Венесуэлийн ерөнхийлөгч 100,000-тын дэвсгэрт танилцууллаа

Хэт инфляцид нэрвэгдээд байгаа Венесуэль улсын ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр буюу Лхагва гарагт тус улсын түүхэн дэх хамгийн том мөнгөн дэвсгэртийг гаргаж байгаагаа зарлалаа.

Энэ долоо хоногт багтаж гүйлгээнд гарах дэвсгэрт нь 100,000 боливарын дэвсгэрт байх юм. Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шигээ үнэ цэнтэй зүйл биш болоод байгаа. Венесуэлийн хар захын ханшаар 100,000 боливар нь $2.5-тай тэнцэх ажээ.

Үндэсний телевизийн сувгаар шинэ дэвсгэрт танилцуулсан Мадуро бас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар ахиулж байгаагаа зарласан байна. Гэвч эдийн засагчид Мадурогийн хийсэн алхмыг Венесуэлийн эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлнэ гэж анхааруулж байгаа юм.

Нийслэл Каракас хотод бэлэн мөнгө авахаар банкны гадаа урт дараалал үүсгэсэн хүмүүсийг харж болно. Мөн хоол хүнс олж авахаар ингэж дугаарладаг болоод байгаа.

2017 оны эхээр Мадуро 500, 5,000, 20,000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргасан ч үр дүнгээ өгөөгүй юм. Өнөөдрийн хамгийн том дэвсгэрт 20,000 боливар нь ердөө 0.5 ам.доллартай тэнцэж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн ч Венесуэлийн ажилчин хамгийн багадаа албан ёсны ханшаар тооцвол $132, хар захын ханшаар $11 сардаа авдаг болно гэсэн үг. Гэхдээ албаны ханш нь билэгдэл төдий зүйл болоод байгаа юм.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Энрик Каприлес социалист ерөнхийлөгчийн алхмыг шүүмжилж, твиттер хуудсандаа “Энэ дэлхийн хамгийн өндөр инфляцтай оронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөж байгаа нь Венесуэлийн ажилчдыг доромжилсон хэрэг юм” гэж бичжээ.

Өчигдөр бас Мадуро ирэх сард болох орон нутгийн сонгуульд оролцохыг сөрөг хүчнийхэнд уриалж, оролцохгүй бол шийтгэл оногдуулна гэж мэдэгдсэн байна. Венесуэлийн хоёр том сөрөг хүчний удирдагчид өмнөх сонгуульд луйвардуулсан гэдэг шалтгаанаар ирэх сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

access_time 2017-11-02 16:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt