Хөгжлийн банкийг шалгах түр хороог УИХ-ын дарга дэмжихээр болов

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийх үеэр хяналт шалгалтыг өргөжүүлж, УИХ-ын гишүүдээс бүрдсэн түр хороо байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар багтсан.

Хяналт шалгалтын түр хорооны талаар Б.Пүрэвдорж гишүүн хэлэхдээ “УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороо байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно” гэж онцолж байв. Өөрөөр хэлбэл, түр хороо байгуулагдсанаар гишүүдийн хувьд мөрдөн шалгах, баримт цуглуулах, үе үеийн удирдлагуудыг дуудаж байцаах эрхтэй болох юм.

Ажлын хэсгийн гишүүд хяналт шалгалтын түр хороо байгуулах саналаа УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар Түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Хяналт шалгалтын түр хороо байгуулах саналыг хувийн зүгээс дэмжиж байна. Ажлын хэсэг хоёр хуваагдсан байна лээ. Нэг хэсэг нь заавал хяналт шалгалтын түр хороо байгуулж, зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг ярилцаж, ард иргэд мэдээлэл хүргэж, нээлттэй сонсгол хийх санал санаачилгатай байна. Одоогоор ажлын хэсэг төслийн газар дээр нь очиж хяналт үзлэг хийж байна. Жишээ нь, хуурай сүүний үйлдвэр байгуулсан юм уу, үгүй юу гэх мэт.

Ажлын хэсгийн гишүүдийн эрх мэдэл хүрэхгүй байгаа учраас Хяналт шалгалтын түр хороо байгуулах саналтай байна. Бид Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр зарласан. Нээлттэй сонсгол хийгээд, түр хороо байгуулж болно. Үүнийг ажлын хэсэг мэднэ. Үнэхээр зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллага шалгаж, ял шийтгэл оногдуулна. Улс төрийн нөлөө орсон байна уу, эсвэл Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн байна уу гэдгээр нь ялгаж салгаж шийдвэрлэнэ” гэв.

access_time 2022-03-04 11:10

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt