Ш.Батхүүг баривчилж , С.Баярыг шалгасан 7 хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна

Улс төр

“Жаст”-ын Ш.Батхүүг баривчлав

Авлигатай тэмцэх газраас энэ долоо хоногийн эхэнд ‘Жаст’-ын гэх Ш.Батхүүг баривчилсан. Түүнийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал ‘Эрдэнэт’-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан. Мөн ‘Стандарт’ банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ‘Эрдэнэт’ үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзэв.

Д.Трамп Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу захидал ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидал ирүүлэв.

Тэрбээр “АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа” гэжээ.

С.Баярыг прокуророос яллагдагчаар татав

Ерөнхий сайд асан С.Баяр Монголд ирээд арав гаруй хонож байгаа аж. Түүний /2018.03.12/ АТГ-аас дуудаж байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотой асуудлаар байцаасан байна. Мөн түүнийг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж хэрэг бүртгэл нээсэн байна.

МАН-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулав

Эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд хэд хоногийн өмнө Дэвшилтэт холбоо нэртэй фракц байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж, МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулсан байна.

Энэхүү Дэвшилтэт холбоо нь авлигын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ.

Ж.Батзандан: Зөрчлийн хууль төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж байна

“Зөрчлийн хуулийн зөрчлийг арилгая” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр зарим төрлийн ялангуяа замын хөдөлгөөний дүрмийн зөрчил эрс буурсан. Мөн улс, орон нутгийн төсөвт багагүй орлого төвлөрүүлж байгаа зэрэг эерэг үр дагавар гарч байгаа ч сөрөг үр дагаврууд бас нэлээд байна. Тухайлбал, улсын байцаагч нарын ачааллыг эрс нэмэгдүүлж, төрийн албаны хүнд суртлыг ихэсгэж, иргэдэд эдийн засгийн дарамт үзүүлж байгаа, мөн хууль хоорондын зөрчлүүд байсаар байна. Мөн торгуулийн хэмжээг хот, хөдөөд интервальчлах шаардлага ч байна.

Иймд эдгээр хүндрэлийг хэрхэн шийдвэрлэж болох талаар бүтээлчээр санал солилцож, холбогдох хууль, журамд зохицуулалт хийх замаар ажил болгох нь чухал байна” гэдгийг онцолсон юм.

Н.Энхбаяр: Монголчуудын төлөө дөрвөн нам нэгдлээ

Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Ногоон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам хамтран шинэ дээд хуулийн төслийг дэмжиж тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголчууд өнөөдрийн энэ ядуу зүдүү амьдралаа дуусгах хэрэгтэй. Шударга ёсыг сэргээх ажлыг хийх ёстой. Эдгээр ариун үйл хэргийг эхлүүлэхээр бид хуран цугларч байна. Монгол хүн бүрийн амьдралыг сайжруулах шинэ дээд хуулийн төслийг дэмжиж ИЗНН, МҮАН, МНН, МАХН ийнхүү нэгдээд байна” гэлээ.

Нийгэмд

“Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол огцрооч”

Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооноос Засгийн газар, салбарын яам, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад хандаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр А.Санжмятав “Засгийн газраас цалинг 20 хувиар нэмэх боломж байгаа гэж ажил хаялтыг зогсоож, ширээний ард суусан. Гэтэл энэ асуудал одоо болтол чимээгүй байна.

Хэрвээ ажлаа хийж чадахгүй бол огцрооч ээ. Өнөөдөр багш нарыг асуудал гаргахад өөнтөглөөд л цалинг нь хасдаг. Засгийн газрын тогтоолыг бид гурван сарын хугацаанд ажигласан. Гэтэл нэг ч багшийн цалин дээр цайны газар, спорт заалыг түрээсэлсэн мөнгөнөөс нэмэгдсэн юм алга байна. Багш нарын чихэн дээр цэцэг ургуулаад, цаг хугацаа хожоод яваад байна” гэв.

“Олимпийн гудамжны замыг 1.6 жилийн хугацаатай хаана” гэв

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1 жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хаахаар болж байна.

Дэлхийд

Ши Зиньпинд Хятадыг хугацаагүй захирах эрх олгов

Ши Зиньпинийг БНХАУ-ыг насан туршдаа захирах талаарх сүүлчийн асуудал шийдэгджээ. Тухайлбал, тус орны парламент БНХАУ-ын даргын албан тушаалд ажиллах хугацаанд тавьсан хязгаарлалтыг үндсэн хуулиас хасахыг зөвшөөрчээ.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын бараг гурван мянган гишүүн энэ шийдвэрийг дэмжсэн байна. Үүнийг хоёр хүн эсэргүүцэж, гурван хүн санал өгөхөөс түдгэлзжээ.

Орос улс Скрипалийн хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэв

Орос улс цэргийн тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдөн шалгахад бэлэн байгаа бөгөөд мөрдөн байцаагчдын дурдаж буй бодисын дээжээс өгөхийг Их Британиас шаардаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя “Бид мөрдөн шалгах ажил явуулахад бэлэн байна, бидэндайж эмээж, нуугаад байх зүйлбайхгүй. Биднийг конвенцийг мөрдөхгүй байнахэмээногт үндэслэлгүйгээр буруутгасан учир, ингэхээс өөр арга байхгүй. Энд янз бүрийн мэргэжилтнүүд тулж уулзан яриа хэлцээ хийхгүйгээр бүтэхгүй” гэж мэдэгджээ.

access_time 2018-03-17 18:29

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt