Ц.Цогзолмаа: Багш нар Хууль бус ажил хаялт зохион байгуулж байна

Өнөөдрөөс зарим багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Энэхүү ажил хаялтад цэцэрлэгийн багш нар хамгийн өргөн хүрээтэй оролцож байна. Энэ асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулга авлаа.

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлахгүй. Салбарын яамтайгаа ойлголцолд хүрч чадсан гэсэн ойлголт олон нийтийн дунд байсан. Гэвч зарим багш нар өнөөдөр ажил хаялаа. Энэ асуудалд та тайлбар өгнө үү?

БСШУС-ын сайдын зүгээс ажил хаялт эхлэхээс өмнө Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн. Мөн нэг зүйлийг анхааруулсан. ХНХЯ, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд гэрээ байгуулсан. Зөвшилцөлд хүрсэн учир ажил хаялт зохион байгуулах нь хууль бус гэдгийг багш нарт анхааруулсан. Тийм учраас хүүхдүүдийн суралцах эрхийг хамгаалах, эцэг эхчүүдийн ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэхэд туслах үүднээс ажил хаялт битгий зохион байгуулаарай гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль бус ажил хаялт зохион байгуулж байна. Бид 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн үндсэн ажлаа таслахгүйгээр хичээлээ заагаад явж байгаа багш нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэх, анги даасан, дугуйлан хичээллүүлсэн, улсын болон орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд сурагчдаа бэлтгэж байгаа багш нарт цалингийн 20%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгох асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл хариуцсан ажлаа сайн хийж байгаа багш нар сард 45%-ийн урамшуулал авах боломжтой болсон.

Ажил хаясан багш нарт хариуцлага тооцох уу?

ЕБС-иудын 30 орчим хувь нь, цэцэрлэгүүдийн 60 орчим хувь нь ажил хаялтад оролцсон байна. Нэг зүйлийг хэлье. Боломжийн олгоод тавьж байгаа шаардлагын биелүүлж байхад хууль зөрчсөн ажил хаялт хийж байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Боловсролын байгууллагад удирдлагын менежмент алдагдсан байна. Үндсэн ажлаа хийснийхээ төлөө. Чанартай боловсролын үйлчилгээ хүүхдүүдэд хүргэсэн багш нар цалин авах ёстой. Цалин нэмэх асуудал дээр анхаарал тавиад ажиллаж байхад нийгмийн сэхээтэн болсон багш нар маань ийм зохион байгуулалтад орж байгааг гайхаж байна. Гэтэл ажилгүй иргэд маань Төр засгийнхаа нөхцөл байдлыг ойлгож байна. Ажлын байргүй маш олон багш нар бий. Өнөөдөр авч байгаа цалинг нь аваад ажиллах хүсэлтэй хүмүүс ч байна. Анхааруулаад байхад ажил хаялтад оролцож байгаа, хүүхдүүдээ хичээлийн таслуулж хохироож байгаа энэхүү ажил хаялтын үр дүнд хийсэн дүгнэлтээ олон нийтэд мэдээлэх болно. Сайн сургалт, сайн чанар, сайн боловсролын араас сайн цалинг багш нар маань нэхэх ёстой.

Багш нарын араас турхирч байгаа хүмүүс байх шиг байна.

21 хоног Багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг хуралдсан. Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо ийм ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Багш нарын цалинг нэмэх асуудал тохиролцоонд хүрээд гарын үсэг зурах гэхээр хаяад явчихдаг. Ийм зохион байгуулалтад орсонд харамсаж байна. Эцэг эхчүүд ажилдаа явж чадахгүй хүүхдээ хараад гэртээ сууж байна. Хууль бус ажил хаялтад оролцсон багш нарт цалин бодохгүй.

access_time 2017-11-13 14:28

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt