Ж.ШИЖИР: AMJILT.COM БОЛ БАГШ НАРЫН “ОЮУН БҮТЭЭЛ”-ЭЭ ХУДАЛДАЖ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ ХАМГИЙН ТӨГС БОЛОМЖ

XXI зуун бол мэдээлэл технологийн эрин зуун. Тэр ч утгаараа өдрөөс өдөрт  мэдээлэл технологийн салбар хүчээ авч, улам хөгжиж, хүчирхэж буй үед энэ салбарт шинийг санаачилагчдын тоо өссөөр, дэлхий даяаршлагдсаар буй. Үүний нэгэн төлөөлөл болж, ажлын гараагаа анх интернет кафегаас эхэлж, өдгөө  хамгийн олон вэб сайт хийсэн мэдээлэл технологийн тэргүүлэгч компанийг үүсгэн байгуулсан, мөн хамгийн анхны 3D хүүхэлдэйн киног бүтээж чадсан зэрэг хамгийн хамгийн гэх олон тодотголыг дагуулсан   “Том-Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижирыг ярилцлагын буландаа урьсан юм. Түүнийг Amjilt.com-н Шижир гэдгээр нь эчнээ мэддэг хүмүүс олон. Тэгвэл энэ удаад бид  өнөө жил 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Amjilt.com сайт мэдээлэл технологийн салбарт “хувьсал” хийсэн анхны платформ болсон тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Amjilt.com сайтын 10 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд танай сайт өөрчлөгдөж, шинэчлэгдсэн гэж дууллаа. Тэгэхээр яриагаа amjilt.com сайтын өөрчлөлтийн талаар танилцуулахаас эхэлье. Олны хэлж буйгаар сайт тань сошиал хэрэгсэл болсон гэлээ?

-Сайт гэхээс илүүтэй платформ гэж хэлж болно. Гэхдээ заавал платформ гэхгүй сайт гэсэн ч болно. Ерөнхийдөө платформ нь сайтнaaс илүү их програмчлалтай болохоор ингэж нэрлэж байгаа юм. Маш олон үйлдлүүдийг хийх боломжтой байдаг.

– Платформ гэдгээ тодруулбал?

-Одоо google, facebook-г платформ гэдэг шүү дээ. Ерөнхийдөө платформ гэдэг нь монголоор хөрвүүлбэл талбар гэх юм уу. Платформ дээр маш олон үйлдлийг хийх боломжтой байдаг. Жишээ нь хүмүүстэй танилцаж, чаталж, найз болох, өөрийнхөө тухай мэдээлэл оруулж, өөрийн үйлчилгээгээ сурталчлах, нөгөө талаас энэ бүх үйлдлүүдийг зохицуулж байхыг хэлээд байгаа юм. Энгийн сайтууд бол зөвхөн мэдээлэл орж унших, үзэх л боломжтой байдаг бол платформ нь маш олон функц үйлдэлтэй, дээр нь онлайн орчинд ажилладаг учраас олон давуу талтай.

-Тэгвэл amjilt.com платформ болсноороо бусад google, facebook гэх платформуудаас юугаараа онцлог болсон юм бэ?

-Шууд google, facebook-тэй харьцуулахад ичмээр л дээ. Эд нар бол хэдэн тэрбум гишүүдтэй болчихсон, хайлтын маш том платформ шүү дээ. Манайх бол тэд нараас маш өөр бөгөөд тун энгийн. Хэрэглэгч өөрийнхөө үнэ цэнэтэй контент, оюуны бүтээл, ном товхимол, тараах материал, cd, audio, video, гарын авлага, заавар зөвлөгөөгөө оруулаад зарах, хүмүүст хүргэх тэр боломжийг олгож байгаа юм. Маш товчхоноор хэлбэл ийм л платформ.

-Гол зорилго нь оюуны бүтээлээ худалдан борлуулах гэж ойлголоо?

-Тийм. Худалдах, худалдаж авах боломжийг олгож байгаа оюуны бүтээлүүд байрлах “Нарантуул” гэсэн үг. Нэг талаараа лангууны эзэд бараагаа авчирч тавиад бараагаа зардаг, нөгөө талаар худалдан авагч нар худалдаа хийдэг. Гэхдээ худалдаалах зүйл нь зөвхөн оюуны бүтээл. Тэр дундаа боловсрол талруугаа чиглэсэн бүтээлүүд орно. Тэрнээс биш дуу, кино бол биш харин уран зохиолын ном байж болно. Мөн энтэртаймент төрлийн ном байж болно.

-Жишээ нь зохиолчид шинэ гаргасан номоо дэлгүүрийн үнээр танайхаар дамжуулж худалдах боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Бүрэн боломжтой. Дээр нь нэг давуу тал нь зохиолчид номоо зарах гэхээр номны хуудасны бүрэлтийн нимгэн зузаан нь ямар газар хэвлүүлснээсээ хамаараад хэвлэлтийн зардал гэж их гардаг шүү дээ. Хэвлэсэн номоо дэлгүүртээ аваачиж өгөхөөр тээврийн зардал бас гарна. Номын дэлгүүр бас 30 хувийн ашиг авна. Жишээ нь 10 мянгаар ном зарлаа гэхэд хэвлэлтэд нь 1000 төг, хүргэж өгөх тээвэрлэлт гэхчилэн жижиг урсгал зардал гарна. Номын дэлгүүр бас хувиа авна. Ингээд хасуулсаар байгаад номын зохиолч өөрт нь маш бага хувь очдог. Харин манай платформ дээр хэвлүүлэх шаардлагагүй шууд онлайнд байршуулна. Борлуултын 30-40 хувь биш 20 хувийг нь манайх авна. Мөн бүтээлээ манайд байршуулаад худалдахад ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй. Харин борлогдсон бүтээлийн дүнгээс манайх хувь авах зарчмаар ажиллана. Аан, мөн хэвлэмэл номноос нэг давуу талтай нь дуусна гэж хэзээ ч байхгүй. File учраас хаанаас ч, хэн ч худалдаж авах боломжтой. Номын дэлгүүрээс зөвхөн хүмүүс ирж л авдаг бол манайд тавьснаар хөдөө орон нутгаасаа ч худалдан авалт хийх боломжтой. Гадаадад байгаа хэрэглэгчид ч худалдан авна.

 

-Хэрэглэгчид хэрхэн бүртгүүлэх вэ?

-Тэр нь маш энгийн. Манай үндсэн бүртгэлд имэйл хаяг, нууц үгээ бүртгүүлээд орж болно. Эсвэл шууд facebook, twitter хаягаараа нэвтэрч болно. Нэвтэрсний дараа платформ дахь маш олон төрлийн контентууд байгаа. 10 жилд, их сургуульд зориулсан болон нийтийн гэхчилэн олон төрөл байгаа. Жишээ нь нүүр будах арга, турах зөвлөгөө зэрэг нь нийтийнх гэсэн төрөлд байгаа. Тэр дундаас өөрийн хайж буй контентоо хэрэглэгч сонгоод авч болно.

-Хэрэглэгчээс шаардах шаардлага бий юу. Бүтээлээ худалдах гэж хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Манайх худалдан авч буй талаа Хэрэглэгч гэж нэрлээд байгаа. Харин бүтээлээ худалдаж буй хүнийг Багш гэж нэрлэж байна. Багш гэдэг бага зэрэг тохиромжгүй л дээ. Номын зохиолчийг багш гээд нэрлэчихэж байгаа юм. Гэхдээ ерөнхийд нь багш гэж нэрлэж байгаа. Манайхаас зохиолч, багш нарт тавигдах шаардлага байхгүй. Тэр зохиолчийг олон ном гаргасан байх ёстой гэлтэй биш. Ямар нэгэн тийм юм байхгүй. Өөрийнхөө танилцуулгаа бүртгэж оруулаад л болно. Дараа нь багш болох хүсэлт гэсэн товчлуур бий. Тэрэн дээр дараад л багш болохоор хичээл номоо оруулах эрх үүснэ.

-Багш болоод бүртгэгдсэний дараа бүтээлээ худалдахад дуусах хугацаа бий юу?

-Хязгаарласан хугацаа байхгүй. Мөнхөд байж байна. Тухайн хүн өөрөө л больё гэхгүй бол байж л байна. Одоогоор зарахаа больё гэсэн хүн алга.

-Багш бүтээлийнхээ үнийг өөрөө тогтоох уу, танайх жишиг үнээр худалдах юм уу?

-Хүмүүсийн их асуудаг асуултын нэг байна. Ямар нэг тогтоосон үнэ манайхаас байхгүй. Тэр хүн өөрийн бүтээлээ хэдээр ч зарсан болно. 10 жилийн хөдөлмөрөө 10 саяар ч 1000 төгрөгөөр ч зарах боломжтой. Мэдээж, хүн бүрт өөр өөрийн үнэлгээ байдаг шүү дээ. Бага хүч зарцуулж хийсэн мөртлөө түүнийгээ хэдэн саяар зарна гэвэл хэн ч авахгүй шүү дээ. Тиймээс өөрөө үнээ тогтооно.

-Одоогоор багш, хэрэглэгчдийн тоо хэд хүрсэн бэ?

-Яг өнөөдрийн байдлаар 11497 хэрэглэгчидтэй болсон байна. Ном оруулсан, худалдаж авсан бүх хэрэглэгчдын нэгдсэн тоо.

-Аmjilt.com платформ болоод хэр удаж байгаа вэ?

-Манай сайт түүх ихтэй л дээ. Энэ жил 10 жилийн ой болж байна. 2007 онд анх залуучуудад зориулсан сайт байж байгаад варец энтэртаймент сайт болж хөгжсөн. Дараа нь улс төр мэдээллийн сайт болсон. Харин контент худалдаалах энэ сайтаа 2010 оноос хойш эхэлсэн боловч энэ жилийн 9 сард дууссан. Энэ хугацаанд бид сайтаа улам сайжруулахын тулд хөгжүүлж, урагшилж, зарим үед шантрах үе байсан ч ажлаа дуусгаж чадсан. Анх бид зөвхөн өөрсдөө л бүтээл оруулж зарж болох сайт хийсэн байсан. Одоо бол хүн болгон бүртгүүлж бүтээлээ худалдах болон авах боломжтой болсон. Мөн Amjilt.com маань android bolon IOS дээр аппликэйшн бэлэн болсон байгаа.

-Манайд ийм төрлийн сайт өөр байдаг уу?

-Яг ийм програмчлалтай сайт манайхаас өөр байхгүй.

-Анх энэ бизнесийн санаагаа хаанаас олж авсан бэ?

-Энэ санаа маань их түүхтэй. Би өөрөө математикийн багш мэргэжилтэй, магистр хамгаалсан. Тэр үед интернет хэрэглээ их өсч байсан мөртлөө интернетээр сурах орчин маш бага байсан. Багш нарт асар их контентүүд, ном, гарын авлага, тараах материалууд ажлынх нь эсвэл гэрийнх нь компьютерт л байдаг байсан. Бараг хаана эдгээр файлуудаа хадгалснаа ч мэдэхгүй тийм их бүтээлүүд байдаг байсан. Тэгээд тэр бүтээлүүдээ зөвхөн тухайн сургуулийнхаа хүүхдүүдэд худалдаалдаг байсан. Харин манай сайт одоо энэ асуудлыг шийдэж, Монгол Улсын бүх хүмүүст бүтээлээ худалдах боломжийг багш нартаа олгож байгаа юм. Бүр цаашлаад гадаадад байгаа монголчууд ч худалдан авалт хийх, цахим орчинд суралцах орчныг бүрдүүлэх юмсан гээд боддог байж байгаад энэ санаагаараа магистерынхаа дипломын ажлыг хамгаалж байлаа. Энэ санааг маань их сургуулийн Батхүү багш их дэмжиж, зөвлөж, энэхүү санаагаараа диплом бичиж ажлаа эхлүүлж байсан. Оюутан байх үеийн мөрөөдөл, сэдэл санаа маань өнөөдөр ажил болсон байгааг харахад сайхан байна.

-Ер нь танай сайтаар дамжуулж худалдаж буй бүтээлүүдээс ямар төрлийн оюуны бүтээл илүү борлуулагдаж байна вэ?

-Би анх бодохдоо зохиолчид номоо их зарах байх, их сургуулийн оюутнуудад зориулсан багш нарын бүтээл мөн их байх болов уу гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ 10 жилийн сурагчид болон багш нар бүтээлээ их худалдаж мөн худалдан авч буй нь ажиглагдсан. Одоогийн байдлаар 10 жилийн багш ном тараах материал, ЭЕШ-н материалууд ихэвчлэн худалдаалж байна. Нэг талаараа манайх оюутнуудад бас нээх их таниулах ажил хийгээгүй нь бидний буруу байж болох юм. Уг нь оюутнууд 10 жилийнхнээс илүү санхүү болон зах зээл нь өндөр боловч тэднээс илүү зохиолчид бас ном зохиолоо зарах байх гэсэн боловч өөр үр дүн харагдсан. Энэ ярилцлагыг уншаад зохиолчид болон их сургуулийн багш, оюутнууд маань өөрийн оюуны бүтээлээ amjilt.com сайтаар дамжуулж худалдан борлуулна гэдэгт итгэж байна.

-Зохиолчдын хувьд эх хувь нь байхгүй бүтээлээ борлуулах боломжтой юу?

-Болно. Эх хувь нь байхгүй бол тухайн номоо скайнердаж оруулах боломжтой. Мөн манай сайт нэг ийм давуу талтай. Таны ном манай сайтаар дамжуулж борлогдсоноороо хэзээ ч дуусна гэж байхгүй. 2016 онд бид математикийн тараах материал бэлдсэн гэж бодъё. Гэтэл дараа жил нь нэг хүн таниас тэр тараах материалаа гаргаад ирээч гэхэд та шууд тэнд байгаа гэж хэлэхэд шууд олдохгүй бол яах вэ?. Аан харин үүнийг манайх маш хялбараар шийдэж, amjilt.com сайтад оруулсан байхад сайт маань таны бүтээлийн hard болж байгаагаараа бас нэг давуу талтай.

-Мөн ийм нэг асуулт байна. Танай сайтад зохиолчид ч юмуу багш нар бүтээлээ оруулж, худалдан борлуулж байтал тухайн хэрэглэгч “хуурамч” хэрэглэгч байвал яах вэ. Оюуны өмчийг хамгаалах тал дээр танайх хэрхэн ажиллах вэ?

-Хүмүүсийн их асуудаг асуулт байна. Одоогийн байдлаар манайд ил асуудал гарч ирээгүй байна. Тийм тохиолдол гарч ирвэл манай сайтад “мэдэгдэх” гээд товч байгаа. Энэ “хүний юм хуулбарласан байна эсвэл миний бүтээлийг авсан байна” гээд энэ тoвч дээр дарахад болно. Энэ товч мэдэгдэл ирэнгүүт манайхаас асуудлыг дор нь шийднэ.

-Таны хэрэгжүүлж буй монголын анхны платформ сайтын туйлын зорилго нь яг юу бэ. Энэ сайт амжилттай хэрэгжсэнээрээ бид юунд хүрэх вэ?

-Зорилго маань ерөөсөө л маш тодорхой. Боловсролыг хүн бүрт маш энгийн байдлаар сурч хөгжих, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд таатай орчинг хямд үнээр бүрдүүлэх зорилготой.

-Энэ зорилгодоо хэдий хэр хугацаанд хүрэхээр төлөвлөсөн бэ?

-Нэг жилийн хугацаанд зорилгодоо хүрнэ гэж тооцоолсон. Энэ хугацаанд маш олон багш нартаа сайн сурталчилгаа хийж, таниулснаар аяндаа хүмүүс бие биенээсээ суралцаад заавал биет ном авахгүйгээр амар аргаар сурах нь илүү хялбар гэдгийг ойлгох байх. Ном худалдаж авснаас онлайнаар сурах нь илүү давуу талтай. Жишээ нь, би нэг хүнээс хэвлэсэн ном худалдаж авлаа гэж бодоход нөгөө худалдаж авсан номон дээрхээсээ асуух зүйл байвал зохиогчоо олж асуухад маш хэцүү шүү дээ. Харин онлайн орчноос хичээл номоо татаад авчихвал номынхоо зохиогчидтойгоо шууд найз болоод чатлах, сэтгэгдлээ үлдээх, хоорондоо хэлэлцэх зэрэг олон үйлдлийг нэг доор хийх боломжтой болно. Ойлгохгүй байгаа зүйлээ шууд зохиогчоосоо асууж, хэлэлцэх, нэгэндээ зааж өгөх, бүүр цаашлаад бүлэг үүсгэж хоорондоо нэгнээсээ суралцах орчин бий болно зэрэг маш олон давуу талтай.

-Ийм гэгээлэг бөгөөд боловсролын салбарт ахиц гарахуйц ажил эрхэлж буйгаар нь тань бахархаж байна. Гэхдээ онлайнаар сурах нь цаг хугацаа санхүү хэмнэх ч гэсэн амьд харилцааг үгүй хийх юм биш үү?

-Энэ бол маш чухал асуудал. Amjilt.com платформ маань амьд харилцааг үгүйсгэсэн юм биш. Харин амьд харилцааг илүү үр дүнтэй болгох зүйл юм. Учир нь амьд харилцааг зөвхөн хичээл сургууль дээрээ байх үедээ суралцаж байгаа бол amjilt.com платформ маань үүнийг өшөө илүү их үр дүнтэй болгохын тулд хичээлийн бус цагаар, автобус унаанд явж байхдаа, гэрийн даалгавараа хийхдээ хүртэл багшаасаа асуух зүйлээ хүссэн үедээ шууд асуух боломж олгосноороо онцлог юм.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та amjilt. com сайтад хэрэглэгчээр бүртгүүлэх болон худалдан авалт хийх сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?

-Amjilt.com платформ маань маш олон давуу талтай бөгөөд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зөв санаа гэдэгт би итгэдэг. Энэ ажлыг хэрэгжүүлсэнээрээ нэгдүгээрт, манай зохиолч, багш нарын оюуны бүтээл маш багаар үнэлэгдэж, бага орлого олдог байсныг дээшлүүлэх, ажлын бус цагаараа өөрийн оюуны бүтээлээ өөрөө үнэлж, худалдан борлуулж, орлогоо нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Нөгөө талаараа эдгээр хүмүүсийн бүтээлийг хэрэглэгчид үзэж, сурч хөгжснөөрөө манай улсын боловсролын салбар илүү хөгжих, илүү үр дүнтэй суралцах боломжтой санааг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд боловсролын салбарт ахиц дэвшил гарч манай улс илүү хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна.

access_time 2017-11-22 15:53

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt