Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай

Энэ сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгөх шийдвэр гаргасан. Тухайн цэцэрлэгээс асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэж байгаа ч энэхүү шинжилгээнээс болж эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ удаан хугацаанд оочерлож, халдвар тархах эрсдэл үүсгэжээ. Бид энэ мэдээллийн дагуу өнөөдөр хуваарийн дагуу шинжилгээ авч байгаа цэгүүдтэй холбогдож, газар дээр нь очиход ачаалал их байв. Албаныхан “Аль болох удаан оочерлуулахгүй зохицуулалт хийж ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.

БОЛОВСРОЛЫН ГАЗРААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БИШ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭЭР ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН

Цэцэрлэгийн танхимын сургалтад эхний ээлжид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож, бүлгийн зохион байгуулалт хийж байгаа бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах аж.

Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэж буй эсэх талаар цэцэрлэг дээр ажиллаж буй хүмүүсээс тодруулахад “2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ” гэв.

Яагаад дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр шаардлагатай шинжилгээ өгөхгүй, зориулалтын бус орчинд шинжилгээ авч байгаа талаар асуухад “Халдвар хамгааллын дэглэм сахиж, эмнэлгийн бус орчинд авах нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв хичээл сургалт эхлэх гэж байхад хүүхэд халдвараар өвдвөл бусад хүүхдэд тараах өндөр эрсдэлтэй” гэж хариулав.

Бага насны хүүхдүүд танхимаар хичээллэх үед нэг бүлгээс халдвар илэрвэл тухайн хүүхдийг гэрийн эмчилгээнд шилжүүлж, анги, бүлгийг улаан бүсэд тооцож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж магадгүй байна. Энэ талаар нэгдсэн чиг үүрэг ирээгүй аж. Хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлж байгаа цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг энэ сарын 18-наас 24-ний өдөр бүртгэх юм байна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ шууд бүртгэх зарчмаар хүүхдийг бүртгэж авах юм байна.

Эцэг, эхчүүдийн зүгээс “Хүйтэнд ийм утгагүй хэлбэрээр, цагийг нь тулгаж шинжилгээ авч байгаа нь буруу. Аль, аль талдаа эрсдэл учруулсан үйлдэлдээ зохион байгуулалт хийх хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс бол бас яая гэх вэ. Өглөөнөөс эхлээд өчнөөн жоохон хүүхдийг оочерлуулж, чирэгдэл учруулж байгаад бухимдаж байна” гэлээ.

4-5 НАСНЫ 41 МЯНГАН ХҮҮХДЭЭС ШИНЖИЛГЭЭГ ХУВААРИЙН ДАГУУ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Мөн “Ямартай ч нийслэлийн боловсролын газраас зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болгосон. Танхимын хичээл эхлэх гэж байгаа учраас амралтын өдрүүдэд ч шинжилгээ авна. Эцэг, эхчүүд хүсвэл төлбөртэй лабораторид өгсөн ч болно гэсэн юм.

Одоогийн байдлаар 4-5 насны нийт 41 мянга гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдах төлөвлөгөө гаргасан. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн Эрүүл мэндийн төвүүдийн баг хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээ авч эхэлсэн.

Хан-Уул дүүрэг дээр өчигдөр зохион байгуулалт алдагдсан жишээ гарсан. Үүнийг яаралтай өөрчилж, халдвар хамгаалалт талаасаа болон хүүхэд, эцэг эхэд эрсдэл учруулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Тухайн дүүрэг, хорооны оршин суугчийн тооноос хамаарч ачаалал харилцах адилгүй байгаа. Мөн зарим цэцэрлэг дээр бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг гадаа очерлуулж болохгүй, аль болох ачаалал үүсгэхгүй зохион байгуулах чиглэл өгсөн” гэсэн тайлбар өглөө.

Дүүргүүдийн хувьд нэгдсэн зохион байгуулалт хийж, цагийн хуваариар цэцэрлэгүүд дээр ажиллахаар цаг, өдрүүдийг товложээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 22, 61, 167, 302 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 5, 7, 19, 33 дугаар цэцэрлэг дээр шинжилгээ авч байна. Хэрэв та өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгийн шинжилгээ авах хуваарийг мэдэхгүй бол дараах утас руу холбогдож мэдээлэл авах боломжтой.

Нийслэлийн Боловсролын газар – 70113032
Баянгол дүүрэг – 76119595
Баянзүрх дүүрэг – 70104005
Сүхбаатар дүүрэг – 70111606
Чингэлтэй дүүрэг – 11-315442
Хан-Уул дүүрэг – 11-342472
Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
Багануур дүүрэг – 70213815
Багахангай дүүрэг – 99989669
Налайх дүүрэг – 70233008

access_time 2022-02-11 14:39

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt