Украины эсрэг түрэмгийлэл, үр дагаврын талаар

2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр дэлхийн түүхэнд Европ тивд Орос улс дахин дайн дэгдээсэн хар өдөр гэж тэмдэглэгдэнэ. Оросын Украины эсрэг шалтгаангүй түрэмгийлсэн нь олон улсын эрх зүй, дэг журам болон НҮБ-ын дүрмийг зөрчиж, дэлхийн энх тайван, Европ төдийгүй даян дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл юм. Түүнчлэн Украины ард иргэд нөхөж баршгүй хохирол учруулж буй бусармаг явдал юм.

Ямар нэгэн аюул заналхийлэл үзүүлээгүй, тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдалд Орос халдаж, Украины аюулгүй байдалд баталгаа гаргасан 1994 оны Будапештын меморандумаа зөрчлөө. Оросын эрх баригчид дайныг нэн даруй зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой. 21-р зуунд ийнхүү хүчээр далайж, эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрч хэрхэв ч болохгүй. Энэ бол “Барууныхны эсрэг Оросын тэмцэл” биш, харин ерөнхийлөгч Путины олон улсын эрх зүй, дэг журам, дэлхийн энх тайвны эсрэг дайн юм.

Үг бүр утга учиртай. Цэргийн тусгай ажиллагаа хэмээн Оросын нэрлэсэн энэ дайнд амь насаа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн гашуудаж, олон зуун эхийн нулимс урсаж байна. Оросын энэ үйлдлийг санаатай эзлэн түрэмгийлэл гэхээс өөрөөр тодорхойлох боломж байхгүй.

Орос улс болон холбоотон Беларусь улс энэ дайныг эхлүүлж, гэм зэмгүй иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэж, тэдгээрийн орон гэрийг сүйтгэж эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй болгосныхоо төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Оросын цэргийн хүчнийхэн олон улсын дэг журмыг зөрчиж энгийн ард иргэдийн эсрэг задардаг сум болон хэт халуунаар устгах зэвсэг ашиглаж байна.

Эх орныхоо төлөө, бидний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөө, ардчиллыг хамгаалж буй Украины ард иргэдийн эр зориг бид хүндэтгэж байна. Украины Монгол Улсын нэгэн адил ардчилсан, чөлөөт эдийн засгийг сонгоод 30 гаруй жилийг замнасан бөгөөд тэдэнд өөрсдийн холбоотноо сонгох эрх бий. Европын Холбоо, гишүүн болон түнш орнуудын хамт нэгдсэн зохицуулалттай улс төр, санхүү, бараа бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно. Оросын түрэмгийлэл зогсмогц ардчилсан Украин Улсыг сэргээн босгоход бид дэмжлэг үзүүлэх болно. Бид Орос болон Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ улам чангатгахад бэлэн байна.

Украины эсрэг энэхүү бүрэн хэмжээний зэвсэгт түрэмгийлэл нь олон гэм зэмгүй иргэдийн амийг авч, олон сая хүмүүсийг орон гэргүй болгож, эх орноосоо дүрвэхэд хүргэн хүмүүнлэгийн хямралт нөхцөл байдал үүсгээд байна. Украинаас дүрвэж байгаа бүх хүмүүст үүнд Украины иргэн буюу гуравдагч улсын иргэн байхаас үл хамаарч Европын холбоо, түүний гишүүн болон түнш орнууд хүмүүнлэгийн туслалцаа болон иргэний хамгаалалт үзүүлнэ. Энэ бол Европын холбооны гишүүн ба гишүүн бус бүх европчуудын нэгдсэн хариу арга хэмжээ, байр суурь юм. Монгол Улсын Засгийн газар Украинд байгаа иргэдээ яаралтай гаргасан билээ. Энэхүү түрэмгийлэлд өртсөн хүмүүст ямар ч ялгаваргүйгээр туслалцаа үзүүлэхэд бид бэлэн байна.

Бид томоохон хоригуудыг тавьсан бөгөөд цаашид ч нэмэлт хориг арга хэмжээ шуурхай авахад бэлэн байна. Европын холбооны хориг арга хэмжээнүүдийг холбоотон болон түнш орнууд нягт холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Одоогоор 40 гаруй улс орон Европын холбооны хориг арга хэмжээг хэсэгчлэн болон бүрэн хэрэгжүүлж байна. Үүгээрээ олон улсын хамтын нийгэмлэг зэвсэгт түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Европын холбооны хориг арга хэмжээнүүдийн зорилго нь ерөнхийлөгч Путины дэглэмийн дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлах юм. Хориг арга хэмжээнд Оросын ард иргэд нэрвэгдэж байгаа ч бидний зорилтот бай бол тэд биш харин ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн юм.

Түрэмгийллийг зогсоож, дэлхийн эдийн засаг, аюулгүй байдалд үзүүлэх хор хохирлыг бууруулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт шаардлагатай болохыг саяхан болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган батлан харуулсан билээ. Дайныг зогсоох олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг хангахад Монгол Улстай хамтран ажиллахад бид бэлэн байна.

Орос улс мэдээллийг илтэд гуйвуулж, бодит үнэнийг нууж байгаа нь бид бүхний эсрэг чиглэсэн зэвсэг юм. Монгол Улс ч үүнд мөн өртөж байгаа. Монгол Улс эрх чөлөөтэй, бие даасан хэвлэл мэдээллээрээ дамжуулж олон нийтийг хараат бус эх сурвалжийн мэдээллээр хангах бүрэн боломжтой. Европчууд бид Оросын үнэн бодит байдлыг илчлэнэ

Европын холбоо олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Covid-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын нэгдмэл байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх, хямралын зохицуулалт зэрэг чухал хоёр болон олон талт асуудлаар бүх улс/түншүүдтэйгээ идэвхтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн дайн, дэлхийн олон улс орнууд, ялангуяа хүнс, бордоо, эрчим хүчний хувьд Оросоос ихээхэн хамааралтай Монгол зэрэг улсуудад сөрөг нөлөө хэдийн үзүүлээд эхэлжээ. Энэ дайны улмаас эдийн засагт учруулах хор хохирлоос урьдчилж сэргийлэхийн тулд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй бид хичээнгүйлэн хамтран ажиллаж байна.

Шатахуун, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өсөж байгаа нь Европын холбооны хоригоос бус харин Оросын Украины газар нутагт хийж буй түрэмгийлэл, зэвсэгт үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тодорхой байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр элсээд 60 жил, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн Монгол Улс хүмүүнлэгийн коридор байгуулахад зайлшгүй нөхцөл буюу нэн даруй гал зогсоох бидний санаачлагад нэгдэхийг уриалж байна. Хүмүүнлэгийн коридорыг талууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх ёстой.

Дайныг зогсоо. Эрх чөлөө ялна дийлнэ. Бид Украинтай хамт.

Эх сурвалж: Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар

access_time 2022-03-23 19:33

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt