Долоон хүний амь нас хохирсон хэргийн гэрчүүдийг хайж байна

Автын ослын улмаас нэг гэр бүлийн долоон хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн жил гарсан ч өдийг хүртэл энэ хэрэг шийдэгдэлгүй, хаагдсан талаар өнгөрсөн долоо хоногт талийгаачдын ар гэрийхэн мэдээл хийж, АТГ-т шаардлага хүргүүлсэн билээ.

Тодруулбал хэргийг шалгаж байсан прокурор гурван удаа солигдож, гурван удаа хэрэг хаагдсан. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарласан.Осол юунаас болж гарсныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй учраас хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас АТГ-д хандсан.

АТГ-аас талийгаачдын ар гэрийнхний гомдлыг хүлээн авч энэ хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Тодруулбал долоон хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар сонссон иргэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хандахыг уриаллаа. Хэрвээ та энэ ослыг харж үзсэн бол АТГ-ын Мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайхан, Мөрдөгч, комиссар Ц.Золзаяа нартай 70112483, 70112479 утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой юм байна.

Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа хэлэхдээ “Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хохирогчдын сууж явсан автомашин “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас долоон хүн шатаж, амиа алдсан. Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн. Хэргийг харсан гэрчүүд бий. Дүүгийн маань машиныг шаргал өнгөтэй машин шахсаны улмаас осол болсон. Үүнийг харсан гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү, хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй.

Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна.” Хэмээсэн юм.
Б.ЦЭЛМЭГ

access_time 2017-09-21 11:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt