Энх цагийн дүрвэгсэд буюу Эдийн засгийн цагаачлал


НҮБ-аас үймээн самуун, дайны хөлөөс дайжин эх орноосоо дүрвэсэн хүний тоо 60 сая хол давсан талаар мэдээлэлжээ. 60 сая дүрвэгсдийн дийлэнх нь Сирийн иргэд аж. Найман жил үргэлжилсэн иргэний дайн 5 сая Сири хүнийг цагаач болгов. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэхдээ амьд явахаас илүү, амьдрах эрхийг мөн тунхагласан. Хүчирхийлэл, үймээн самуун, дайны хөлөөс дайжсан хүмүүс амьдрах эрхээ бусдын адил эдлэхийн тулд Европ, Америк тивийн орнуудаас орогнол хүсч буй. Тэднийг энх цагийн дүрвэгсэд гэж нэрлэх аж. Ингэж нэрлэж буй нь Дэлхий нийтийг хамарсан дайн дэгдээгүйтэй холбоотой.

Дайны хөлөөс дайжин нутаг сэлгэсэн цагаачдаас гадна эдийн засгийн цагаачид бас бий. Хүчирхийлэл, үймээн самуунгүй боловч ядуу, буурай орны ард түмэн нутаг сэлгэж харь улсад ажил хийж, иргэншил хүсэхийг эдийн засгийн цагаачлал гэж нэрлэдэг аж.

Эдийн засгийн цагаачлалын сөрөг талыг Монгол Улсын жишээ нь дээр товч тайлбарлахыг хичээе.

Манай улсын эдийн засгийн төв цэг, дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн газар бол Улаанбаатар хот билээ. Тийм ч учраас аймаг бүрээс нийслэл хотыг чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн тасрахгүй үргэлжилсээр 3 сая хүний тал нь Улаанбаатарт суурьшжээ. Харин үүний эсрэг талд хөдөө, орон нутаг хүнгүйдэж, хөгжил нь удааширч буй. Сумдын хөгжил орхигдож буй нь нутгийн иргэд амьдрах аятай нөхцөлийг хайн нүүдэлсэнтэй холбоотой. Тэгвэл сум бүрийн зовлон, улс орны зовлон болоход ойрхон иржээ.

Сүүлийн жилүүдэд Япон, Солонгос руу гаргах ажиллах хүчний /гэрээт ажилтны/ квотыг нэмэгдүүлэх тухай улс төрчид ярих болов. Монгол хүн Монголын баялаг биш хэрэг үү. Хүнгүй нутаг хөгждөггүй гэдгийг 330 сум бидэнд харуулахгүй байгаа хэрэг үү.

Эх нутагтаа элэг бүтэн, элбэг дэлбэг амьдрах боломжийг 3 сая Монголчуудад бүрдүүлэх үүрэгтэй төрийн хариуцлагатай алба хашиж буй эрхмүүд хүнээ экспортлох тухай ярих нь зохистой юу. Монгол улс гуравхан сая хүн амтай. Бид Хятад шиг тэрбум хол даваагүй. Бидэнд боловсон хүчний, ажиллах хүчний нөөц хэрэгтэй юу гэхээс илүү гараагүй.

2025 он хүртэл Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь залуучууд байх юм. Үүнийг “Хүн ам зүйн цонх” үе гэж нэрлэнэ. Хөдөлмөрийн насны иргэдийн дийлэнх хувь нь залуучууд байх нь улс орны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Товчхондоо ажиллаж, хөдөлмөрлөдөг хүний тоо их, тэтгэвэр тэтгэмж авдаг хүний тоо бага байх нь өөрөө эдийн засагт ашигтай. Гэтэл бид энэ үеийг ашиглаж чадалгүй хөдөлмөрийн насны залуусаа харь улс руу экспортолж байна.

Гурван сая хүн амтай. Дэлхийд газар нутгийн хэмжээгээр 19-р байрт ордог. Алмазнаас бусад бараг бүх төрлийн байгалийн баялагтай. 70 орчим сая толгой мал сүрэгтэй Монгол Улс хөгжиж чадахгүй байгааг гайхах хүн олон байх нь аргагүй.

Бид нийгмийн үнэт баялаг болсон хүнээ гадагшаа гаргаж байна. Монгол хүнийг гадаадад ажиллуулахын тулд төрийн түшээд нь хэлэлцээр хийж, түүнийгээ бахархалтайгаар хэвлэлээр ярьж байна.

Г.Дугар

access_time 2018-01-24 14:49

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt