Одоо хучилтын ажлаа хийхэд бэлэн болсон байна. Дараа нь Махатма Гандигийн уулзварыг Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу Хүннү хорооллын арын замтай холбох ажил хийгдэнэ. Саруул хотхоныг Соёолжтой холбосон зам дээр маргааш тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалъя. Замын цагдаагийн гүүрний ажил хийгдэхэд замын түгжрэл 20-30 хувь буурна. Нүхэн гарцын 42 сая ам.долларын ажлыг дөрвөн сая ам.доллароор хийх боломжтой байсан гэх худал мэдээлэл хэвлэлээр яваад байна. 4 сая ам.доллароор нүхэн гарц хийх ТЭЗҮ нийслэлийн Автозамын газар байхгүй, боломж байхгүй, тийм боломж ч байхгүй. Мөн Нарын замын гүүр огт хаагдахгүй, Энхтайваны гүүр, Нарантуул худалдааны төвийн уулзвар, Баянзүрх дүүргийн “Натур” худалдааны төвийн уулзвар нээлттэй байх юм. 2.5 жил хийх байсан ажлыг бид гүйцэтгэгч компанитай тохиролцон 1.6 жилд хийж дуусгахаар төлөвлөсөн. Тиймээс иргэдийг дэмжиж ажиллахыг хүсье”  гэв.

-СӨҮЛИЙН ГУДАМЖ, БАРУУН СЭЛБИЙН ГУДАМЖИЙГ 10-20 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХААНА-

УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “Ус Сувгийн Удирдах Газар 2018 оны төлөвлөгөөнд 13 ажлыг төлөвлөсөн. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ. Баянгол Дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, СБД-ийн 1,4,5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу Баруун сэлбийн гудамж зэрэг дээр 17-20 хоногийн хугацаанд автозамууд хаагдаж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх юм. 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана. Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Энэ хүрээнд 100 айлын уулзварыг Тасганы уулзвар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ түр хаагдана. Ажил тавдугаар сард эхэлж, есдүгээр сард дуусна” гэлээ.

access_time 2018-04-02 14:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt