Ч.Пүрэв: Цагдаа нар хүргэнийг маань зодчихоод 70 давхарт булшлахыг завдсан

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны оршин суугч М.Батжаргалыг дүүргийн хоёр цагдаа нь Далан давхарт аваачиж зодож хаясан талаар тус хорооны оршин суугч 54 настай Ч.Пүрэв манай сайтад хандлаа. Тэрбээр болсон явдлын талаар ийн ярьсан юм.

-Сайн байна уу? Та ямар асуудлаар манай сайтад хандаж байна вэ?

-Өчигдөр буюу 28-ны өдөр манай хүргэн гурван настай ачийгаа хараад гэртээ байсан юм. Хүргэн маань тухайн үед бага хэмжээний архи уучихсан байсан юм билээ. Ингээд эхнэрээ харангаа ачаа дагуулан гудамжиндаа зогсож байтал нь эргүүлийн машинтай хоёр цагдаа ирээд “Согтуу хүн хүүхэд дагуулан явж байна” гээд авч явахыг завдсан байгаа юм. Энэ үед би дэлгүүртээ байсан учир ач маань ихэд айсан байдалтай над дээр ирээд “Өвөөг цагдаа ах авч явах гээд байна” гэж хэлсэн. Ингээд дэлгүүрийн цонхоороо хартал хүргэнийг маань хоёр цагдаа чирчихсэн хүчээр машиндаа суулгахыг завдаж хөлийг нь чихэж, хаалгаа савж хаагаад аваад явчихсан юм. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст рүү авч явж байгаа байх гэж би ойлгоод араас нь яваагүй юм. Гэтэл орой 21 цаг өнгөрч байхад Гэмтлийн эмнэлгээс над руу ярьсан. “Батжаргал гэдэг хүнийг таних уу. Хөл нь хугарч, чихнээс нь цус гараад түргэний машинаар Гэмтлийн эмнэлэгт ирлээ. Та яаралтай ирнэ үү. Бие нь муу байна” гэж хэлсэн. Авч явсан нөгөө хоёр цагдаа хүргэнийг маань Дэнжийн мянгын 75 давхарт аваачиж зодоод оршуулгын газарт хаячихсан байсныг нь азаар хүн мэдэж 103-т дуудлага өгсөн байгаа юм. Хэрэв хүн олж мэдээгүй байсан бол юу болох байсныг ч хэлж мэдэхгүй байна.

-Зодсон хоёр цагдааг та таних уу?

-Тийм ээ. Нэг нь 15-р хорооны Сүхбаатар цагдаа байсан. Цагдаад ч итгэх аргагүй нийгэмд бид амьдарч байгаад үнэхээр гутарч байна.

– Цагдаа нар үнэхээр зодсон гэдгийг яаж мэдэв?

Хохирогч хэлсэн. Мөн өнөө өглөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс манайд ирж “Манай хоёр цагдаа зодсон байна. Сүхбаатар, Батсайхан гэдэг хоёр цагдаа” гэж хэлээд мэдүүлэг аваад явсан. Зодсон газар нь очиж хэмжилт ч хийсэн гэсэн. Нүх ухаад булчихъя гээд хүрз гаргаж ирсэн байгаа юм. Тэгээд хадтай газар таарчихлаа гээд хоорондоо ярьсан гэсэн.

-Хохирогч тэднийг ингэж ярихыг нь сонссон гэсэн үг үү?

-Тийм ээ. Тухайн үед ухаан нь орж гарсан байдалтай байсан юм билээ. Машиныхаа араас хүрз гаргаж ирээд “Хадтай газар таарчихлаа, пизда” гэж хэлээд хаяаад явсан байгаа юм. Амьд явах баталгаа үнэндээ алга. Иргэдээ хамгаалах ёстой төрийн цагдаа нар нь ийм аймшигт хэрэг хийж байхад бид хэнд итгэж амьдрах болж байна.

-Хохирогчийн биеийн байдал ямар байна вэ?

Мөнгөгүйгээсээ болоод тархины бичлэг хийлгэж чадсангүй. Зорилтот бүлгийн ядуу айл л даа. Ядуу айл гэдгийг нь хорооны цагдаа мэддэг мөртлөө аваачиж зодсон. Хөл нь хоёр хугарсан. Тархиндаа гэмтэлтэй гэртээ хэвтэж байна.

Адъяамаа

Zindaa.mn

access_time 2017-10-30 09:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt