НҮБ-ААС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАХЫГ УРИАЛАВ

НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг өнөөдөр танилцууллаа.

Энэ удаагийн тайланд эмэгтэйчүүдийн эрхийн тэгш бус байдлыг түлхүү тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад баян, ядуугийн ялгаанаас үүдэлтэй эмэгтэйчүүдийн эрхийн тэгш бус байдал их байгаа бөгөөд үүнийг нэн даруй залруулахыг НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара уриаллаа.

Тэрбээр, “Тэгш бус байдал бол зөвхөн мөнгөний тухай асуудал биш. Энэ бол эрх мэдэл, хүний эрх, нөхөн үржихүйн тухай асуудал. Хөгжиж буй ихэнх оронд ядуу эмэгтэйчүүд хэзээ, хэдэн удаа жирэмслэхээ шийдэж чаддаггүйгээс гадна амаржих үеийн чанартай тусламж үйлчилгээг ч бага хүртдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ажил амьдрал, орлого олох боломж, цаашлаад улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад нь ихээхэн саад учруулдаг. Бидний тооцоогоор Монголд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нийт жирэмслэлтийн 16 хувь нь хүсээгүй болон төлөвлөөгүй жирэмслэлт их байна. Энэ нь эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл дутмаг байгааг илтгэж байна. Хүсээгүй, төлөвлөөгүй жирэмслэлтийн улмаас тухайн эмэгтэй төдийгүй үр хүүхэд нь хэдэн үе дамжсан ядуурлын эргүүлэгт унах тохиолдол бий. Монголд ядуурлын түвшний таван эмэгтэй тутмын ердөө нэг нь л жирэмсний үеийн чанартай үйлчилгээнд хамрагдаж байна. Харин чинээлэг өрхийн хоёр эмэгтэй тутмын нэг нь чанартай үйлчилгээнд хамрагддаг. Энэ бол бидний онцлохыг хүсч буй тэгш бус байдал. Төр засаг хамгийн ард орхигдож буй хүнд амд нэн тэргүүнд хүрч үйлчлэн, эмэгтэйчүүдийг хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо өөрсдөө бие даан шийдэх эрхээ эдлэх чадвартай болгох хэрэгтэй. Энэ бол тэднийг эдийн засгийн баталгаатай болгох чухал арга зам юм. Мөн хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй болгож, эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь чухал байна” гэлээ.

Монголын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн уриалгыг хүлээн авч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулгын үеэр дурьдлаа. Энэ оны эхний найман сарын байдлаар 14 эх, 825 нярай эндэж, 18 мянган эмэгтэй үр хөндүүлсэн тухай мэдээлэл бий. Тиймээс Засгийн газар, ЭМЯ-наас энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллах болсон гэдгийг сайд онцлоод, “Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьд хүрсэн гэсэн судалгаа бий. Ядуурлаас үүдэн олон эмэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор эх, нялхсын эндэгдэл ч буурахгүй байна. Ядуурлын гол шалтгаан бол ажилгүйдэл. Нөгөөтэйгүүр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаатай холбоотой. Монгол Улсын цэцэрлэгийн насны 250 мянган хүүхдийн 60 мянга нь цэцэрлэгт элсэж чадаагүй. Тиймээс шинэ Засгийн газрын хамгийн эхэнд хийх ажил бол бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж, эхчүүдийг ажил хийх боломжоор хангах юм” гэлээ.

Танилцуулгын дараа Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Үр хөндөлтийг бууруулах, хувийн эмнэлгүүдийг цөөрүүлэх чиглэлд ЭМЯ ямар бодлого баримталж байна вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс нэг сая иргэнээ үр хөндөлтөөр алдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ дурьдаж байсан. 18 мянган эмэгтэй үр хөндүүлсэн гэдэг бол зөвхөн улсын эмнэлгүүдээс ирүүлсэн тоо. Хувийн эмнэлгүүдийг бид өнөөдрийг хүртэл хянаж чадахгүй байгаа. Тиймээс нэн тэргүүнд өсвөр насны охидуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл хүргэхэд анхаарах хэрэгтэй болсныг энэ тоо харуулж байна. Нөгөөтэйгүүр хилээр оруулж ирж буй жирэмснээс хамгаалах болон бусад эмийн тухай асуудал байна. Монгол Улсад борлуулж буй эм бэлдмэлийн 14 хувь нь зөвшөөрөлгүй байгаа юм. Тиймээс эмийн асуудлыг хянадаг бие даасан агентлаг байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн УИХ-ын үед хэлэлцэж байсан Эм, эмийн хэрэгслийн тухай хуульд энэ агентлагийн талаар тусгасан ч батлагдаагүй. Хэрэв бид энэ агентлагийг байгуулж чадвал хилээр орж ирж буй эм, бэлдмэлүүдэд хяналт тавих боломж бүрдэнэ.

-Өвлийн улиралд хамгийн тулгамдсан асуудал бол ханиад томуу. Хүүхдийн эмнэлгүүдийн хүртээмжийг сайжруулах чиглэлд тодорхой санал, шийдвэр гарч байгаа юу?

-Бид өмнөх жилийн алдааг давтахгүйн тулд бодлого, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Тухайлбал, улсын эмнэлгүүдэд багтаамж дүүрсэн тохиолдол шинээр 840 ор байрлуулах зохион байгуулалтыг хийсэн. Мөн шаардлагатай тохиолдолд том хүний 392 орыг хүүхдүүдэд ашиглуулах болно. Гэхдээ л 300 мянга гаруй хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүрэгт энэ асуудал маш том эрсдлийг бий болгож байна. Би дээрх хоёр дүүргийн эмнэлэгт очиж, удирдлагуудтай нь уулзсан. Ханиад, томууны дэгдэлтийн үед хүүхдүүдэд чанартай, шуурхай үйлчилгээ хүргэхийн төлөө төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг надад өгсөн.

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд ямар ажил хийх вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зөвхөн иргэдийн үзлэг, шинжилгээ, эмчилгээнд зарцуулах шийдвэр гаргасан. Үүнийг УИХ батлах ёстой. Өмнө нь энэ сангийн хөрөнгийн 50 хувь нь төсвийн бүрэлдэхүүн хэсэгт ордог байсан. Өөрөөр хэлбэл, бусад салбарт хөрөнгө оруулдаг байсан гэсэн үг. Тиймээс энэ жишгийг үе шаттайгаар халж, зөвхөн эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болох юм.

access_time 2017-11-02 14:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt