ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИУД

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу гуравдугаар сарын 15 буюу ирэх Мягмар гаригт нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар Монголын улс төрд реформ хийх томоохон хуулийн төслүүд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнө нь тогтоосон. Одоо намрын чуулганаар хэлэлцэж байгаад үлдсэн Нийгмийн даатгалын тухай, Боловсролын тухай багц хуулийн төсөл зэрэг томоохон хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИНА


Улс төрийн хүрээнд олон жил хэлэлцүүлж, ярьж ирсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах шатандаа явж байна. Энэ төслийг чуулган эхэлмэгц өргөн барина гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ажиллаж байна. Парламентад суудалтай намууд болон бусад нам, эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын төлөөлөл төслийг боловсруулах ажлын хэсэгт багтжээ. Удаан дуншсан хуулийн төслийг шинэчлэх нь авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, намын санхүүжилт хандивыг ил болгох зэрэг олон чухал асуудлыг шийдэх ач холбогдолтой билээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЯРЬЖ БАЙНА

Нийгмийн анхаарлын төвд байгаа Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсэг шалгалтын хүрээгээ өргөтгөх санал гаргасан. Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх, сайжруулах, олон асуудлыг шийдэх шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд илэрхийлсээр байна. Тэд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд шалгалтын Ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх санал дэвшүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөжээ.

УИХ дахь сөрөг хүчин ч энэ талаар УИХ-ын Түр хороо байгуулах уриалга гаргаад буй. Түр хороо байгуулахыг хуулийн дагуу 19 гишүүн дэмжих ёстой. Хэрвээ дэмжигдвэл Хөгжлийн банкинд шалгалт явуулж, гэрчээр дуудах, нотлох баримт цуглуулах зэрэг давуу эрхтэй болох юм.

ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРМАГЦ ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН АСУУДАЛ СӨХӨГДӨНӨ

Чуулган эхэлмэгц хаврын улс төр эхэлж, сайд нарын халаа сэлгээ, Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудал хөндөгдөх юм. Тухайлбал, АН-ын хоёр гишүүн давхар дээлийн асуудлаар Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч улс төр бужигнаж, сайд нарын халаа сэлгээ эхлэх юм. Мөн шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар түр хугацаагаар давхар хариуцуулж буй.

Дээрх хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг томилжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам газрын дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Энэ удаагийн хаврын чуулганаар Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон жил яригдсан хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийг зөөлрүүлж, торгодог айлгадаг байдлыг засна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжсэн хуулийг эргэн хараад шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах нь зөв гэж үзсэн.

Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байна. Хоёрдугаарт, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн хуультайгаа уялдуулж байна. Зөрчил шалгадаг эрх бүхий 11 мянган албан тушаалтан Зөрчлийн хэргийн дугаар авахдаа прокурорын байгууллагад ханддаг байсныг цахимаар авдаг болох томоохон өөрчлөлт оруулж байна. Шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан” гэв.

access_time 2022-03-10 10:19

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt