PC тоглоом Монголын ирээдүйд заналхийлж байна

Нийслэлийн бүх дүүрэгт орон сууцны хонгил, хулганы нүх шиг газруудад хуучин компьютер өрж, нас харгалзахгүй, өдөр шөнийг ялгахгүй, РС тоглоомын газрууд ажилласаар олон жил болж байна. Үүний уршгаар РС тоглоомын бизнес цэцэглэсээр бага болон өсвөр насны хүүхдүүд “донтох” гэгч сэтгэцийн өвчнөөр өвчилж, эрүүл мэндээр хохирч байгаагаас гадна, 11-16 насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тоглох мөнгө олохоор хулгай хийх гэх мэт сөрөг үр дагавар гардаг талаар цагдаагийн ажилтнууд ярьж байлаа. РС-д нэг хоноход 3500- 4000 төгрөг байдаг бөгөөд энэ мөнгийг эцэг, эхээсээ худал хэлж авахаас гадна зарим үед дэвтэр, ном, утсаа тавьж тоглодог гэнэ.
Энэ нь эцэг, эх, багш нарын анхаарал сул, хараа хяналтгүй байгаагийн жишээ мөн бөгөөд хүүхэд хичээлдээ явж, гадуур юу хийж байгаад анхаарал тавьдаггүйтэй холбоотой юм. РС тоглоомын үйл ажиллагаа явуулах журмыг 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор баталсан. Байрны шаардпага, гэрчилгээ олгох, түүнийг хүчингүй болгох, хориглох зүйлүүдийг заасан байдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй байна.
Дүүргүүдийн хэлтсийн байцаагч нар эрхийнхээ дагуу хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн ч хуулийн дагуу 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг боловч үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй гэдгийг цагдаагийнхан хэллээ. Журамд зааснаар өсвөр насны хүүхдэд үйлчлэхдээ 30- 40 минутаас илүү тоглуулахгүй байх ёстой боловч 23.00 цагаас хойш хаалгаа түгжиж хонуутаар тоглуулдагаас гадна РС тоглоом нь дайн, зодоон, алаан талаантай үзвэр байдаг нь хүүхдэд ямар сөрөг үр дагавар, хор хөнөөлтэй нь ойлгомжтой. Дээрх байдалтай холбогдуулан зарим төрийн байгууллагын холбогдох хүний яриаг товч хүргэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн
Т.Батболд:
-РС тоглоомын зөвшөөрлийн гэрчилгээг манай ХХЗХ-оос олгодог. Бүртгэлийн өргөдөл, бүртгэлийн маягт бөглөж, цахим тоглоомын жагсаалтаа гаргаад, тэмдэгтийн хураамж 20.000, бүртгэлийн хураамж 80.000 төгрөг тушаасан бол 7-14 хоногт багтаан гэрчилгээг гаргадаг. Гэрчилгээ олгохдоо МХЕГ, ОБЕГ-ын галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, дүүргийн даргаараа баталгаажуулж, цагдаагийн байгууллагад мэдээлэл нь ирсэн тохиолдолд олгодог. Үүнээс үзэхэд РС тоглоомын зөвшөөрөл олгоход тооны хязгаарлалт байхгүй, нэг дүүрэгт хэд ч РС тоглоомын газар байж болохоор байгаа бөгөөд зөвшөөрөл үйл ажиллагааг нь шалгахаас тоог хязгаарлах, хууль дүрэм байхгүй байгаа нь сургуулийн ойр орчим, байрны подвалд, айлын хашаа байр, нүх сүв бүрт РС тоглоомын газар байх нөхцөлийг нь бүрдүүлсэн байна.
Гэр бүл, үр хүүхэд залуучуудын хөгжлийн газрын (ХЗҮГ) мэргэжилтэн 
Г.Саранхүү:
-Энэ асуудалд анхаарч, бусад холбогдох байгууллагатай хамтарсан шалгалт хийж, цэгцлэх талаар төлөвлөгөө гарсан.
Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан байцаагч ахмад Ц.Нарантуяатай уулзахад, ийм байгааг мөн л хүлээн зөвшөөрч, хэлтсийн даргатайгаа уулзуулах гээд очиход дарга нь “Өөрөө уулзаад ярь” гэсэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад албан тоот явуулсан гэж нэмж хэлэв. Бидний зүгээс Ш.Анхмаа даргад энэ оны гуравдугаар сард ярьж танилцуулж байсныг энэ дашрамд хэлье.
Сэтгэцийн эмгэг, мансуурал судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн донтолтын эмгэгийг эмчилдэг их эмч н.Соёлмаатай уулзахаар очиход үзлэгийн өрөөнийх нь гадна хонгилд, “Хэвтэх орны дараалал их байгаа тул хүлээлт ихтэй байна” гэсэн зарлал хадсан байна.
РС тоглоомд донтсон хүүхдүүд асар ихээр ирж байна. Манай тасагт хэвтэх ор одоогоор байхгүй, дараалал их байгаа. Зүгээр байсан хүүхэд маань хараа, сонсгол нь муудаж, хий юм хардаг, заримдаа ухаан нь балартдаг, булчин шөрмөс нь татдаг, шээс нь үе үе задгайрдаг боллоо гэх мэт зовиуртай хүүхдийн эцэг, эхчүүд ирдэг. Энэ бол РС тоглоомоос шалтгаалж донтох эмгэгтэй болж байгаа хүүхдүүдэд гардаг наад захын өөрчлөлт бөгөөд цаашид сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх аюултай” гэв.
Бид холбогдох газруудад энэ байдлыг ярьдаг ч анхаарахгүй байна гэж нэмж хэлэв. Хүүхдийг ашиглаж эцэг, эхийнх нь халааснаас мөнгө зулгааж байгаа энэ газрууд ашигтай байгаа учраас нийслэлд байрны орц, нүх сүв бүрт хавтгайрсан байдалтай болжээ. Нэрээ нууцалсан нэгэн, РС тоглоомын өдрийн орлого 400-500 мянган төгрөг, хоногт 20-30 хүүхэд хонодог тухай хэлсэн байна. Өсвөр насны хүүхдийг ашиглан, бизнес хийж байгаа энэ газруудад хяналт байхгүйгээс хэдхэн төгрөгийн хураамжаар зөвшөөрөл авч, сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүдээ сэтгэл мэдрэлийн өвчтэй болгодог газруудыг өөгшүүлсээр байх уу. Гадаад улс орон, тухайлбал Австрали, манай урд хөрш Хятад улсад 2007 оноос тоглоомын газрыг хориглодог болсон байна. Эцэст нь хэлэхэд, нийслэл, дүүргийн иргэдийн хурал, ЗДТГазар, холбогдох байгууллагууд энэ байдалд дүгнэлт хийж, хүүхдүүд, тэдний эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлэн байгаа РС тоглоомын асуудпыг даруй цэгцэлж, хаах шаардлагатай болсон байна.
“Ухаарахуй” төвийн (ТББ) тэргүүн СЭМС-ын тэргүүлэх зэргийн их эмч Н.Донров
access_time 2017-11-20 10:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt