Амь амиа бодоорой …

БНХАУ-ын Ухайнь хотод гарсан корона вирустэй холбоотой Улсын онцгой комисс 1 сарын 24-ны өдөр хуралдан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргав. Араас нь их дээд сургуулиудын үйл ажиллагааг ч зогсоов. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, онц шаардлага байхгүй бол гэрээсээ гарахгүй байх анхааруулга хэвлэл мэдээллээр байнга өгч байх цаг дор 1 сарын 27-ны өдөр Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа хийж олон нийтийг гайхшралд оруулж дургүйцлийг нь ихээхэн хүргээд авав.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой худалдан авалт нэмэгдэж улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн эргэлт хийгдэх тооцоог хийжээ.

Энэ бол бизнес эрхлэгч ААН-үүдийн хувьд таатай боломж. Гэтэл Төрийн ордон худалдааны төв болж бизнесийн салбарынхны үзэсгэлэнгийн танхим хоосорчээ. Үүнээс болж үйлдвэрлэгчид сарын түрээс хийсэн лангуун дээрээ бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүйд хүрээд байна.

Тухайлбал, И-март худалдааны төвийн зургаан давхарт 200 орчим лангууг Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар зассан ч өнөөдөр тав хүрэхгүй лангуунд бараа өрөгджээ. Үүний шалтгаан ордны үзэсгэлэнтэй холбоотой байж мэдэх юм. Уг нь аймаг аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид томоохон худалдааны төвүүдэд сарын 800-2,4 сая төгрөгийн хооронд лангуу түрээслэж өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахаар орон нутгаас нийслэлд ирсэн гэх. Гэтэл худалдааны төвд биш төрийн ордондоо “лангуу” нээчихнэ гэж хэн мэдэх билээ.

Төрийн ордонд нийт 136 ААН өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ төрийн томчууддаа танилцуулж байгаа аж. Уг нь бидний санахын Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг энэ ордныхон хамаад дээгүүрээ авчихсан гэлцдэг. Гэтэл өдгөө мөнчгөрөөрөө арайхийн хөл дээрээ зогсож буй жинхэнэ “ЖДҮЧИД” маань хаалттай ордонд нээлттэй худалдаа хийгээд суух нь нэг л жигтэй. Нөгөө талаас харвал халдварт вирусийн дуулиантай энэ цаг дор хүндэт түшээд маань худалдаачдаа цуглуулаад өөрсдөө сар шинийн бэлтгэлээ базаасан байгаа бололтой.

Бусдад тавьдаг шаардлагатаа өөрсдөө тэнцдэг байгаасай.

access_time 2020-01-30 11:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt