Цүнх зүсч, халаас суйлдаг этгээдүүдийн үйлдэл далд хэлбэрт шилжжээ


Баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Ингэснээр шинэ жилийн баярын өдрөөр хэв журмын нөхцөл байдал улс даяар тайван байсныг цагдаагийн газраас мэдээллээ.

Зөвхөн үүгээр дүгнэлт хийх нь өрөөсгөл. Гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурч, улс даяар тайван байсан нь шинэ оны эхэнд сонссон сайхан мэдээ хэдий ч үүний цаана бас нэгэн гэмт хэрэг чимээгүйхэн газар авч, баярын өдрүүдэд улам эрчимжсэн нь харамсалтай. Сэрэмжлүүлэг болгох үүднээс нэгэн бодит явдлыг энд өгүүлье. Нэгэн танил маань өөрийнх нь Фэйсбүүк хаягаар дамжуулан гурван цагын дотор зургаан сая төгрөг залилсан тухай учирлав.

Гол нь фэйсбүүк хаягныхаа нууц үгийг өөрийн утасны дугаараар хийсэн нь хохирогч болгоход хүргэсэн байна. Энэ талаараа цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн ч залилагчийг олж тогтоох эсэх нь эргэлзээтэй.

ГЭМТ ХЭРЭГ ЦАХИМ ОРЧИН РУУ ШИЛЖЖЭЭ

Интернэтийн хэрэглээ, хөгжил дэвшил манай улсад хурдацтай хөгжиж, хүн амын 70 орчим хувь нь ашиглаж байгааг судалгаагаар тогтоожээ. Интернэт сүлжээ бүх хүний өргөн хэрэглээ, ажил амьдралын салшгүй хэсэг болох хэрээр цахим ертөнцийн сүүдэр биднийг дагах болов. Үүнийг ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залилагчид олширсоор байна. Тодруулбал, цүнх зүсч, халаас суйлдаг, үнэт эдлэл шүүрдэг гэмт этгээд хөгжлийн шинэ шатанд шилжжээ. Өөрөөр хэлбэл, тэд цахим ертөнцөөр ялангуяа фэйсбүүк хаягаар дамжуулан залилдаг болсон гэсэн үг, Тэд халаас, цүнхэн дотор, ажлын өрөө, орон дотор, гэрт тань заларч тантай дотно найзууд болоод амжсан. Ажил болон гэр бүлийнхэндээ зориулдаг цагаасаа хумслан хаана ч явсан хамт байж, амин хувийн төдийгүй албаны бүх сонин хачнаа фэйсбүүктээ нийтлэх нь хулгай, залилан зэрэг хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэмжиж буй хэрэг. Гэхдээ ардчилсан чөлөөт нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хувь хүний эрх юм. Гэсэн ч фэйсбүүк, твиттер, вичат, мессенжер зэрэг олон нийтийн цахим сүлжээг ашиглахдаа хянуур, болгоомжтой байхгүй бол цахим халдлага, гэмт хэргийн золиос болох эрсдэл алхам бүрт минь отож байгаа. Сүүлийн үед цахим орчинд үйлдэж буй гэмт хэрэг ийн хэлэхэд хүргэлээ. Албан ёсны нэршил нь цахим орчин дахь луйвар, залилан. Энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд өсч, арга нь нарийсч олон тэрбум төгрөгийн хохирол учруулах болсон. Энэ жилийн байдлаар 7-8 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээтэй гэмт хэрэг үйлдсэн байна.

ГУЙЛГЫН ЛАЙК ТАНЫГ ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛГОХ ЭРСДЭЛТЭЙ

Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүйг бүртгэсэн. Одоогоос зургаан жилийн өмнө манай улсад цахим шуудангийн луйвар, цахим залилангийн хэргийн анхны тохиолдлыг бүртгэжээ. Гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гол төлөв ийм хэргийн хохирогч болдог байна. Тэд харилцагч талаасаа төлбөрийн дансаа өөрчилсөн учир өөр дансанд төлбөр шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авснаар гэмт этгээдийн урхинд ордог аж. Монголчуудын өртсөн ийм залилан, луйврын хохирол хоёр тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэх болсон нь цахим ертөнцөд гэнэн цагаан, гүндүүгүй монгол зан зохидоггүйг харуулж байна. Цахим гэмт хэрэгт хил хязгаар гэж үгүй. Сүүлийн үед Малайз, Сенегал, Англи, Филиппин зэрэг гадаадын улс орноос үйлдэж буй цахим луйврын хэрэгт манай иргэд өртөж хохирох тохиолдол цөөнгүй гарсаар байна. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүк орчныг ашиглан гардгийг дахин сануулъя. Гэмт этгээд банкны данснаас гадна Western Union, Moneygram, Swift зэрэг мөнгөн шилжүүлгийн олон улсын үйлчилгээг түгээмэл ашигладаг байна. Тухайлбал, фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн, Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулж улмаар Индонез улсын эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх таван сая ам.доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэт ойлгуулж 20 мянга 750 евро залилсан тохиолдол бий. Залилагч этгээд хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг учир хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломж хомс аж. Ийм байдлаар анхандаа монголчууд гадаадынханд залилуулдаг байсан бол сүүлийн үед монгол хүн бие биеэ залилж, их хэмжээний мөнгө луйвардах болсон. Хэлбэр нь гадаадын залилагчидтай адилхан ч арга нь нарийссан талаар хохирогчид сануулсаар байна. Тодруулбал, фэйсбүүк хаяг руу нэвтэрч тухайн хүний ойр дотныхон болох аав, ээж, ах дүү, найз нөхөд рүү “Мөнгө хийчихээд буцаагаад авъя” гэж бичээд цахим банкных нь нууц кодыг авах, “Мөнгөний хэрэг яаралтай гарлаа” гэж мөнгө авах зэргээр залилдаг байна. Мөн “Манай тэр, энэ тийм, ийм уралдаанд шагналт байр эзлэхэд ганц, хоёрхон лайк дутчихлаа. Дэмжээрэй” гэх мэтээр лайк даруулж, түүн дотроос залилах хүнээ сонгодог байна. Хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор элдэв зураг хөрөг тавиад, лайк дараад өгөөрэй гэсэн агуулгатай гуйлгын пост уншаагүй бас дэмжиж “эрхий хуруу” өгч байсан хүн цөөнгүй болов уу. Сайн санаж дэмжсэнээр өөрийгөө саар хэрэгт хутгадаг байна. Өөрөөр хэлбэл, залилагч этгээд таны бүх мэдээллийг авч, дээр дурдсан байдлаар залилан хийдэг гэсэн үг. Энэ төрлийн гэмт хэрэг нийслэлд төдийгүй хүн ам цөөтэй орон нутагт ч цөөнгүй гарах болжээ. Тухайлбал, Архангай аймгийн хувьд 2017 оны эхний 11 сарын байдлаар залилангийн гэмт хэрэг 15 бүртгэгдсэн байна.

АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Цахим орчин мэдээлэл түгээх, дамжуулах, олж авах, ашиглах, солилцох орон зайн үүрэг гүйцэтгэхээс гадна бизнес, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан, боловсрол зэрэг нийгмийн олон талт харилцааг агуулсан өргөн сонголттой, ашиглахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн, газар нутаг, орон зайн алслалтаас хамааралгүй, эрх зүйн зохицуулалтын өргөн агуулга бүхий үйл ажиллагааны талбар болж хувирсан гэхэд болно. Гэтэл иргэд ихэвчлэн ажил, амин хувийн хэрэгтээ нэг компьютер ашигладаг. Хувийн болон ажлын цахим шуудандаа нэг компьютерээс нэвтэрдэг учир гэмт этгээд халдахад бүх хаяг нь нэг нууц үгтэй байх жишээтэй. Иймд нэг компьютерээс олон хаяг руу нэвтэрдэг бол утасны дугаар, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн төрсөн өдрөөр эсвэл өөрийн нэрээр нууц үг өгөхөөс татгалзахыг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна. Мөн том, жижиг тусгай тэмдэгт бүхий найман оронтой нууц үг хэрэглэх, фэйсбүүктээ зөвхөн найз нарын хүрээнд мэдээлэл солилцох боломжтой тохиргоо хийн өөрсдийн аюулгүй байдлаа хангахыг давхар зөвлөлөө.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

access_time 2018-01-04 18:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt