Д.Наранбаатар:А.Цогцэцэг сайдаас болж 2500-4500 хүний шинжилгээний хариу буруу гарсан ноцтой нөхцөл байдал үүссэн

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн элэгний В, С вирүсийн шинжилгээ авч байгаа. Уг шинжилгээнд хэчнээн хүн хамрагдаад байна бэ?

-Энэ сарын 13-ны байдлаар 277 мянган хүн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. Судалгаанд хамрагдсан хүний 20 орчим хувьд нь С вирүсийн эсрэг биет, 10 орчим хувьд хепатитын В вирүсийн гадаргуугийн эсрэг тѳрѳгч илэрсэн. 2016 оны хүн амын тоо судалгаагаар 40-65 насны 757 орчим мянган хүн бий. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээр 757 мянган орчим иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд 2017 ондоо багтаж хамруулах ёстой. Одоо 480 мянга орчим иргэн элэгний С, В вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Иймээс элэгний В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх аяны үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-Нэг хүний шинжилгээнд зарцуулагдах үнэ өртөг бага тавигдсанаас болж чанаргүй, шаардлага хангахгүй багажаар шинжилгээ хийхэд хүрээд байна гэсэн гараад байна. Энэ үнэн үү?

-Нэг хүнд хурдавчилсан оношлуур хэрэглэн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөг гарган хийх болсон. Энэ үнэ өртөг бол маш багаар тооцоолж гаргасан үнэ. Зарим тохиолдолд мѳнгѳндѳѳ баригдаад чанар муутай оношлуураар иргэдээс шинжилгээ авах, цусны дээжийг чанарын шаардлагад нийцээгүй хэрэгсэл хэрэглэн цуглуулаад байна. Үүнд анхан болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнүүдэд буруу байхгүй. Ер нь элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний нэг хүнд гаргах өртөг 6 мянган төгрөг байвал зохимжтой байсан.

Гэтэл дэндүү бага үнээр тавьсан нь яг газар дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд маш их хүндрэл үүсгээд байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын үүргийг орлон гүйцэтгэгч А.Цогцэцэг сайдтай шууд холбоотой. Салбараа ойлгож, хэрэгцээ шаардлагыг ойлгож ажиллахгүй буруу шийдвэр гаргаснаас болж эрүүл мэндийн салбарт олон асуудал үүсч байна.

-Эрүүл мэндийн сайдын орлон гүйцэтгэгч А.Цогцэцэгийн “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Арьсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийлгэж байна гэхээр ашиг сонирхолын зөрчил харагдаад байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би нэг л зүйлийг энд хэлье ашиг сонирхлын зөрчилтэй, маш их өртэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар сонгосон нь маш буруу шийдвэр байсан. Мордохын хазгай гэдэг болсон доо. Үүнээс болоод жижигхэн ч гэсэн асуудал дээр ашиг сонирхол нь орж ирж байна. Хаанаас мөнгө олж болох байна тэр бүхэн рүү орж өөрийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж байна. Тэрнээс болоод ажил урагшлахгүй байна. А.Цогцэцэг сайд болохоосоо өмнө Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлэг гэдэг эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлэг нь арьс, харшлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эмнэлгийг бариулахдаа банкнаас зээл авсан гэсэн ХОМ өгсөн байсан. Ингэхдээ2.6 тэрбум төгрөгийн өр тавьсан тухай баримт ч бий. Ийм их хэмжээний өртэй хүн Эрүүл мэндийн яамны сайд болсон. Сайд болсон хүн мөнгө олж болох бүхий л нөхцөл боломжийг судалж мөнгөтэй болж өрөө дарахыг бодно биз дээ.

Энэ хүнд өрөө дарах, хувьдаа мөнгө завших нь чухал болохоос өнөөдөр Монголын нэг иргэн өвчин, зовлонтой байгаа эсэх, “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳр зѳв зүйтэй хэрэгжих үү, зогсох уу гэдэг нь сонин биш. Яагаад ингэж хэлж байна гэхээр А.Цогцэцэгийн арьсны “АллергиМед” эмнэлэг гэв гэнэт элэгний С вирүс тоолох шинжилгээ хийх шалгаруулалтанд тэнцэж иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Арьсны чиглэлийн эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байна гэхээр ямар их ашиг сонирхол, лоби явж байгаа нь харагдаж байгаа юм.

-Хэвлэлд 2500-4500 хүний элэгний С вирүс тоолох шинжилгээний хариу буруу гарсан байх магадлалтай байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, элэгний С вирүсийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад 31 лаборатори өрсөлдсөнөөс 2017 оны 6 сарын эхээр 22 нь шалгарсан. Үүний нэг нь А.Цогцэцэгийн арьс харшлын “АллергиМед” эмнэлэг. Ингэж шалгарч байх үедээ “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүсийг тоолох нарийвчилсан шинжилгээг хийх тоног төхөөрөмж байхгүй байсан. Сонгон шалгаруулалтыг хийж байсан Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж шалгахад, тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниас үгсэн тохирч хэрэглэж чаддаггүй тоног тѳхѳѳрѳмж түр авчир тавин үзүүлж залилсан. Ингээд шалгаруулалтанд залилан байж тэнцээд, энэ хоорондоо нѳгѳѳ үгсэн тохирсон тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниасаа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмж захиалан авчруулж 2017 оны 7 сарын 5-ны ѳдѳр суулгуулсан. Ѳѳрѳѳр хэлбэл шалгарснаасаа дариу 1 сарын дараа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмжтэй болсон гэсэн үг. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа, бид үүнийг олон нийтэд гаргаж тавьсан байгааг хүн бүхэн үзэх боломжтой.

“АллергиМед” эмнэлэг гэмт хэргийн шинжтэй залилан хийн байж тэнцүүлэв, гэхдээ үүгээр асуудал дуусахгүй шүү дээ! Арьс харшлын эмнэлэгт очиж элэгний вирүс тоолуулах шинжилгээ хийлгэ гэвэл хэн очих вэ? Сэтгүүлч Та жишээлбэл очих уу?

-Үгүй л болов уу. Би элэгний чиглэлээр хамгийн сайн гэсэн эмнэлэг, лаборторит л очно гэж бодож байна.

-За тэр шүү! Хүн бүр л тэгнэ. Хүн очихгүй бол, Эрүүл мэндийн даатгалаас мѳнгѳ авч чадахгүй шүү дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Дараагийн мэргэн арга юу вэ? А.Цогцэцэг албан тушаалаа ашигланиргэдийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн үйлчилгээгээ сонгох эрхэнд халдаж Баянгол дүүрэг, Төв аймгийн 40-65 насны элэгний С вирүсийн эсрэг биет эерэг гарсан. Бүх хүмүүсийн цусны дээжийг зөвхөн “АллергиМед” эмнэлэгт албан хүчээр хүргүүлэн, элэгний С вирүс тоолох шинжилгээ өгөхийг үүрэгдсэн. Баянгол дүүргийн болон Төв аймгийн 40-65 насны иргэд ийм зүйл болж байгааг бүр мэдээ ч үгүй. Одоо ч олонхи нь мэдээгүй л байгаа. Энэ хууль бус үйл ажиллагаа байна гэдгийг А.Цогцэцэг сайдад олон байгууллага, хувь хүмүүс хэлсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерѳнхий газрын нѳхдүүдэд албан тоотоор хүртэл мэдэгдсэн. Хэнийг нь ч сонсоогүй. Ашиг сонирхолдоо хѳтлѳгдѳн муйхарлан зүтгэсэн.

ЦААШ ҮЗЭХ

access_time 2017-09-22 10:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt