ӨНГӨРСӨН ХҮНИЙГ ТУУЛАЙН ЗОО ШИГ ГАЗАР НУТАГЛУУЛБАЛ ҮР ХҮҮХЭД ХООСОРДОГ

 

-Бурхны номд газрыг шинждэг ямар ёс байдаг вэ?

-Аливаа нэгэн газрын байрлал хүний амьдрал ахуйтай маш нарийн уялдаатай. Тиймээс “Хүний баян, үгээгүй, дордос, нас урт, нас охор байх, мэргэн, мунхаг, өлзийтэй, харгис байх цөм газрын гайхамшгаар болмуй” хэмээн өгүүлсэн байдаг. Газрыг таван махбодь хийгээд 12 жил, дөрвөн зүг, найман зовхис, найман хөлөлтэй нь нягтлан шинжинэ. Өндөр уул их байвал өчүүхэн уул нь чухаг болчихдог. Ихэнх уул намхан байвал өндөр уулыг эрхэм болгож шинждэг. Эртний ном сударт заан мэт уулны хавирга дээр нь, арслан мэт уулын мөрөн дээр нь, гахай мэт уулын хоншоор дээр нь, морин мэт уулын хөлд нь, хасаг мэт уулын хүрдэн дээр нь, хөрөө мэт уулын хошуун дээр нь, ойл мэт уулын гэдсэн дээр нь, шувуу мэт уулын далавчин дээр нь могой мэт уулын сүүлэн дээр нь, хөшиг мэт уулын төв дунд нь сайн байна гэх мэтчилэн янз бүрийн хэлбэрээр шинждэг.

Тийм жилтэй хүн тэр газар бууж, суух нь зохистой гээд сударт заасан байдаг уу?

-Байлгүй яахав. Тухайлбал, туулай жилтэй хүн харцага шунгаж буй мэт газар буучихвал үхэл тасрахгүй. Өнгөрсөн хүнийг уулын хөтөл, туулайн зоо шиг газар нутаглуулбал үр хүүхдүүд нь үгүйрч хоосордог жамтай.

Та жишээ болгож үүнтэй холбоотой зүйл сонирхуулж яриач?

-Аавыгаа өнгөрсөн хойно нь нэгэн зурхайчаас хүүхдүүд нь газар асуутал “Уулын орой хөтөл дээр нутаглуул” гэж зааж өгчээ. Зурхайч аавтай нь өс хонзонтой байсныг хүүхдүүд нь мэдээгүй байж л дээ. Хүүхдүүдийг нь хорлолоо гэж бодсон чинь харин ч жигтэйхэн баяжиж эхэлжээ. Зурхайч “Миний зааж өгсөн газарт тавьсан байхад хүүхдүүд нь яагаад баяжчихав” гэж гайхаж бодоод байсан чинь аав нь Харцага нэртэй байж. Тэгэхээр туулайн зоон дээр суусан харцага хоолоор яаж гундах билээ дээ.

Эцгийн газрыг буруу сонговол үр хүүхдүүдэд нь муу нөлөөтэй гэлцдэг юм билээ…

-Хүний задарч дуусаж буй бие цогцос тодорхой хэмжээний эрч хүчийг гадагшаа цацруулж байдаг. Сүнс нь зуурдын үед задралд орж, тодорхой хэмжээнд сонголт хийсэн үрээр төрөл аваад шилждэг. Бие задрах хугацаанд амьд байхдаа ямар эрч хүчтэй байсан яг тийм түвшний эрч хүчийг өөрөөсөө гаргадаг. Эрчим задарч гарахдаа ижил хэмнэлтэй эрчмээ тэтгэдэг. Нэгдэж буй ижил эрчимтэй хүн бол удмынх нь хүн байдаг. Амьд хэмнэл долгионыг өнгөрсөн аавынх нь долгион тэтгэж байдаг. Хэрвээ аав, ээжийгээ ачлахгүй буруу газар оршуулбал тэндэх газрын гэм, задралын эрчмээр дагалдаж, үр хүүхдүүдэд нь муугаар нөлөөлж доройтуулдаг. Зөв газар нутаглуулбал тэтгэж, эрч хүч өгч байдаг. Тиймээс өнгөрсөн хүний оршуулгын зан үйлд ухвар мөхөс хандаж хэзээ ч болохгүй.

access_time 2017-11-03 13:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt