Хөлд оруулагч хэрэглэсэн хүүхэд алхаж сурахдаа нэг сараар хоцордог


Амьдралд аз жаргал бэлэглэсэн бяцхан үрийнхээ тэнтэр тунтар алхах тэр өдрийг эцэг, эхчүүд тэсэн ядан хүлээдэг. Бяцхан хөлөөрөө хөрстөд алхахыг нь харахыг тэсэн ядан хүлээсэн аав, ээжүүдийн мөрөөдлийг бизнес эрхлэгчид овжин ашигласны жишээ бол хөлд оруулагч юм. Ер нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ гэж ойлгодог энэ эд хөлд оруулагч нэртэй л болохоос биш хүүхдийг хурдан алхаж сургахад тийм ч их нөлөөтэй биш ажээ.Ихэнх хүүхэд ой хүрэхдээ алхаж сурдаг ч 9-18 сартайдаа хөлд ордог байна. Эцэг, эхчүүд хүүхдээ байгалийн жамаас нь эрт алхуулж сургах гэж хөлд оруулагчид суулгадаг. Гэтэл энэ нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй.

Олон улсын хүүхдийн эмч нар хөлд оруулагчаас татгалзахыг зөвлөж байна. Хойд Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс эцэг эхчүүдэд зориулж жил тутам зөвлөмж гаргадаг ажээ. Зөвлөмжид хөлд оруулагчийг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь, хөлд оруулагч хэрэглэснээс болж маш олон хүүхэд насан туршийн хүнд бэртэл авдаг тухай гэмтлийн эмч нар ярьжээ.Тухайлбал, хоёр давхрын шатнаас унах, тооцоолоогүй газарт хүрэх, хэт хурдан явж байгаад хөмөрч унах, халуун плитка, шарах шүүгээ, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг эрсдэл түлхүү гардаг. Бэртэл нь голдуу маш хүнд байдаг гэнэ. Тиймээс АНУ-д 1997 оноос эхлэн хүүхдийн хөлд оруулагч үйлдвэрлэгчдэд зориулж тусгай стандарт тогтоожээ. Канадад хөлд оруулагчаас болж хүүхдүүд гэмтэж, эрсэддэг тул 2004 оноос худалдаалахыг хориглосон ажээ. Тэр ч байтугай хөлд оруулагч худалдаалсан тохиолдолд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, зургаан сар хүртэл хугацаагаар хорих, 100 мянган ам.долларын торгууль хүлээлгэдэг юм байна. Хүүхэд өөрөө бие даан тогтох чадвар эзэмшдэггүй гэж олон улсын хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс тодорхойлжээ. Тиймээс хүүхдээ хурдан алхаж сургахыг хүсч байвал хөлд оруулагчаас татгалзаарай. АНУ-ын хүүхдийн эмч нар хүүхдэд хөлд оруулагч шаардлагагүй гэж зөвлөдөг. Европт хөлд оруулагч тэргэнд тавих стандартын шаардлагыг шинэчилж “BSEN 1273:2005” стандарт хангасан бол худалдаалахыг зөвшөөрдөг юм байна.

Хойд Америкийн хүүхдийн эрүүл мэндийн нийгэмлэг оройтож буюу 18 сараас хойш хөлд ороогүй хүүхдийг эмнэлгийн орчинд тусгай хөлд оруулагчид суулгахыг зөвшөөрдөг аж. Хүүхдийн яс хэврэг байдаг бөгөөд алхаж сурах хугацаанаас нь өмнө хөлд оруулагчид суулгавал хөлний шилбэний хэлбэрт өөрчлөлт оруулах эрсдэлтэй. Хөлд оруулагчид суулгахад хүүхдийн биеийн гол ачаалал сандал дээр ирж, шилбэ гадагшаа хөгжих буюу майга болдог тухай Барууны эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ.

Хүүхдийн эмч нар хөлд оруулагчийг яагаад зөвлөдөггүй вэ

Хүүхэд гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй. Унаж ойчих, ялангуяа шатны уруу өнхрөх, юм мөргөх, халуун зүйл, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг гэмтлүүд маш элбэг тохиолддог. Хөлд оруулагч нь хүүхдийг хөлд оруулж сургадаггүй. Харин ч түүнийг байнга хэрэглэх нь хөлд орохыг удаашруулдаг. Хүүхэд хөлд орохдоо хөл, тавхайныхаа хөдөлгөөнийг өөрөө харж түүнийгээ мэдрэн ойлгож булчингаа хянаж сурах ёстой байдаг. Гэтэл хөлд оруулагч нь энэ явцад сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан. Иймд хөлд оруулагч хэрэглэсэн хүүхэд өөрөө хөлд орсон хүүхдээс дунджаар сарын дараа явж сурдаг. Өөрөөр хэлбэл, булчингийн хөгжлийг удаашруулдаг байна. Хөлд оруулагч нь хүүхдийн сэтгэц оюуны хөгжлийг удаашруулдаг.

Энэ талаар “Зинт” клиникийн хөдөлгөөн засалч, жирэмсэн эхчүүдийг төрөлтөд бэлтгэх сургалт хариуцсан арга зүйч багш Г.Ганчимэгээс хөлд оруулагч хүүхдийн бие бялдрын хөгжил болоод сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар тодрууллаа.

-Монголчуудын нэрлэж заншсан хөлд оруулагч хүүхдийн эрүүл мэндэд ямар үр дагавар үзүүлдэг вэ?

-Монгол хэлнээ хөлд оруулагч гэж орчуулсан учраас хүүхдийнхээ анхны алхалт, хөлд орохыг нь харах гэж тэсэн ядан хүлээсэн эцэг, эхчүүд худалдаж авдаг байдал ажиглагддаг. Гэтэл энэхүү туслах хэрэгсэл нь хүүхдийг хөлд оруулах бус бие бялдар, тархины хөгжлийг тодорхой байдлаар удаашруулдаг болохыг эрдэмтэд судлан дүгнэсэн байна. Канад, АНУ зэрэг өндөр хөгжилтэй улс оронд хийсэн судалгааг үзвэл хөлд оруулагч хэрэглэсэн хүүхдийн алхаж сурах үйл явц дунджаар нэг сараар хойшилдог болохыг баталжээ. Хүүхэд өөртэйгөө болон хүрээлэн буй орчинтойгоо алхам алхмаар танилцан тодорхой хөгжлийн үе шатыг туулдаг. Толгойгоо дааж, эргэж хөрвөж, сууж, мөлхөж улмаар алхаж сурна. Биеийн булчингууд дээрээсээ доошоо аажим аажмаар хөгжиж эцэст нь хөлний булчин чангарч тэнцвэрээ олж алхаж эхэлдэг. Гэтэл хүүхдийн толгой хүзүү, хэвлий, нурууны булчингууд хараахан гүйцэт хөгжөөгүй байхад хөлд оруулагч дээр суулгах нь сөрөг нөлөөтэй. Энэхүү хэт ачаалал нь хүүхдийн булчин, шөрмөс, холбогч эд цаашдын хэвийн хөгжлийг саатуулдаг. Хөлд оруулагч нь хүүхдийн хөлний булчин шөрмөсийг идэвхгүй байдалд оруулж ухамсарт бус хөдөлгөөнүүд хийлгэдэг тул тавхай, шилбэ, гуяны булчин шөрмөсийг алхах гишгэхэд бэлтгэдэггүй гэж үздэг. Ер нь хүүхэд өөрийн биеийн байрлал, хөл, гараа мэдэрч тэнцвэрээ олсны үндсэн дээр алхах хөдөлгөөнийг хийдэг. Гэтэл ихэнх хөлд оруулагч нь өргөн тавцантай байдаг учраас хүүхэд хөлөө харж түүнийгээ мэдрэх боломжийг өгдөггүй. Энэ нь хүүхдийн бие махбодь ялангуяа хөлийн булчингаас төв мэдрэлийн тогтолцоо руу өгөх мэдээлэл дамжуулалтыг саатуулдаг байна.

-Хүүхэд өлмийдөж алхахыг түнхний мултралтай холбон тайлбарладаг юм билээ?

-Хүүхэд өлмийдөж алхах нь хэвийн үзэгдэл. Хүүхдийн өсгийг эрээн булчинтай холбосон Ахелийн шөрмөс сайн сунаж амжаагүй учраас өлмийдөж явдаг. Уг шөрмөс сунахын хэрээр хүүхэд бүтэн улаараа зогсдог болно. Тиймээс түнхний мултралтай, дутуу хөгжилтэй огт холбоогүй.

-Манай улсад хөлд оруулагчийн сөрөг нөлөөг судалсан судалгаа хийгээгүй байна. Харин АНУ, Канадад хийсэн судалгааны дүнгээс манай уншигчдад танилцуулна уу?

-Канад улсад хөлд оруулагч худалдаалахыг 2004 онд хуулиар хориглосон. АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний хяналтын комиссоос хүүхдэд зориулсан хэрэгслээс эрсдэл өндөртэй бүтээгдэхүүнээр хөлд оруулагчийг нэрлэсэн.

-Хүүхдийн хөгжлийг илэрхийлдэг дундаж үзүүлэлтийн талаар товч дурдвал?

-Хүүхэд хоёр сартайдаа толгойгоо даана, мишээнэ, хуруугаа хөхнө, дуу авиа гаргана, хүний нүүр рүү анхааралтай ширтэнэ, хөл гарын эмх замбаараагүй хөдөлгөөн багасна, дуу чимээ гарсан зүгт толгойгоо эргүүлнэ. Харин есөн сартайдаа мөлхөнө, танихгүй хүнээс айна, өөрийн гэсэн дуртай тоглоомтой болно, болохгүй зэргийг ойлгоно, бусдын дуу авиаг дуурайж дуугарч сурдаг. 12 сартай хүүхэд бие дааж зогсоно, юм түшээд явна, эцэг эхээ дагаж уйлна, алга ташина, баяртай гэж гараа даллана, аав, ээж гэж хэлнэ, саванд юм хийж гаргадаг.

-Та хөдөлгөөн засалч хүний хувьд хөдөлгөөний хоцрогдолд орсон хүүхдүүдтэй ажиллахдаа юу чухалчилж байна?

-Хөдөлгөөний хоцрогдолд тодорхой хэмжээнд орсон хүүхдийг тусгайлсан дасгал хөдөлгөөнөөр булчин, шөрмөсийг ажиллуулж хоцрогдлыг арилгах зорилгоор эмчилгээг явуулдаг. Жишээ нь суух, мөлхөх, алхах үе нь хэдийнэ өнгөрсөн тохиолдолд хөдөлгөөн засалчид хандах хэрэгтэй. Тодорхой булчингуудын хөгжлийг дасгал хөдөлгөөнөөр сайжруулсны үр дүнд хүүхдийг суулгаж, мөлхүүлж, алхаж сургана гэсэн үг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил удааширч байгаад санаа зовниж байгаа бол хөдөлгөөн засалчид хандаж сурах хэрэгтэй.

-Хөлд орох насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Хүүхэд өөрийнхөө хэвийн хөгжлийн үе шатуудыг туулан орчинтойгоо танилцах замаар өсч хөгждөг. Харин энэхүү чухал цаг үеүдийг алгасах буюу хурдасгах маягаар хөлд оруулагчийг байнга ашигласнаар эргээд сөрөг үр дагаварыг үүсгэх магадлалтай. Хөлд оруулагч бол хүүхдэд тань нэн шаардлагатай хэрэгсэл бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь дугуй болон сандал, өргөн ширээ бүхий тавцангаас бүрддэг тул ахуйн гэмтэлд өртөх нь элбэг. Хөлд оруулагчийн оронд хүүхэд саатуулагч, манеж хэрэглэхийг зөвлөж байна. Ер нь хамгийн сайн зүйл бол хүүхдээ зөөлөн дэвсгэр, хивсэн дээр тоглуулах юм. Хүүхэд суух, мөлхөх, хөлд орохоо өөрөө л сурах ёстой. Ийм хүүхдийн булчингийн төдийгүй сэтгэц оюуны хөгжил сайн байдаг. Харин хүүхэд чинь харшилтай бол хивсэн дээрээ цэвэр даавуу дэвсэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

access_time 2018-01-22 15:52

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt