Гишүүдэд “хуралдаа суу” гэж мессеж илгээхэд сар бүр 1.5 сая төгрөг зарцуулдаг

 

Хямрал, хэмнэлт” гэдэг хоёр үг ойрын өдрүүдэд хэвлэлийн нүүрнээс салахаа байлаа. Улс орны эдийн засаг үнэхээр хүндэрчихээд байгаа учраас хямралын тухай ярих нь зөв. Хямралаас гарахын тулд хэмнэлт хийх нь ч зөв юм.Гэвч хэмнэлт, таналт зөвхөн буруу газраа л явагдаад байх шиг санагдах боллоо. Өөрөөр хэлбэл хямралд ноцтойгоор өртчихөөд байгаа иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг төр засгаас авч хэрэгжүүлж байна.

Гэтэл төрийн ордон дотор хэмнэчихмээр, таначихмаар олон санхүүжилтүүд харагдах юм. Жишээлбэл, УИХ-ын гишүүдэд хурлын зар, мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаарын утаснаас гишүүдийн утас руу мессеж хүргүүлдэг бөгөөд үүний төлбөр болох 1.45 сая төгрөгийг төсвөөс гаргаж Мобиком корпорацид шилжүүлэх тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийг хэвлэлүүд онцолжээ.

Гишүүдийг хуралдаа ирээч гэж гуйж мессеж явуулсны төлөө сар бүр төсвийн урсгал зардлаас 1.5 сая төгрөг Мобиком корпораци руу шилждэг байх юм.

Энэ бол маш илүү ажил. Хурал чуулгандаа суух нь гишүүдийн үүрэг. Тэд Монголчуудыг төлөөлж, үгийг нь дамжуулахын төлөө гишүүнээр сонгогдсон. Түүнээс тэднийг хүчээр аваачаад суулгачихаагүй. Тиймээс хуралдаа сууна уу, таслаад яваад байна уу хэнд ч хамаагүй зүйл. Бид өдөр бүр ажилдаа 8.00 цагт ирдэг. Хүүхдүүд ч өдөр бүр сургууль цэцэрлэгтээ тогтсон цагтаа очдог. Гэтэл манай төрийн түшээд гэхээр л утсандаа мессеж авч урьж залуулж байж ажлаа хийдэг нь хэний санаачилсан яадаг тансаглал вэ.

Мөн эрхэм гишүүдийн насны ойд зориулж төсвийн урсгал зардлаас хөрөнгө мөнгө зарлагаддаг байх юм. Жишээ нь, энэ сард Ц.Нямдорж гишүүн 60 нас хүрч байна. Харин түүний насны ойд зориулж УИХ-ын Тамгын газраас мөнгө аяга, тавгийн идээ зэргийг өгөх юм байна л даа. Ганц мөнгөн аяганы мөнгө гишүүдээсээ харамлах нь юув. Гэвч энэ бол бас л нэг тансаглал.

Төрийн ордноос хойш нэг км хүрэхгүй яваад талхаа таллаж идэж буй сонгодог жишээг олж харах болно. Гэтэл төрийн ордонд эрхэм гишүүний насны ой гээд л мөнгө аяга өгч тансагладаг байж болмооргүй. Хэмнэлт тун энгийн зүйлээс л эхлэнэ. Хямралтай байгаа юм чинь гишүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж, аяга таваг өгдөгөө түр болчих л доо. Спикер чуулганы индэрээс нэг удаа баярын мэндчилгээ хүргэчихэд болмоор.

Одоо бүгд л гар утсандаа 3G асаачихсан яваа. Тиймээс үнэгүй интернет гэгч зүйлийг ашиглаад хурлын зараа хүргээд байсан ч болохоор. Шийдэл харвал гарц үргэлж байдаг гэдэг шүү дээ. Заавал гишүүдийг хуралдаа суу гэж дуудахын тулд сар бүр сая гаруй төгрөг зарлагадах шаардлага байхгүй л санагдах юм.

access_time 2017-10-10 13:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt