Хөл хориог амралттай андуурахаа болино уу

Засгийн газраас онцгой нөхцөл байдлын хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа. Гэвч өнгөрсөн өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ дагуулан тоглоомын төв, сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн тохиолдол олон байлаа. Коронавирусийн эрсдэлээс гадна томуугийн дэгдэлт өндөр байгаа энэ үед хөл хорио тогтоогоод байхад эцэг эхчүүд дур мэдэн хүүхдээ энэ мэтээр олон хүнтэй газраар үйлчлүүлэхийг байх ёстой юм.

Хөл хорио гэдэг бол хүүхдийг амрааж байгаа хэлбэр биш. Тэднийг болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж гадаад орчноос тусгаарлаж байгаа хэлбэр. Гэтэл хариуцлагагүй эцэг эхчүүд үүнийг амралт мэт ойлгон хүүхдээ олон хүн цугласан газраар хэнэг ч үгүй дагуулж явсан тохиолдол амралтын өдрүүдэд цөөнгүй гарсан.

А.Амбасэлмаа: Хөл хориог амралт гэж ойлгож, хүүхдээ гадуур дагуулж явах нь буруу

ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “Сургуулийн хүүхэд өвдөөгүй байхад хөл хорио тогтоолоо гэх асуудал сошиалаар явж байна. Гэхдээ сургуулийн хүүхэд, залуус өвчлөлийг хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд гэртээ байгаа бага насны хүүхдүүдэд халдаадаг гол тараагч эх үүсвэр. Тиймээс эдний хөлийг жаахан хямгадахаар гэрт байгаа бага насны хүүхдийн халдвар багасдаг. Бидний авсан арга хэмжээ цаг үеэ олсон оносон зүйл”

Ням гарагт гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа автомат болон цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох албан шаардлагыг харьяа дүүргүүдийн хэлтсээрээ дамжуулан хүргүүлсэн байна. Энэ дагуу үзвэр үзвэр болон кино театрууд, автомат тоглоомын төвүүд түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан.

Гэвч хөл хорио тогтоочхоод байхад энэ мэтээр сургуулийн сурагчид хараа хяналтгүйгээр гадуур гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ дагуулж явахдаа амны хаалт зүүлгэлгүй авч явж байгаа ч тохиолдлууд байна. Тиймээс эцэг эхчүүд хариуцлагаа өндөржүүлж хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд түр зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулахыг мэргэжлийн байгууллагуудаас эцэг, эх, асран хамгаалагчид хандан анхааруулж байна. Учир нь гэртээ хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүд галын аюулд өртөх, бага насны хүүхэд химийн бодист хордож гаднын биет залгих, халуун ус, тогоонд түлэгдэх зэрэг эрсдэл өндөр байдаг байна.

Сурагчийн амралтын үеэр бага насны хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх, тохиолдол нэмэгдэг болохыг Цагдаа болон эмнэлгийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Өмнөд хөршөөс эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг улс орон даяар зогсоосон. Ингэснээр 2-16 насны хүүхдүүд өдрийн туршид гэртээ өнжих болж байгаа юм.

Д.Оюун: Хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгддэг

НЦГ-ын хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн Д.Оюун “Сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбоотойгоор бага насны хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж, бэртэх нь ихэсдэг. Учир нь хүүхэд харгалзах хүнгүйгээр олон цагаар үлдэх тохиолдол ихсэн үүнтэй холбоотойгоор халуун тогоонд түлээгдэх, өндрөөс унах, хоол хүнсний дутагдалд орох, халуун хүйтнээс хөл гарах нь хайрагдах зэрэг олон төрлийн эрсдэлүүд бий. Түүнчлэн хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь түгжилгүй орхисноос үүдэн хүүхэд ахуйн хэрэглээний зүйлс авахаар дэлгүүр явах замдаа зам тээврийн осолд өртөх гэх мэт олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Тиймээс эцэг эхчүүд үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ хүүхдээ олон цагаар гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээж байгаа бол ойр орчмын хүндээ захих, аюулгүй байдлыг нь хангах зэргээр хүүхдэд эрсдэлтэй бүхнээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна”

ЭХЭМҮТ-ийн ЯТТ-ийн тасаг ахуйн хүрээнд бэртгэж гэмтсэн гэх шалтгаанаар хандаж байгаа тохиолдлын дийлэнх нь химийн хорт бодис болон эмийг их тунгаар хэрэглэсэн, гаднын жижиг биет залгисан гэгддэг байна. Харин гэр хорооллын өрхийн хувьд цахилгааны аюулгүй байдал хангагдаагүйгээс болон хүүхдүүд дур мэдэн галлагаа хийснээс угаартах, бүр галд өртөх эрсдэл нэмэгддэг гэж байна.

Б.Бат-Амгалан: Хүүхэд химийн бодис, эмэнд хордсон болон гаднын жижиг биет залгисан тохиолдол элбэг байна

ЭХЭМТ-ИЙН ЯТТ-ийн эрхлэгч Б.Бат-Амгалан “Эцэг эхчүүд бага насны хүүхдээ нэгээр нь харуулаад үлдээдэг. Энэ тохиолдолд хүүхдүүд гэртээ байгаа даралт, ханиадны эм, Д витамин олноор нь уух, химийн бодис буюу сав угаагч шингэн, белизна уух зэргээр ирэн ходоодоо угаалгаад тусламж үйлчилгээг аваад буцдаг. Түүнчлэн хүүхэд гэртээ байгаа гаднын биет залгидаг тохиолдлууд байна. Энэ бүхэн эцэг эхийн хараа хяналт, амьдралын хэв шинжийн маягтай илүү хамаараалтай зүйл”

Г.Нэргүй: Галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хүүхдийг харгалзах хүнтэй үлдээх шаардлагатай

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Манайхан их хэнэггүй юм. Бага насны хүүхдээ гэртээ цоожлоод хонгоор шахуу явдаг тохиолдлууд байна. Энэ бол байж болохгүй зүйл. Түүнээс үүдэлтэй эрсдэлүүд их бий. Мөн галлагаатай холбоотой асуудал дээр бага насны хүүхдүүдэд даалгахгүй байх дээр эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй”

Тиймээс эцэг эхчүүд аль болох хүүхдээ насан хүрсэн том хүний хараа хяналтад байлгахыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

access_time 2020-01-30 11:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt