С.ЭРДЭНЭ: НАМААС ГАРАХ ЭСЭХ НЬ ХУВЬ ГИШҮҮНИЙ АСУУДАЛ

 

Ардчилсан нам хоёр хуваагдана гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдах болжээ.
Энэ тухайд Ардчилсан намын дарга С.Эрдэнээс хариулт авлаа.

-Ардчилсан намын гишүүд шинэ нам байгуулна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм юм байхгүй. Намаас гарах эсэх нь хувь гишүүний асуудал. Хүн орж, гарсны төлөө нам хуваагдана гэж байхгүй. Гурав, дөрвөн хүн гарснаар нам хуваагдана гэж байхгүй. Тэр хүн нэг намаас гарч, өөр намд элсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Яг одоогоор надад намаас гарна гэдэг санал, мэдэгдэл ирээгүй байна. Яагаад гэвэл манай намд дотоод зөрчил байхгүй.

-Таныг намын даргаа гэж хүлээн зөвшөөрөхгүй, тантай санал нийлэхгүй гишүүн олон байгаа юм биш үү?

-Намын гишүүд 100 хувь надтай санал нийлнэ гэж байхгүй. Гэхдээ санал нийлээгүйн төлөө намаа солиод байх нь зөв асуудал мөн юм уу, биш юм уу бүү мэд. Би Ардчилсан намыг гишүүдийн олонхийн санал авсан намын даргын хувьд үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Хэн нэгэн олигарх, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй зөвшилцөж байх албагүй.

-Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ 100 гаруй сая төгрөгийн босго тавьж байгаа нь шударга бус шийдвэр гэх шүүмжлэл байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Юу гэсэн үг юм. Мөнгөөр үнэлнэ гэж байхгүй. Ардчилсан залуучуудын холбооны удирдлага сонгоход зардал гарна. 21 аймаг, есөн дүүргээр явж, уулзалт хийхэд хэдэн төгрөгийн зардал гарч байна тэр бүхнийг тооцож үзнэ. Гарсан зардлаа хуваагаад, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд явах асуудал. Яригдаад байгаа мөнгө бол татвар, хураамж биш. Гарч байгаа зардлаа нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдөө хариуцдаг. Манай намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нам чинь төсвийн байгууллага биш.

Нам гэдэг бол татвар хандив дээр тогтдог. Хэрэв Ардчилсан залуучуудын холбоонд нэр дэвших сонирхолтой хүмүүс байгаа бол зардлаа гаргаад явна. Заавал тэдэн төгрөг гэсэн юм байхгүй. Нийт зардал нь 250 сая төгрөг болж байгаа. Нэг хүн 120 орчим сая төгрөг гаргаж, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулахаар байгаа.

access_time 2017-11-03 11:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt