Монголд зургаан төрлийн 31 үүсмэл орд байна

Үүсмэл орд ашиглалт” онол практикийн хурал өнөөдөр /2022.09.21/ Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг хурлыг уул уурхайн 100 жилийн ойн хүрээнд уул уурхайн УУХҮЯ, “Ачит Ихт” компани хамтран зохион байгуулав.

Хурлаар үүсмэл ордны эрх зүйн орчин, өнөөгийн нөөцийн байдал, өрсөлдөх чадварын үнэлгээ, бусад орнуудтай харьцуулсан байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого үр дүн, цаашдын хамтын ажиллагаа техник технологи ямар түвшинд байх вэ гэдгийг хэлэлцлээ.

Үүсмэл орд гэдэг нь ашигт малтмал олборлолт, боловсруулалтын явцад бий болсон ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц овоолгыг хэлдэг аж. Товчхондоо, уурхайгаас гарсан овоолгыг дахин боловсруулах аргаар ашигт малтмал гарган авахыг хэлдэг. Тухайлбал, “Ачит Ихт” компани уурхайн овоолгоос ашигт малтмал гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах болсон. Тус компани “Эрдэнэт”-ийн овоолгоос ашигт малтмал олборлох төслийг 2014 онд эхлүүлжээ.

Монголд өнөөдрийн байдлаар зургаан төрлийн 31 үүсмэл орд бүртгэгдсэн. Түүний дийлэнх нь алтны орд байдаг аж.

Энэ талаар “Ачит Ихт” компанийн захиргаа, нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал “Манай компани анх 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хөрвүүлэн баяжуулах технологид тохирохгүй балансын бус хоёрдугаар овоолгыг судалсаны үндсэнд катодын зэс боловсруулах гидрометаллургийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан. Бид “Олборлолтоос боловсруулалтад, Боловсруулалтаас бүтээгдэхүүнд” гэсэн уриатайгаар ажилладаг. Орчин үеийн техник технологийг ашиглан Лондоны металлын биржийн “А” зэрэглэлийн 99,999%-ийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэн экспортолж, 2021 оны байдлаар ДНБ-ний 0,6 хувийг бүрдүүлж, улс орны эдийн засагт бодит хувь нэмэр орууллаа. Манай компанийн хувьд Лондоны металлын биржийн гишүүн, үндэсний үйлдвэрлэгч зэс боловсруулах үйлдвэрлэлээр Монголд тэргүүлдэг.Зэсийг боловсруулан гаргах гидрометаллургийн арга нь уусгалт, уусган хандлалт, цахилгаан хими гэсэн гурван төрөл байдаг. Энэ нь эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө бага учир “Ногоон зэс” гэж нэрлэгддэг” гэлээ.

Харин УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын шинжээч Х.Баярхангай “Монгол Улсын хувьд үүсмэл орд гэдэг ашигт малтмал олборлолт, боловсруулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц ашигт малтмалын овоолгыг хэлнэ. Үүсмэл орд гэдэг байгалийн процесс биш хүний үйл ажилгааны холбоотой үүсдэг учир нөөцийг тодорхойлох хэцүү. Ашигт малтмалын ордыг олборлох үед дагаад үүсмэл орд үүснэ. Эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгаа учраас үүнийг үүсмэл орд гэж нэрлэж байгаа. Орд гэдэг нь цэвэр эдийн засгийн ойлголт. Эрх зүйн хувьд Засгийн газрын 2017 оны дугаар 61 тогтоолд заасан Үүсмэл ордын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, Үүсмэл ордын үйл ажиллагааг эрхлэх гэсэн журмаар зохицуулалт хийж өгсөн” талаар мэдээллээ.

access_time 2022-09-21 21:42

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt