Путин цэрэг татлага эхлүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр /2022.09.21/ Орост хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдэв. Тэрбээр урьдчилан бэлдсэн бичлэгээр мэдэгдлээ хүргэсэн бөгөөд дайн эхэлснээс хойш анх удаа үндэсний хэмжээнд үг хэлж буй нь энэ юм.

Тэрбээр Оросын зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийг нэмэгдүүлэх тушаал өгсөн. Мөн цэрэг татлагын арга хэмжээ өнөөдрөөс шууд эхэлж буйг мэдэгдлээ. Хэсэгчилсэн цэрэг татлага гэдэг нь бүрхэг ойлголт боловч бизнес эрхлэгчид болон иргэд дайнд илүү их хувь нэмэр оруулах ёстой гэсэн үг бололтой. Орос улс хоёрдугаар сард Украин руу цөмрөн орсон ч одоо хүртэл албан ёсоор дайн зарласан гэж мэдэгдээгүй байна. Тэд өөрсдийн түрэмгийллээ цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлээд буй.

Хэсэгчилсэн цэрэг татлагын тухай зарлигт Путин аль хэдийнэ гарын үсэг зуржээ. “Энэ бол хэсэгчилсэн дайчилгаа гэдгийг би онцолж байна. Зөвхөн нөөцөд байгаа хүмүүсийг цэрэгт татна. Дайчилгаанд дуудагдсан бүх орос иргэдэд гэрээгээр алба хааж буй хүмүүстэй адилхан давуу тал олгоно гэдгийг онцлон хэлье” гэж тэр хэлэв.

Барууны орнуудыг Оросын эсрэг цөмийн шантааж хийсэн гэж тэр буруутгасан. Мөн барууны заналхийлэлд хариу өгөх олон зэвсэгтэй гэдгээ санууллаа. Путин урьд нь цөмийн зэвсгийн талаар дурдаж байсан ч Москва үнэхээр зэвсэг байршуулах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ Москва цөмийн зэвсэг байршуулах юм бол үнэхээр дэлхийн гуравдугаар дайн эхэллээ гэсэн үг болохыг шинжээчид хэлж буй. Их Британийн Гадаад хэргийн сайд Гиллиан Киган ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд хөнгөн хуумгай хандаж болохгүйг сануулсан.

Дашрамд дурдахад, Орост нэгдэх эсэх санал асуулга энэ долоо хоногийн сүүлээр Донецк, Луганск, Херсон, Запорожьед болно.

Эх сурвалж: CNBC, SKY NEWS

access_time 2022-09-21 22:11

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt