450.0000 төгрөгөөр 14 настай охиныг хүчирхийлж болно гэв үү?


“Цэнэтэй асуулт, Үнэтэй хариулт” буланг тогтмол хөтлөн хүргэж байгаа билээ. Энэ булангаар иргэдийн мэдэхийг хүссэн аливаа асуултад хариулт өгөх юм. Энэ удаа сошл орчинд түгсэн “450.0000 төгрөгөөр 14 настай охиныг хүчирхийлж болно” гэх асуулдалтай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

АСУУЛТ: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл онцгойлон анхаарах асуудал болоод байна. НҮБ-аас гаргасан мэдээллээр дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байгаа аж. Энэхүү зочирдом асуудал манай улсын хэмжээнд ч мөн өндөр хувьтай байгаа гэдгийг жил жилийн тоон мэдээлэлд дурдсан байдаг.

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд 2015 онд 139, 2016 онд 143, 2017 оны эхний есөн сарын байдлаар 135 байгаа ба насны хувьд долоо хүртэлх насны хүүхэд 2015 онд долоо, 2016 онд 18, 2017 оны эхний есөн сарын байдлаар 13 хүүхэд хохирсон байна. Нийтдээ 2015-2017 оны эхний 9 сарын байдлаар 8-13 насны хохирогч 135 хүүхэд, 14-17 насны хохирогч 244 хүүхэд бүгд 379 хүүхэд дээрх гэмт хэргийн улмаас хохирсон байна. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа байхгүй байгаа юм.

Тэгвэл эл асуудлыг хөндсөн “450.0000 төгрөгөөр 14 настай охиныг хүчирхийлж болно.” гэх мэдээлэл Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрөөр гарлаа. Энэ үнэн үү?

ХАРИУЛТ: Энэ мэдээлэл Эрүүгийн хуулийн 12.5-р зүйлд хуульчилсан Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйл ангийн тайлбартай холбоотой юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ХҮЧИНДЭХ гэмт хэрэгт хамааралгүй ойлголт юм. Энгийнээр тайлбарлавал 18 настай хүн насанд хүрээгүй 14-тэй хүнтэй хайр сэтгэлтэй байлаа ч, харилцан сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон ч торгуулах заалт юм. Нэг ёсондоо насанд хүрээгүй хүүхдийг аль ч тохиолдолд бэлгийн үйл ажиллагаанд оруулахгүй хамгаалж байна гэсэн үг.

Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

Эрүүгийн хуулийн 12.5-р зүйл: 1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;

2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэжээ.

Харин ХҮЧИНДЭХ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заалчилжээ.

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Эрүүгийн хуультайн ЭНД дарж танилцана уу./

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

access_time 2018-03-09 15:50

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt