Ж.МӨНХБАТ, Ц.НЯМДОРЖ ХОЁР АВАЛЦЖЭЭ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дотоод асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар авалцжээ.

Болсон үйл явдлын талаар тодруулбал, бүлгийн хуралдаанаар эхлээд өнгөрсөн баасан гаригт чуулган, Төсвийн байнгын хорооны хуралдаанд ирц бүрдүүлээгүй гишүүдтэй холбоотой асуудал хөнджээ. Энэ үеэр зарим гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хандаж “Сүүлийн үед бүлэг ч хуралдаж чадахаа болилоо. 10.00 цагт зарласан хурал 11.00 цагт арай гэж эхэлдэг жишиг тогтлоо. Бүлэг 65 гишүүнтэй боловч бүлгийн хуралд бүгдээрээ оролцдоггүй. Засгийн газраас оруулж ирж байгаа төслийг бүлгээр хэлэлцүүлэх болоход Ерөнхий сайд манлайлаад оролцох ёстой ч мөн ирдэггүй” гээд хаа, хаанаа асуудал байна гэж ярьжээ. Гишүүдийн нэлээд нь энэ асуудлыг дэмжсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал хэлэх үеэрээ “Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдээгүй байхад Ерөнхий сайд “Төсөв батлагдсаны хүлээн авалт хийнэ” гээд баасан гаригт гишүүддээ зар явуулах нь зөв юм уу. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болохоос биш арваннэгдүгээр сарын 13-нд багтаан батлах ёстой” гэж заагаагүй. Хүчээр түрж төсөв батлуулна гэж байхгүй шүү” гэжээ.

Бүлгийн хуралдаанд оройхон заларсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ж.Мөнхбат аа, чи гомдол чинь яасан тайлагддаггүй юм. Ирцээр бойкот хийж, хурал уяж ажил хийлгэдэггүй энэ зарчимгүй зан чинь дэндэж байна. Эв нэгдэл хамгаас чухал байхад Засгийн газрын гишүүн бүртэй шахам сөргөлдөж байна” гэжээ. Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж үг хэлж байхад Ерөнхий сайд өөрөө намайг доромжилсон шүү. Та нар ямар эв нэгдэл, зарчим ярих гээд байгаа юм. Нам доторх эв түнжинг хагалсан хүмүүс та нар биз дээ. Дүрэмгүй тоглолтыг өөрсдөө эхлүүлчихээд одоо хэнээс юу шаардаад байгаа юм” гэх үг хэлж, эцэстээ хуралдааныг өндөрлүүлсэн байна.

access_time 2017-11-13 17:54

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt