ХЕЗБОЛЛА: САУДЫН АРАВИ ЛИВАНД ДАЙН ЗАРЛАЛАА

Саудын Арави Ливанд дайн зарлалаа гэж “Хезболла” хөдөлгөөний толгойлогч мэдэгдлээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Ливаны Ерөнхий сайд Саад аль-Харири өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Саудын Аравийн нийслэл Эр-Рияд хотоос телевизээр “Миний амь насанд “Хезболла” бүлэглэлийнхэн болон Иран аюул заналхийлж байгаа учир би огцрохоор шийдлээ” гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор Ливаны “Хезболла” хөдөлгөөний толгойлогч Хасан Насралла дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Х.Насралла өчигдөр мэдэгдэл хийхдээ “Саудын Аравийн тал Ерөнхий сайд С.Харирийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хорьж байна. Мөн израильчуудыг Ливан улсын эсрэг өдөөн турхирч байна” гэж буруушаажээ.

“Хезболла” нь Ливаны лалын шашны шийт урсгалыг шүтэгчдийн улс төрийн нам болоод босогчдын бүлэглэлээс бүрдсэн нөлөө бүхий хөдөлгөөн юм. “Хезболла” нь Ираны холбоотон билээ. Бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна гэж Иран болон Саудын Арави нь нэг нэгнийгээ буруушаадаг юм.Ливаны Ерөнхийлөгч Мишель Аоун болон бусад улстөрч ч “Хезболла”-гийн адил “Ерөнхий сайд С.Харирийг Саудын Аравид хорьж байна” гэж үзэж байна.

С.Харири өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас хойш дахин мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

access_time 2017-11-11 13:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt