Билл Гэйтс өдрийн $2-оор хэрхэн амьдрах тухайгаа өгүүлжээ

Дэлхийн нэн ядуу хүн амын өдрийн орлогыг $2 гэж тогтоосон байдаг ба өнөөдөр манай гараг дээр нэг тэрбум орчим хүн ийм мөнгөөр амьдарч байна.

Харин манай дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гэйтс ийм орлоготой байсан бол яаж амьдрахаа өөрийн блогтоо саяхан бичжээ. Гэйтс хамгийн түрүүнд тахиа авч үржүүлнэ гэсэн байна.

“Мэдээж энэ асуултад цорын ганц зөв хариулт гэж байхгүй. Ядуурал бол өөр өөр газарт өөр өөр нөхцөлтэй байгаа” гэж тэр тайлбарласан юм. Гэйтс “Гэхдээ би сангийнхаа хүрээнд ядуу буурай орны тахиа тэжээдэг олон хүнтэй уулзаж байсан. Тиймээс би энэ шувууны үр ашгийн талаар ихийг мэдэж авсан. Нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа хүмүүс тахиа тэжээх нь хамгийн зөв гэж би бодох болсон юм” гэжээ.

Тахиа тэжээх дөрвөн үндсэн шалтгаан байгааг тэр мөн бичсэн байна. Үүнд, авахад хямдхан, арчилгаа бага шаардана, тахианы мах, өндөг биенд сайн, бизнес хийж мөнгө олох боломжтой гэнэ.

Гэйтс сангийнхаа ажлаар Баруун Африкт гурван сар аялахдаа тахианы ач тусыг сайн ойлгосон байна. Түүний харснаар 8-10 тахиа тэжээдэг хүн жилдээ $1,000 орчим орлого олох боломжтой гэнэ. Дэлхийн банкны гаргасан ядуурлын хамгийн доод түвшин өдөрт $2 буюу жилд $700 орчим юм.

Билл Гэйтс ядуу өрхүүдэд мал хандивладаг Heifer International буяны байгууллагатай хамтран ажиллаж, Сахарын өмнөд бүсийн ядуу иргэдийн 30 хувийг тахианы аж ахуйтай болгох зорилт тавьжээ. Одоогийн байдлаар тэнд уг тоо нь 5 хувьтай байгаа гэнэ.

“Хэлэхэд инээдтэй ч тахиа намайг үнэхээр гайхшруулсан шүү” гэж Гэйтс эцэст нь бичжээ.

access_time 2017-11-13 19:20

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt