ШУУРХАЙ МЭДЭЭ: УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ БАЙР АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй болжээ.
Улаанбаатар хотод 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй орчинд амьдарч байна. Тэдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгож буй судалгааг судалгаанд үндэслэн гаргажээ.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санг /АББОСС/ санаалчан байгуулжээ. Уг сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой нутаг дэвсгэрт амьдарч буй 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөргүйгээр байртай болох боломжтой болсныг Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр /2017.06.16/ мэдээллээ.

БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь дөрвөн бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохоирсон бодлого боловсруулан ажиллаж эхэлжээ.

Агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүсэд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, хоёрдугаар бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагдаж буй бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТ, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл нарийн ширхэгт тоосонцор агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгджээ.

Дээрхи бүсэд хамрагдаж байгаа айлууд өөрийн өмчилж авсан газраа барьцаалж 70 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг худалдан авах боломжтой болж байгаа юм байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Төлөвлөлтгүй тэлсэн гэр хороолол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод байна. Нийслэлийн 800 мянга орчим хүн орон сууцаар хангагдаж чадаагүй орчин нөхцөлд амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод борлогдоогүй орон сууц нэлээдгүй байна. Бид судалгаа хийж үзэхэд арилжааны банкууд болон барилгын компаниуд иргэдэд зээлээр орон сууцаа өгөх хүсэлтэй байдаг ч нөгөө талд иргэд орон сууцныхаа урьдчилгааг төлж чадахгүй, 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэр хорооллын иргэдийн хувьд байгаа хөрөнгө нь өмчилж авсан газар байдаг. Тэгэхээр өмчилж авсан газраа барьцаалж байрны урьдчилгаа төлөлгүй орон сууцтай болох боломжийг Улаанбаатар хотын зүгээс олгож байна” хэмээлээ.

Иргэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санд өөрийн өмчилж авсан газраа барьцаанд тавина. Ингэснээр орон сууцны урьдчилгаа төлбөрийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сангаас/АББОСС/ гаргуулж авах аж.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын төсвөөс 5 тэрбум төгрөгийн зардал гаргаж, орон сууцны санг бүрдүүлж байгаа аж. Цаашид гадаад орны байгууллагын зээл, улсын төсөв, нийслэлийн төсөв, олон нийтийн хандиваар сангийн хөрөнгийг үүсгэх юм байна. Таван тэрбумийн төсвөөр 250 айлд орон сууцны урьдчилгаа төлбөргүй байртай болох боломжийг олгох аж.

Орон сууцны сан бий болсноор тухайн зээлд хамрагдаж байгаа айлууд яндангаа хураалгаад газраа барьцаанд тавих тул агаарын бохирдол буурах бодитой үр дүнтэй гэдгийг Нийслэлийн Засаг дарга хэлэв. Мөн гэр хороололд газар чөлөөлөлт бий болно. Ингэснээр Улаанбаатар хотод газрын сан бий болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

Хэвлэлийн хурлын дараа Нийслэийн Засаг дарга С.Батболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Иргэд газраа барьцаалаад буцаан авах боломжтой юу?

-Нийслэлийн газрын санд нийлүүлэгдэж байгаа газруудыг цаашид нийгмийн бүтээн байгуулалтын ажилд ашиглана.

-Тэгэхээр иргэд газраа барьцаалах биш худалдаад байртай болно гэсэн үг үү?

-Газрыг нь худалдаж авч байна гэж ойлгож болно. Газраа зараад байраа ав л гэсэн үг. Бүр бүдүүлгээр тайлбарлавал яндангаа Нийслэлд хураалгаад газраа барьцаалаад орон сууцанд ор гэсэн үг юм. Гэхдээ энэ бол иргэдийн сонголт. Бид тулган шаардахгүй.

-Ийм нөхцлөөр байранд орох гэхээр ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй тохиолдолд яах вэ?

-Судалгаанаас харахад орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь урьдчилгаа төлбөр хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт унаж байна. Тиймээс байгаа газраа хотдоо барьцаалаад орон сууцтай бол гэдэг нөхцлийг тавьж байгаа. Газраа барьцаалаад урьдчилгаагаа хотоос гаргуулсан айлуудад ипотекийн зээлд хамруулж болно гэдэг саналыг бид тавьж байгаа. Иргэд орон сууцны компани, ипотекийн зээл олгох арилжааны банктайгаа тохиролцоонд хүрээд ирэхэд Нийслэлээс урьдчилгаа төлбөрийг асуудалгүй гаргаж өгнө.

-Газрыг хэрхэн үнэлж, барьцаалах вэ?

-Иргэн 20-40 сая төгрөгийн урьдчилгааг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сангаас гаргуулж авах боломжтой.

-Энэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Газраа барьцаалах хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-НЗДТГ-т хандана. Бид журмаа өнөөдөр батална. Тиймээс маргаашнаас газар барьцаалан орон сууцтай болгох ажил эхэлнэ.

-Энэ жил цаашид үргэлжлэх үү?

-Энэ ажил цаашид тогтвортой үргэлжилнэ. Одоогоор НИТХ-аас надад таван тэрбум төгрөгийн төсөв батлаад өгсөн. Эхний ээлжинд энэ мөнгөний хүрээнд урьдчилгаа төлбөргүйгээр 250 айл орон сууцтай болох бололцоотой байгаа юм. Энэ айлууд агаарын чанарын 1-2-д хамрагдаж байх ёстой. Нийслэлд худалдаалагдаагүй 35 мянган хоосон орон сууц байгаа. Аль ч байранд орох нь иргэдийн сонголтын асуудал.

access_time 2017-10-21 18:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt