13 настай охиныг хүчирхийлж хөнөөсөн хэргийн сэжигтэн Д.Жавхлан, Э.Амарболд гэж хэн бэ?

Бага насны охидыг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг удаа дараа гарч нийгэм бүхэлдээ айдас, бухимдалд автжээ. Хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноохыг олон нийт хүсч, цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарч, цаазын ялыг сэргээх асуудлыг ч тавиад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан бага насны охидыг хүчирхийлсэн хэргүүдэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Учир нь “Очир” төвийн зочид буудлын өрөөнд Л.Майлс охиныг хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарыг хорьж шалгаагүй, удаан хугацаанд гадуур батлан даалтад байлгасан асуудал нь ийнхүү Ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Гэмт хэрэгтнүүдийг гадуур сул чөлөөтэй явуулсныг дахин гэмт хэрэг үйлдэх, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Манай сайтын зүгээс тус хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй залуус хэн болох талаар эрэн сурвалжилж, мэдээллийг дэлгэж байна. Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нартай холбоотой ноцтой мэдээлэл бидэнд олдлоо. Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, дараа онд нь шүүхээс хорих ял сонсчээ.

Д.Жавхлан нь хорих ялаар шийтгүүлж байжээ

Даваагийн Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2.9 жилийн хорих ял сонссон байна. Ингэхдээ Б.Жавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн дөрвөн сарын баривчлах ялыг нэмэгдүүлж, 3.3 жилийн хорих ял сонсгож байжээ. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт хэрэгт буруутгагдсан хоёр залууд зөвхөн дээрмийн хэргээр ял оноосон бол Д.Жавхланг дээрмийн хэрэг үйлдсэн, танхайрсан гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон байна.

Гэхдээ тэд гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул шүүхээс оногдуулсан ял эдлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Б.Жавхланд 3 жил 3 сар , Б.Сүхбатад 2 жил 9 сар, Б.Хаш-Эрдэнэд 2 жил 7 сарын хорих ял тус тус оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг тэдгээрийн эгч Уянга, эцэг Цэнд, эх Цанжид нар болон Сүхбаатар дүүргийн ЦХ-т тус тус хариуцуулсугай” гэжээ.

Д.Жавхлан нарт оноосон шүүхийн тогтоол


Д.Жавхланд оноосон шүүхийн шийдвэрийг хойшлуулсан ч тэрбээр 1.6 жилийн дараа Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжсэн байна. Тэрээр тодорхой хугацаанд хоригдож гарч ирсэн ч томоожоогүй байна. Э.Амарболдтой нийлж байнга архи дарс уудаг, зодоон хийдэг нэгэн гэнэ. Тэд олон жил нөхөрлөсөн багын найзууд аж. Бидэнд олдсон мэдээллээр Д.Жавхлангийн аав Даваа нь шоронд олон жил ял эдлэж, хорих ангид нас барсан гэх мэдээллийг өглөө. Тэднийхтэй ойр амьдарч байсан Б-гийн ярьснаар “Жавхлангийн аав Даваа нь хорих ангид олон жил ял эдэлсэн юм билээ. Хориход нас барсан. Д.Жавхлан харж хандах хүнгүй, өвөөгийндөө голдуу амьдардаг байсан. Хүмүүжил, боловсрол муугаас удаа дараа ингэж гэмт хэрэг үйлдэх үндсэн шалтгаан болсон байх” гэсэн юм. Д.Жавхлан Монтел төв дээр гар утас засдаг байжээ.

Э.Амарболдын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжил, боловсролгүй нэгэн гэнэ. Өнгөрсөн жил гэртээ хүн хутгалж гэмтээсэн байна. Д.Жавхлан, Э.Амарболд нь Дарь-Эхэд амьдардаг. Э.Амарболд нь аавындаа, Д.Жавхлан нь өвөөгийндөө ирж очин амьдардаг байжээ.

Ийм залуучууд охиныг хүчирхийлж онц ноцтой гэмт хэргийг үйлджээ. Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр урьдчилан хорих ангид хорьж, шалгаж байна.

access_time 2017-10-21 20:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt