Солонгос салфеткийг гоо сайхны зориулалтаар ашиглахгүй байхыг зөвлөв

 

БНСУ-д үйлдвэрлэгдэж Монголчуудын өргөн хэрэглээний барааны нэг болоод буй ногоон ууттай салфеткийг хорт бодис агуулсан тул хэрэглэхээс татгалзах уриалга цахим ертөнцөд тараад байна. Үйлдвэрлэгч улс нь ч энэ бүтээгдэхүүнээ худалдаанаас буцаан татаж буй талаар ч яригдсан. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ мэдээлэл худал гэдгийг хэллээ.

БНСУ нь “Cosmetic act” буюу Гоо сайхны салбарт мөрдөх шинэ хуультай болсон байна. Шинээр мөрдөгдсөн энэ хуульд нойтон салфетикт тавих шалгуурыг чангатгасан аж. Ингээд тухайн шинэ хуулийнхаа дагуу ногоон ууттай савлагдсан нойтон салфетикийг шинжлэхэд хэт мэдрэг арьстай хүнд харшил, улайлт өгөх, загатнаж болзошгүй ариутгал халдваргүйтгэлийн бодисыг агуулсан байжээ. Тэр бодисын агууламж нь 0.0015-аас их байвал хэрэглэсний дараа усаар угааж зайлах ёстой. Гэтэл дээрх нойтон салфетик нь хэрэглэсний дараа усаар угаадаг бүтээгдэхүүн биш мөртлөө ариутгал халдваргүйтгэлийн бодис нь 0.007 хувийн агууламжтай гарчээ.

БНСУ-д Гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мөрдөгддөг шинэчлэгдсэн хуульд ахуйн хэрэглээний нойтон салфеткийг гоо сайхны бүтээгдэхүүний ангилал руу оруулсан байна. Иймээс л ногоон уутны савлагаатай нойтон, ариун цэврийн цаасыг гоо сайхны бүтээгдэхүүний төрөлд ашиглахад эрсдэлтэй гэж тус улсын БНСУ-ын хэрэглэгчийн агентлаг дүгнэсэн гэж МХЕГ-аас мэдэгдлээ. Мөн БНСУ-ын Хэрэглэгчийн агентлаг ногоон уутны савлагаатай нойтон салфеткийг хэрэглэхдээ заавар, орцыг нь сайн унших, задласнаас хойш гурван сарын дотор хэрэглэхийг иргэддээ зөвлөсөн байна.

Хэрэв хүний амь насанд халтай, шууд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэнгүүт хорддог нь тогтоогдвол улс бүрийн хяналтын байгууллагад мэдэгддэг олон улсын мэдээллийн байгууллага ажилладаг аж. Энэхүү олон улсын байгууллагаар сэрэмжлүүлэг мэдээ цацагдангуут МХЕГ анхааралдаа авч хортой бодис агуулсан худалдаанд байгаа тухайн бүтээгдэхүүнийг шинжилж, бүгдийг нь хураан устгадаг гэлээ.
Эх сурвалж: МХЕГ

access_time 2017-10-10 14:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt