Малчдаас зээлийн журмаар хонь, ямаа, үхэр, адууг өвлийн идшинд зориулан авч багш, эмч нарт өгье

Судлаач, профессор Д.Чулуунжав Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ. 

Ил захидлыг бүрэн эхээр хүргэе.

“Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Юуны өмнө эрх баригч МАН-ын даргаар сонгогдсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Та чадна.

“Хүн хэлэхээс наашгүй” гэгчээр ах нь эрдэм номын хүн боловч, миний шавь нар хот, хөдөөгүй олон бий. Тэдэнтэйгээ байнгын холбоотой учир бодит мэдээлэл авдаг. Энэ өвөл, ирэх хавар хатуу болж, малын тэжээл хомсдох болов. Манай орны бараг бүх нутгаар өнгөрсөн зун байгаль цаг уурын эрхшээлээр ган болж, малчид хадлан тэжээлээ хангалттай базааж чадаагүй.

Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны нэгдүгээр сараас нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд малчдаас зээлийн журмаар хонь, ямаа, үхэр, адууг өвлийн идшинд зориулан авч, тэдэнд өгөх ажлыг даруй зохион байгуулах санал юм. Багш, эмч, бусад албан хаагчдыг хамруулах биз ээ. Одоо өвлийн идэш бэлтгэж байгаа үед малчдаас махыг зах зээлийн ханшаар тооцон авч, мөнгөө ирэх онд олгох боломжийг судлуулан хэрэгжүүлбэл зохилтой.

Өвөл турж эцэн өлдөж, хөлдөж “хорогдох” олон тооны мал (мал төрийн хамгаалалтад гэсэн үг бий)-ыг зүгээр сэг зэм болгохгүй байх талтай.  Жаахан базаасан өвс, тэжээлээ хээлтэй мал, хавар төллөх малдаа зориулах нь зүйтэй. Төрийн албан хаагчид өвөл, хавартаа махтай, зундаа  борцтой байж,  цалингаа махнаас бусад зүйлд зарцуулах боломж бүрдэнэ. Хувийн хэвшилд ажиллагчдын хувьд зах дээр мах хямдарна.

Төр засаг цалин “нэмэгдүүлж”, олон улсын валютын сантай хийсэн гэрээгээ зөрчихгүй болно. Дотооддоо ийм зохицуулалт хийх боломж байна. Аймаг, сумдын Засаг дарга нар гардан зохион байгуулах энэ ажилд зориг шийдэмгий Ерөнхий сайд Та л зохих шийдвэрийг доод олон албатуудаараа суудлуулан хийж чадна гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн бичжээ.

 

access_time 2017-11-28 11:57

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt